Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын багийг урьж, “Хөрсний бохирдлыг бууруулах аргачлал” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр ХААИС-ийн профессор багш Т.Оюунчимэгээр ахлуулсан судалгааны баг Мандал суманд хийсэн хөрсний бохирдлын талаарх тайлан дүгнэлтийг сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулан хүлээлгэн өгчээ.
Энэхүү судалгааг гүйцэтгэхдээ газар ашиглалтын ялгаатай нөхцөлөөс хамаарсан хөрсний бохирдол байгааг илрүүлэх. Мөн бохирдлын түвшинг тогтоох, хөрсний үржил шимийн болон геохимийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлох. Цаашлаад хөрс хамгаалах санал зөвлөмж боловсруулах зэргээр гүйцэтгэжээ.
Хөрсийг судлахдаа ойн бараан хөрс, уулын хүрэн шороон, хээрийн хүрэн, цайвар хүрэн, алювын нугын, тариалангийн гэх мэт 12 хувилбараар зүсэлт хийсэн аж. Мандал сумын хувьд хөрсний тархалтыг авч үзвэл, хот суурин газрын эвдэрсэн хөрс 7 хувь, уулын ойн ширэгт бараан хөрс 2 хувь, уулын хүрэн шороон хөрс 33 хувь, хүрэн шороон хөрс 44 хувь, нугат хээрийн хүрэн хөрс 5 хувь, алювын нугын хөрс 9 хувийг тус тус эзлээд байгаа ажээ.
Дээрх үйл ажиллагаанд сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын Байгаль орчин Хяналтын тасаг болон “Тохилог Хараа” ОНӨААТҮГ, “Цант Орхон” ОНӨААТҮГ, “Мандал Энерго” ОНӨААТҮГ, “СББ” ХХК, Мод боловсруулах үйлдвэр, Эрчим хүч ус хангамжийн 1-р анги, “Алсын Өртөө” ХХК, “Хүдэр баяжуулах” цех зэрэг байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцжээ.