Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН-Д ЭРГЭЖ ИРЭХ ЭКС-ҮҮД: Ц.Элбэгдорж энгийншиж, Х.Баттулга “бааварлаж” чадах уу


Ардчилсан намын бүтэлгүйтэл энэ хэвээр үргэлжбэл 2024 оны сонгуульд цөөн хэдэн гишүүнтэй сөрөг хүчин байх тавилангаасаа бүр ч дордож мэднэ. Харин оройтсон ч гэсэн үүнийгээ ухаарч ирэх сарын эхээр “Эв нэгдлийн их хурал”-аа хийхээр болсон нь сайн хэрэг. Мэдээж, иргэдэд таалагдана.
Эв нэгдлийн их хурал юуны өмнө  өрх тусгаарлаад байгаа хоёр АН-аа нэгтгэнэ. Энэ тухай АН-ын гишүүн Э.Бат-Үүл  мэдээлэл хийх үеэрээ хоёр нам нэгдэх шийдвэр гарсан түүхэн өдөр тохиож байгааг онцлоод "Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч ээ гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар намдаа ирээч ээ. Р.Гончигдоржийгоо, М.Энхсайханыгаа мөн намдаа ирээч гэж уриалж байна. Намаа бүтэн болгохын тулд бүгдээрээ хуран цуглах шаардлагатай байна. Тиймээс намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан нам эвтэй байхтай хүчтэй" гэсэн юм.
Харин түүний энэ уриалга хадны цуурай шиг замхрах уу, эсвэл тарж бутарсан лидерүүд нэгэн шүхрийн дор дахин нэгдэх үү гэдгийг харах л үлдэж байна.
Ц.Элбэгдоржийн “Энгийн иргэн байх хамгийн сайхан”-ы цаана
Улсын баатрын нэрлээд байгаа нөхөд бол  АН-ын суурь үзэл санааны үндсэн өв тээгчид төдийгүй, намаа төлөөлж  Ерөнхий сайдаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс.  Эдгээрээс экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдүгээ АН-даа харъяалал хамаралтай байгаа. Тэрбээр 2020 оны 10 дугаар сард  Ардчилсан нам /АН/-ын гишүүнчлэлээ сэргээж үнэмлэхээ гардаж авч байв.  Намдаа эргэн ирсэн тухайгаа “Үнэт зүйлээ сэргээж үүсэж бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж би боддог. Тиймээс Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ сэргээж байна” хэмээн тайлбарласан бол   цаашид төрийн албан тушаал хаших эсэх талаархи асуултад “Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа” гэж хариулж байв.
Түүнийг зөвхөн ийм үзэл бодолтойгоор намдаа эргэж ирсэн гэвэл тийм ч үнэмшилтэй биш.Намын гадна байна гэдэг улс төрийн гадаа байна гэсэн үг. Түүнд улс төрийн нас үргэлжлэх хугацаа бий. Тийм болхоор 2024 оны сонгуль карьераа сэргээх нэг боломж гэсэн холын тооцоотой байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн хүү Э.Эрдэнийгээ АН-ын тогоон дотор оруулж, ах нарт нь гарыг нь атгуулж, ганзагыг нь  бөхөлж, улс төрийн угсаагаа үргэлжлүүлэхэд хэрэгтэй.   
Х.Баттулга аврагч баатрын дүрээр АН-д эргэн ирж чадах уу
 Өгсөх биш өндөр уулын оройгоос уруудаж яваа Х.Баттулгыг намдаа эргэн ирэхийг урьжээ. Түүний хувьд одоо АН-д арслан бар байхаа больсон.
 Х.Баттулгыг 2020 оны сонгуулийн дараа АН-д аврагчийн дүрээр эргэн ирнэ гэсэн таамаглал байсан. Гэвч одоог хүртэл чимээгүй, цагийн байдлыг анирласан байдалтай байна. Тэр ч байтугай МАН-ын Засгийн газарт зөвлөхийн санал авчихаад сууж байгаа.
Ардчилсан намыг 2020 оны сонгуульд ялагдуулахын тулд ажилласан хүн нь Женко гэж С.Эрдэнэ нэрлэсэн удаа бий. Унасан бөхөд шалтгаан мундахгүй гэгч байв уу, эсвэл үнэхээр намынхаа эсрэг ажилласан уу.
Ялагдлын хариуцлагаа хүлээж огцорсон ч С.Эрдэнэ эргэн ирж намаа, тамгаа Ц.Туваанаас эргүүлэн авахаар зүтгэсэн нь АН хоёр хуваагдах эхлэл болсон.  Тэрбээр энэ тухайгаа “Би 31 жил АН-ын төлөө зүтгэсэн. Тиймээс харсаар байгаад намаа, ардчиллаа самруулахгүй” гэж хэлж байв. 
Хэрэв С.Эрдэнэ хэлснээрээ сонгуулийн дараа АН-ын даргаасаа явж чадсан бол Х.Баттулгад  боломж  ирэх байв.  Учир нь өөрөө биш юмаа гэхэд өөрийн хүнийг намын даргаар сонгуулна. Ингэснээрээ Ц.Элбэгдорж тэргүүтэй  сөрөг нөхдүүдийг байранд нь байлгаж, “Алтан загас”-ны эмгэн шиг ахьж шунаад байгаа хүслийг нь дарах байв.  
Дараа нь тэр намаа авч, 2024 оны сонгуульд удирдаж орно. МАН-ын ээлж халаагүй засаглалаас уйдсан иргэд 2024 оны сонгуульд АН-ын “бор халзан хонь” байсан ч дэмжих нийгмийн сэтгэл зүй бүрдэнэ гэсэн таамаглал тээж байхыг үгүйсгэхгүй.  
Х.Баттулгын АН-д эргэн ирэх шалтгаан ийм байв. Гэхдээ боломж буруугаар эргэсэн ч гарцыг бол гаргаж чадах найруулга маневарыг тэр хийж чадах л нэгэн. 
М.Энхсайхан хийгээд бусад
 Э.Бат-Үүлийн намдаа эргэж ирэхийг уриад байгаа нөхдийн  нэг нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан. Тэр уг нь АН-аас сонгогдсон анхны Ерөнхий сайд. Хэдийгээр тэр 1996-1998 он хүртэл хоёрхон жил ажилласан ч бүх үеийн Ерөнхий сайдуудаас  хамгийн сайн нь гэсэн үнэлэмжтэй нэгэн.
2006 онд АН-ын Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, санал өгсөн гэж буруутган М.Энхсайхан нарын нөхдийг АН-аас хөөж тэр хэсэг нөхдийн хамт шинэ нам байгуулж байв. Уг нь тэр АН-д байтугай Монголын төрд хэрэгтэй “зайран”. Гэхдээ АН-д эргэж ирэх нь түүний идеалтай зөрчилдөнө.  Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Х.Баттулга, З.Энхболд нартай нэг тогооноос хооллох хүн биш байх.  Түүнийг Ерөнхий сайд байхад нь Ц.Элбэгдорж дүрэм журам гаргаж, суудлаас нь ховхолж өөрөө Ерөнхий сайд болж байв. Р.Гончигдорж АН-ын дарга байхдаа түүнийг намаасаа хөөж байсан бол Х.Баттулга  Шведэд суух элчин сайдаас нь эргүүлэн дуудаж байв.  Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнө  түүнийг өршөөхийг хүссэн ч тэр татгалзаж байв.
Э.Бат-Үүлийн дуудлагаар АН-д эргэн ирэх нэр нөлөө бүхий эрхмүүдийн хар зураглал одоогоор нэг иймэрхүү байна.
 
М.Нэргүй

http://www.toim.mn/article/2917013c
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ