2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалтыг энэ сарын 17-нд Баянхонгор хотод зохион байгууллаа.
Сургалтыг ХНХЯ, МАОЭНХ, МҮЭХ, Европын холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөл, ОУХБ-ын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс хамтран зохион явуулав.
Сургалтад орон нутгийн төрийн болон ТББ, ажил олгогчдын төлөөлөл 30 гаруй холбогдох удирдлага, албан хаагчид оролцлоо.
Сургалтын хүрээнд, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд, Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ, түүний төрлүүд, Ажил амралтын цаг, цалин хөлс, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, удирдлага, хяналт, Хөдөлмөрийн маргаан, түүний зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажил олгогч, эздийн байгууллагын үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.
Шинэчлэн найруулсан хөдөлмөрийн тухай хууль нь Хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлснээрээ онцлогтой аж.
Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилготой уг сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.