Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Төв Чандмань ДЭХГ-ын дарга Ц.Батсүхтэй ярилцлаа.
-Нийтийн аж ахуйн салбар Монгол Улсад 1931 онд үүсэж хөгжсөн. Төв аймгийн хувьд хэзээнээс үүсэн бий болох суурь тавигдсан бэ? Тус салбарын хөгжлийн түүхээс хуваалцвал?
-Төв аймагт анх Нийтийн аж ахуйн салбарыг 1932 оноос Үйлдвэр хоршооллын холбоо нэртэйгээр анхны артель үүссэнээр эхэлсэн гэж үздэг. Тус холбооны анхны даргаар Б.Сурмаахорол ажиллаж байсан ба тухайн үедээ гэрийн мод, зуух, яндан хийж анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Мөн 1938 оноос Гар үйлдвэрлэлийн артель нэртэйгээр үйл ажиллагаа нь өргөжиж оёдол, гутал зэргийг хийж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагаа үргэлжилсээр 1952 оноос Нийгэм хангамжийн товчоо болсон. Тухайн үедээ халуун усны үйлчилгээ, цэвэр усаар хангах, хог хаягдал тээвэрлэх, зочид буудал, уурын зуух, үсчин зэрэг үйлчилгээг нэмж хариуцсанаар одоогийн Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагын суурь тавигдсан гэж үздэг.
1972 оноос Зуунмод хотод шинээр барилга байшин ашиглалтад орж эхэлсэнтэй холбогдуулан тэдгээрийн доторх засвар, цахилгаан, сантехник, сувагжуулалтын засвар үйлчилгээг хариуцаж эхэлсэн. Мөн хивс үйлдвэрлэл, угаалга хими цэвэрлэгээ, гэрэл зураг гэсэн үйл ажиллагааг эрхлэн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нэртэйгээр зохион байгуулалтад орж даргаар Н.Цэрэндагва ажиллаж байсан.
-Нийтийн аж ахуй болон ахуй үйлчилгээ гэж 2 тусдаа үйл ажиллагаа явуулж байсан талаар уншиж байсан юм байна?
-Тийм ээ. 1978 оноос Нийтийн аж ахуй ба ахуйн үйлчилгээний удирдах газар болон 2 тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэснээр нийтийн аж ахуйн үйлчилгээний газар дулаан, цэвэр ус, сувагжуулалт, халуун ус, зочид буудлын үйл ажиллагааг хариуцан явуулж, ахуй үйлчилгээний удирдах газар оёдол, хивс, гутлын цехүүдийн үйл ажиллагааг эрхлэн тусдаа гарсан байдаг.
Хэзээнээс Төв Чандмань ДЭХГ болсон юм бэ?
-1990 оноос цэвэр ус, халуун ус, сувагжуулалт, зочид буудал, орон сууцны үйлчилгээг хариуцсан Чандмань компани болон, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дулааны эрчим хүчний нэгдсэн үйлдвэр гээд 2 чиглэлээр тусдаа ажиллаж эхэлсэн. Харин 2005 оноос Төв чандмань ДЭХГ нэртэйгээр ус суваг орон сууцны Чандмань, ДЭХГ нэгдэн дулаан үйлдвэрлэл, цэвэр ус хангамж, сувагжуулалт, цэвэрлэх байгууламж, орон сууцны үйлчилгээг хариуцан үйл ажиллагаагаа эхлүүлээд өнөөг хүртэл ажиллаж байна.-Олон жилийн турш энэхүү байгууллага зогсолтгүй хөгжсөөр иржээ. Тэгэхээр энэ жилийн хувьд Төв Чандмань ДЭХГ-ын хувьд ололттой, шинэлэг зүйлс юу байна?
-Энэ жил он дамжин хийсэн Зуунмод хотын усан хангамжийн 9,6км шугам сүлжээ, 2х2000м3 багтаамжтай өндрийн буюу нөөцийн усан сангийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад ороход бэлэн болсон байна. Энэхүү өндрийн усан сан нь өмнө нь 1-5 хүртэлх давхар барилгыг цэвэр усаар хангаж багтаамжтай байсан бол 2 дахин томорч, тус сан ашиглалтад орсноор 8-12 давхар барилга барихад цэвэр ус хангамж хүрэлцэх нөхцөл бүрдэх юм. Мөн 2021 онд Зуунмод сумын эх үүсвэр нэмэгдүүлэх зорилгоор Хөшигийн хөндийд шинээр 2 гүний худаг гаргаж, шугамын шинэчлэлийг хийх 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтай ажлыг “Өгөөмөр Баянбулаг ХХК” хийж гүйцэтгэж байна.
-Цаашид байгууллагын хувьд хийх томоохон ажлуудаас дурдвал?
-1,3-р өргөх станцын барилга болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын тендер зарлагдаж “Арбулаг ХХК” ажил гүйцэтгэхээр болсон байна. Мөн Зуунмод сумын Цэвэрлэх байгууламж нь хоногийн 2700м3бохир татан зайлуулах хүчин чадалтай бөгөөд 1994 онд ашиглалтад орж, 2010 онд техник технологийн шинэчлэлт хийсэн. Одоогоор цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж, дэвшилтэт технологийн шинэчлэлтийг хийхээр зураг төсвийг гаргаж байна.
-Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой улс орон даяар өнөөдөр тохиож байгаа. Энэ салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа бүх хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн байсан?
- Тийм ээ. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэт тэмдгээр байгууллагынхаа үе үеийн ахмадууд болон 10-аас дээш жил ажилласан 180 хүнийг шагнаж урамшуулсан. Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарт хөдөлмөр бүтээлээ мөнхөлсөн үе үеийн ахмадууд болон нийт хамт олондоо баярын мэндийг амжилт бүтээлийн дээдийг хамтатган дэвшүүлье.
Эх сурвалж: Montsame.mn
Г.Буянжаргал