Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн14 эмч өөрийн гэсэн орон байртай болжээ. Тэд 2016-2020 онд Сүхбаатар суманд хүүгүй, урьдчилгаа төлбөргүй нөхцөлтэй хэрэгжсэн Төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны квотод багтаж ийн байртай болсон байна.
Энэ бол эмч нарыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахад, орон нутгийн удирдлагуудаас авч хэрэгжүүлсэн хамгийн онцлог сайн ажил болсон хэмээн эмч нар баяртай байна. Энэхүү баярласан сэтгэлээ илэрхийлэх зорилгоор тэднэг өрхийн ахуй амьдралыг дэмжин илэрхийлэхээр шийджээ. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ар талд үйлчилгээний олон ажиллагсад байдаг. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг 300 гаруй ажиллагсадтай. Эдгээрийн дотор ажилдаа чин шударгаар ханддаг, тогтвор суурьшилтай ажилладаг олон хүн байдаг аж.
Тэдний дундаас 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн хүлээн авах тасгийн үйлчлэгч О.Мөнгөнцацралыг сонгожээ. Тэрээр 4-11 насны гурван хүүхдээ өсгөж өндийлгэх үүргийг ганцаараа үүрч яваа өрх толгойлсон ээжүүдийн нэг юм. Иймээс эмнэлгийн ажиллагсдын зүгээс О.Мөнгөнцацралын гэр бүлд ор, хувцасны шкаф, ширээ сандал, толь,хөнжил, гудас, ор дэрний хэрэгсэл, хүүхдүүдэд нь хувцас, хүнсний бүтээгдхүүнээр дэмжлэг үзүүлжээ. Энэ бол орон гэртэй болсон бидний баярласан сэтгэлийн илэрхийлэл, биднийг баярлуулсан олон хүний сайхан сэтгэлийн үргэлжлэл. Энэ ажилд оролцсон эмч нарынхаа гэр бүлд, мөн бидэнд тусласан мужаан Н.Энх-Амгаландаа талархал илэрхийлье хэмээн тус эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг хэллээ.