Хүйтний эрч чангарч, түлшний хэрэглээг даган өрнөдөг утааны улирал эхэллээ. Өвлийн эхэн сараас л Улаанбаатарчуудын толгойны өвчин болдог зүйл бол хотын утаа. Жилийн жилд л ярьдаг, хэлэлцдэг утааны асуудлыг дагаад улс төрчид ч сонгууль болгоноор л утааны асуудлыг шийднэ хэмээн уралдан амлаж ирсэн юм.
Нийслэлийг утаанаас салгахаар Засгийн газар гэр хорооллыг сайжруулсан түлшний хэрэглээнд шилжүүлсэн бол өнөөдөр агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарчуудын зовлон биш орон нутгийнханд ч шийдэхэд бэрхшээлтэй асуудлын нэг болоод байна. Тодорхой хэлбэл, Улаанбаатарын утаанаас холдож орон нутгийг зорьдог байсан үе ард хоцорч, аймаг, сумд ч утааны проблемоо шийдэх ёстой гашуун үнэнтэй нүүр тулаад байна.
Энэ бол Ховд аймгийн төв Ховд хот
Утаанд бүрхэгдсэн Ховд аймгийн төв Ховд хотын өвлийн өнгө Улаанбаатарын утааны дүр зургаас ялгаагүй харагдаж байна. Ховд хотод 30 гаруй мянган иргэн оршин суудаг.
Аймгийн төвийн гэр хороололд 8700 гаруй өрх амьдардаг. Айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж, авто машины тоо ихсэж байгаа нь агаарын бохирдолыг үүсгэх гол эх үүсвэр болж байна.
Гэхдээ зөвхөн түүхий нүүрсний хэрэглээ, авто машинаас ялгарах утаанаас гадна Ховд аймагт нам даралтын зуух ажиллуулах аж ахуйн нэгжүүдийн тоо ч өмнөх онуудаас ихссэн үзүүлэлттэй байгаа юм. Иймээс нам даралтын зуухны хэрэглээг багасгахад аймаг орон нутгаас анхаарах шаардлагатай гэж иргэд үзэж байна. Орон нутгийн удирдлагуудаас энэ тал дээр арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн боловч хараахан үр дүнд хүрээгүй бололтой.
Харин энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв
Мандал сум Монгол Улсын хамгийн их хүн амтай, 30 мянга гаруй оршин суугчтай, аж ахуй эрхлэлтээрээ улсдаараа тэргүүлдэг суурин юм. Сумын хэмжээнд самар боловсруулах үйлдвэр, уурын зуухаас эхлүүлээд олон тооны үйлдвэрүүд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг. Жил ирэх тусам агаарын бохирдол ихтэй болж, утаанд хучигдсан байдалтай байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
Зөвхөн энэ хоёрхон жишээ утаа Улаанбаатараас хальж, орон нутгийн зовлон болсныг харуулж байгаа төдийгүй орон нутагт утааг багасгах бодлого яаралтай хэрэгжүүлэх ёстой гэсэн дохиог өгч байгаа юм.