Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гучин-Ус сумын 85 малчин өрх бэлчээрийн нэг наст ургамал буюу малын ногоон тэжээл тариалжээ.
Орон нутгийн удирдлагаас малчдад өмчилж авсан өвөлжөө, хаваржааныхаа 0.7 га газарт 0.1 га-аас хэтрүүлэхгүйгээр ногоон тэжээл тариалахыг зөвшөөрөл олгожээ. Ингээд арга зүйгээр ханган 1,5 тонн үрийг татан авч, үрийн үнийн дүнгийн 50 хувийг Засаг даргын нөөц сангаас олгосон байна.
Энэ ажлын үр дүнд тариалалтын талбайн хэмжээнээс хамаарч нэг өрх дунджаар 20-25 килограммын хэмжээтэй 30-35 боодол ногоон тэжээл хураан авчээ. Мөн тус ногоон тэжээлийг бооход сумын ЗДТГ-ын няравын хийсэн гар аргаар өвс прэслэх төхөөрөмжийг ашигласан байна.
Малчид зудын эрсдэлээс малаа хамгаалахын тулд энэ жилийн туршлагадаа тулгуурлан дараагийн жилүүдэд бүлэг, хоршоо хэлбэрээр нэгдэн тариалалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
Мөн сумынхаа өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх үүднээс Орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр 10 га газарт малын ногоон тэжээл тарьж эхэлжээ.