Афганистаныг хяналтдаа авсан Талибанчууд дэлхийн хамгийн баян зэвсэгт бүлэглэлүүдийн нэгээр тооцогддог.
Тэгвэл Талибанчууд хэрхэн мөнгө олдог вэ?
АНУ-ын цэргүүдийг иртэл Талибанчууд Афганистаныг 1996-2001 оны хооронд удирдаж байсан.
20 гаруй жилийн зэвсэгт мөргөлдөөний турш хэдэн мянган Талибан дайчид амиа алдсан ч бүлэглэлийн хүч сүүлийн жилүүдэд нэмэгдсэн.
2021 оны эхний хагас гэхэд Талибанчууд 70-100 мянган цэрэгтэй байгаа нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин их тоо юм.
Тус бүлгэмийн жилийн орлогыг НҮБ-аас жилийн 400 сая ам.доллар гэж тооцоолжээ.
Талибанчуудын Афганистан болон гадаад дахь яриа хэлэлцээр хийж буй байдлыг харахад бүлэглэл нарийн санхүүгийн систем, татварын сүлжээтэй аж.
Тэдний орлого хэд хэдэн эх үүсвэрээс гаралтай болохыг BBC онцолжээ. Үүнд:
1. Гаднын дэмжлэг.
АНУ болон Афганистанчууд Иран, Пакистан, ОХУ тэргүүтэй орнуудыг Талибанчуудыг санхүүжүүлдэг гэж шүүмжилдэг.
Мөн АНЭУ, Саудын Араб, Катар дахь хэд хэдэн хувь хүмүүс томоохон санхүүжилт өгдөг хэмээн яригддаг бөгөөд энэ нь Талибанчуудын нийт орлогын дийлэнхийг эзэлдэг байна.
АНУ-ын тагнуулын байгууллагын 2008 оны судалгаагаар Персийн булангаас жилд 106 сая ам.долларыг энэ бүлэглэлд шилжүүлдэг байна.
2. Хар тамхи
Талибанчуудыг хар тамхины наймаа эрхэлдэг маш том бүлэглэл хэмээн буруутгадаг.
Афганистан улс нь героин боловсруулахад ашигладаг опиумын хамгийн том үйлдвэрлэгч орон юм.
Жилд 1.5-3 тэрбум ам.долларын экспорттой опиум нь орлогын маш том эх үүсвэр аж.
3. Газар нутаг
Талибанчуудын хяналтаа тогтоосон газар нутагт бензин, барилгын материалын наймаа хийдэг худалдаачид татвар төлдөг.
Бүлгэм одоо Афганистаны импорт, экспортын боомтуудыг хянадаг болсноор илүү олон газар хяналтаа тогтоогоод байна.
Түүнчлэн барууны санхүүжилттэй баригддаг сургууль, эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтад татвар ногдуулснаар АНУ тэргүүтний халаасны мөнгө Талибанчуудын санхүүжилт болжээ.
Мөн мөргөлдөөнөөс шууд орлого олдог. Шинээр эзэлсэн хот, тосгодын банк агуулахыг тонож үнэт эдлэлүүдийг хураан авдаг.
4. Ашигт малтмал
Афганистан улс ашигт малтмалаар баян орон ч олон жилийн зэвсэгт мөргөлдөөний үеэр ашиглагдаагүй.
Тус улс дахь уул уурхайн олборлолт ихэвчлэн хууль бусаар хийгддэг бөгөөд ихэнх гол уурхайг Талибанчууд мэдэлдээ авсан байна.
Эх сурвалж: BBC