Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалтай ярилцлаа.
 
-Юуны өмнө танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд баяр хүргэе. Таныг гавьяат цол хүртэж байгаа гэсэн хүлээлттэй байлаа? 
-Тийм ээ. Гэнэтийн үйл явдал боллоо. Маш өндөр сэтгэгдэлтэй, хэлэх үг олдохгүй байна. Юутай ч намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа.
 
-Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр таны удирдсан “Тавантолгой төмөр зам” ХХК амжилттай ажиллаж байгааг үнэлж, энэ шагналыг өгсөн байх? 
-Тэгэлгүй яах вэ. Ер нь монголчууд яагаад чаддаггүй юм бэ гэсэн асуулт байсан. Гурван жилийн өмнө надад төр засаг маш том үүрэг даалгавар өгч, Засгийн газрын тогтоол хүлээлгэн өгсөн. 10 жил гацсан төслийг явуулах боломж байна уу, чи л чадах юм байна гээд. Одоо манай хамт олон 380 инженер, техникийн ажилтантай. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналтыг амжилттай хийж дуусгаад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл дээр захиалагчийн хяналтаа хийгээд ажиллаж байна. Одоо манай төслийн талбай дээр 2,300 хүн ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна.
 
-“Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэлэхдээ онцолж байсан. Энэ хоёр төсөл бол монголчуудын өөрсдийн хүчин чадлаар барьсан анхны томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болох уу? 
-Бололгүй яах вэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН хамгийн сүүлд 1955 онд төмөр замаа Замын-Үүд хүртэл барьж, өргөн царигийн төмөр замыг БНХАУ-ын хилд хүргэсэн. 1994 онд нарийн царигийн төмөр зам орж ирснээр хоёр талын технологийн паркууд байгуулагдаж байсан. Яг үүн шигээр, энэ гол замаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, үндсэндээ 700 км орчим төмөр зам салаад, улсын хил дээр Гашуунсухайт гэдэг өртөөг бий болгож байна. Одоо Гашуунсухайт, Ганцмод өртөөдийн царигийн паркийг байгуулах асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал, түүний өмнө Гадаад харилцааны сайдын тус улсад хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдана.
УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт 6,000 гаруй км урттай төмөр замыг барихаар тусгасан байдаг. Ямар ч байсан эхний ээлжинд инженеринг компанийг нь бий боллоо. Инженеринг компани бий болно гэдэг нь техник, эдийн засгийн үндэслэлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Бүх шатны технологийн хяналтаа өөрсдөө хийж байна. Төслийн удирдлагын баг, барилга угсралтын багтай.
 
 
 
Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян төслийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас санхүүжүүлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт төсөл дээр улсын төсөв, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр санхүүгийн тусгай схем боловсруулж хэрэгжүүлсэн. Газар доорх байгалийн баялгаас буюу төмөр замын ашиглалтын явцад төлбөрөө төлж барагдуулна. Энэ төслийн хөрөнгө болох 1 тэрбум ам.долларыг босгосон онцлогтой. Монгол Улс асар их байгалийн баялагтай. Энэ байгалийн баялгийн өгөөжийг дэд бүтэц, бүтээн байгуулалт руу оруулж байгаа анхны том тохиолдол болж байгаа юм.
 
 
 
–Үндсэндээ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан 6,000 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж чадахаар боллоо шүү дээ? 
-Бид хангалттай чадна. Монгол Улсад метро болон цахилгаанжсан галт тэргийн түвшинд гадны тусламж, зөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ бид суралцаж болно гэж бодож байна. Төмөр замыг аваад үзвэл, бид нэг, гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барьчихлаа. Төмөр замын гүүрэн байгууламж, дэд бүтцийг бид өөрсдөө барьж байгуулж чадахаар боллоо. Иймээс 6,000 км төмөр замаа өөрсдөө барьж чадна гэж үзэж байна.
Одоо Засгийн газар дээр Богд хан төмөр замын төсөл яригдаж байна. Энэ төмөр зам 12-13 км туннельтэй зам байх юм. Монголчууд анх удаа уул нүхэлж туннель барих ажил руу орно. “Тавантолгой төмөр зам” ХХК энэ төсөл дээр инженерингийн зөвлөгөө өгч оролцох бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.
Мөн манай компани Зүүн Азийн эдийн засгийн коридор гэж ярьдаг зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, тухайлбал, Бичигт-Эрээнцав чиглэлийн судалгааны ажил руу энэ долдугаар сараас орж байна. Цаашлаад баруун бүсийн 1,200 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын инженер, технологийн асуудлыг бүрэн шийдээд явах боломжтой 100 хувь төрийн өмчит компани болж байна.
Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс инженерингийн компани, барилга-инженерийн цэргийн анги, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай боллоо. Сүүлийн 30 гаруй жилд зөвхөн авто зам дээр ажиллаж байсан олон зуун компани энэ бүтээн байгуулалтын төсөлд оролцож, инженерингийн хяналтын доор төмөр замыг яаж барих ёстой талаар мэдлэг, туршлага хуримтлууллаа. Тэгэхээр Монгол Улс цаашдаа төмөр замын энэ хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг гадны тусламж аваад байхааргүйгээр барих боломжтой болсон гэдгийг л онцолж хэлмээр байна.
 
 
-Танд баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ