Өнөөдрөөс МИАТ компани тусгай үүргийн нислэгээ дахин үйлдэж эхэлнэ. БНСУ руу хоёр, Япон улс рүү нэг удаагийн нислэг хийж, нийт 750 гаруй иргэнээ эх оронд нь авчирна хэмээн Улсын онцгой комиссоос мэдээлсэн.
Өнөөдрийг хүртэл МИАТ компани тусгай үүргийн нислэгүүдээ өөрсдийн зардлаар (төсвөөс нэг ч төгрөг аваагүй) хийж байгаа бөгөөд коронавирусын улмаас улс орнууд агаарын хилээ хааснаас болж ихээхэн алдагдалд ороод байгаа тухай өчигдөр мэдээлсэн.
Мөн өчигдрийн байдлаар коронавирус хоёр тохиодол шинээр бүртгэгдсэн нь Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын хоёр иргэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Үүгээр коронавирусын халдвар авсан хүний тоо 14 хүрчээ.
Хоёр өдрийн өмнө эмчилгээ дуусч эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргаж ажиглалтад авсан боловч үлдсэн хүмүүсийн биеийн байдал сайнгүй (дунд зэрэг гэж үнэлсэн байна) байгаа аж. Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү дээрх үйл явдлыг тэмдэглэн эмч нартаа баглаа цэцэгтэй очсон нь бодит байдлаас жаахан хэтийдсэн зүйл болсон байж магадгүй. Д.Нямхүү захирал өөрөө бол энэ зэргийн асуудлаар “пи ар” хийх хүн биш тул дээрээс өгсөн даалгавраар олон нийтийн сэтгэлийг засахын тулд ийм зүйл хийсэн байж магадгүй. Ард нь дахиад арав гаруй хүний амь насны асуудал дээсэн дөрөөн дээр байхад шүү дээ.
Дээр нь сүүлийн үест тусгаарлалтад байгаа эмч, өвчтөнүүдийн хооронд бага зэргийн “ан цав” гарч, “вареньтай талх шидэлцсэн”, хоолоо голж уйлалдсан, хоорондоо зодолдсон тухай ЭМЯ-ны газрын даргын албан мэдээлэл ч бас цагаа олоогүй зүйл болсон байж магадгүй. Ерөнхийдөө л тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ч гэсэн сэтгэл санааны хувьд туйлдах тал руугаа байгаа бололтой.
Одоо 2000 гаруй хүнтэй, дээр нь дахиад 750 хүнийг авчирна (өчигдрийн байдлаар суудлаа баталгаажуулсан зорчигчдын тоо буурч 506 болсон байна) гэхээр тэнд ажиллаж байгаа 300 гаруйхан эмч, сувилагч нарын хувьд хүнд даваа гэдэг нь ойлгомжтой. Ядаж байхад нөгөөдүүл нь тийм ч номхон томоотой хүмүүс биш аж. Ямар сайндаа л “тусгай үүргийн онгоцонд суухын өмнө сайн бодож шийдвэрээ гаргана уу” гэж гуйж байх вэ дээ. Монголынхоо нөхцөл байдлыг сайн бодож тунгаагаарай л гэж байгаа юм. Шийдвэр гаргагч нарт хэлж чадахгүй үгээ ирж байгаа хүмүүст дайж байгаа хэрэг.
Дээр нь “халдварын шинж тэмдэггүй хүмүүс халдвар тээгч болж, халдвар тараасан тохиолдол нийт халдварын 80 байна” гэдгийг Хятад улс мэдээлж байна. Ялангуяа залуучуудад шинж тэмдэг илрэхгүй байна гэдэг нь бидний хэн маань ч халдвар тээгж байж болох нөхцөл байдал үүслээ гэсэн үг. Ялангуяа өмнө илэрсэн хүмүүстэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай хэмээн шинжилгээнд орсон, вирусын шинж тэмдэггүй хэмээн гадуур явж байгаа хүмүүс, тэдэнтэй контакт үүсгэсэн бүхий л хүмүүсийн хувьд.
Нэг үгээр “бурхан л харж үзэхгүй бол” Монголд халдвар голомтлох бүрэн нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Амны билэггүй сонсогдох хэдий амьдрал ямар амны билгээр болох биш дээ. Харин дээд зэргийн анхаарал сэрэмж, хариуцлагаа ухамсарласан байдал л цөөхөн монголчуудыг аюулаас хамгаална. Үүн дээр шийдвэр гаргах түвшиндээ жаахан хайхрамжгүй яваад байна уу даа гэх болгоомжлол ч бас төрж байна. Зовлон үзээгүй, зовж үзээгүй үндэстний араншин юм болов уу даа.
Бусад орны сайд дарга нар, урлаг соёлын одууд, нийгмийн тэргүүлэгч хүмүүс нь халдвар авсан гэдгээ өөрсдөө зарлаж, өөрөө өөрсдийгөө тусгаарлаж, зарим нь тусгаарлалтаас ажил төрлөө хийж байна гэнэ. Харин манай шийдвэр гаргагч нар болохоор тусгай үүргийн онгоцоор эхнэр хүүхэд, хамаатан садангаа зөөсөн, нуусан л мэдээ хөвөрч байна. Энэ ч гэсэн монгол хүний л "мораль" юм байх.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn