2002 онд НҮБ-аас жил бүрийн 11-р сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Хүн бүхэн бие засах газартаа анхаарал хандуулахыг уриалан эрүүл ахуйн шаардлага хангасан “00” буюу бие засах газартай байхыг сурталчлан таниулдаг өдөр юм. Манай улсын хувьд энэ өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэж байна.
“Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг угтан Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Эко жорлон, эрүүл хөрс” уриан дор Сүхбаатар сумын “ЭКО ЖОРЛОН” ашиглагч айл өрхүүдийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар сумын 3-р багийн иргэн Д.Бат-Итгэл, иргэн Э.Санчир, 4-р багийн иргэн н.Санаа-Амар, 5-р багийн иргэн Б.Хос-Шагай, иргэн н.Цогтбаатар нарын айл өрхүүд нүхэн жорлонгоос татгалзан эко жорлон ашиглаж бусад айл өрхүүдэд үлгэр дууриалал болон ая тухтай амьдарч байна.
Тухайлбал Сүхбаатар сумын “Салхит” 3-р багийн иргэн Э.Санчир угаалгын өрөөгөө гэр дотроо шийдэж өгсөн байна. Ингэснээр угаалгын машин, шүршүүр, жорлон, угаалтуур зэргийг бохир соруулах хэсэгт холбож бохироо соруулдаг болжээ. Энэ нь гэр бүлийн гишүүдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрэн шийдэгдсэн байна. Мөн тус багийн иргэн Д.Бат-Итгэлийнх нүхэн жорлонгоос татгалзаж гэртээ жорлон, шүршүүрээ, “Баянхан” 4-р багийн иргэн н.Санаа-Амарынх мөн л нүхэн жорлонгоос татгалзаж гэр дотроо цэвэр, бохироо шийдэж ая тухтай тохилог амьдрах боломжтой болжээ.
Харин “Хонгор морьт” 5-р багийн иргэн Б.Хос-Шагай мөн л нүхэн жорлонгоос татгалзан гэр дотроо бохирын бүх шугамаа шийдсэн байна. Мөн уламжлалт нүхэн жорлон ашиглаж байсан 5-р багийн иргэн н.Цогтбаатар “Манайх өмнө уламжлалт нүхэн жорлон ашиглаж байсан. Энэ маань 5-8 жил болоод дахин шинэчлэх шаардлага тулгарч дахин шинээр барих болдог байсан. Түүгээр ч зогсохгүй барих бүрд зардал гарна мөн хөрс бохирдоно, жижиг хашаатай айл бол шинэ жорлон барих газаргүй ч болно. Харин бид эко жорлон буюу соруулдаг жорлон барьсан нь их ач тустай болсон. Дахин солих шаардлагаггүй, эдийн засагт ч хэмнэлттэй. Мөн хөрсөнд бохир нэвчихгүй, шинээр газар бохирдуулахгүй зэрэг олон давуу талтай юм байна” хэмээн ярилаа.
Монгол Улсын хэмжээнд бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, хөрсөнд бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдсэн аймаг, орон нутаг одоогоор байдаггүй аж. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж төрөл бүрийн халдварт өвчин гарахаас гадна хөрсийг ихээр бохирдуулж байгаа ажээ. Хүн өдөрт 3-4 түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлага гардаг байна. Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 празитын цист, 100 празитын өндөг агуулагддаг аж. Ийм учраас айл өрх, албан байгууллагууд “00”-ын асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ?, шинжлэх ухаан, техник технологийн байгууллагууд ямар шийдэл гаргах боломжтой байна. Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой вэ? гээд олон асуултад хариу олох шаардлага тулгарчээ. Зарим нэгэн өрх, иргэд эл асуудлаа амжилттай шийдсэн байгаа нь бахархууштай.