Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин П.Батхуягтай уулзлаа. Тэрээр бэлчээрийн мал аж ахуйн тулгамдсан асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
- Малын хөлийн аясыг бэлчээр даахгүй болчихов уу. Танд ямар бодол байдаг вэ?
- Малыг чанаржуулж тоо толгойг багасгах хэрэгтэй. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Мал нь далан сая шахам байна. Малыг ерөөсөө багасгаж чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлж маллах шаардлагатай. Бид нарын үед өсгө л гэж байсан. Одоо харин чанарын тухай ярих шаардлага гараад байна.
- Малын тоо толгойн албан татвар авахаар боллоо. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
- Малын хөлийн татвар зөв. Нутаг ус, өвс, газрын гарц муудаад байна. Малчдаас татвар авах хэрэгтэй. Одоо үед хөдөөнийхөн хангалуун давилуун амьдралтай гээд ярих хүмүүс байна. Яахав бид боломжоороо зүтгээд л амьдарч байгаа. Малын хөлийн татварыг авах хэрэгтэй. Улс нийгэмд хэрэгтэй зүйл.
- Малын төрлөөр татварын хувь хэмжээг ялгаатай тогтоогоод байна. Хишиг-Өндөр сум малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хамгийн түрүүлж тогтоосон газрын нэг.
- Малын тоо толгойн татварыг богийг бодод шилжүүлээд тэнцүүлж авах хэрэгтэй. Түүнээс адуу, ямаа ийм байна гэж болохгүй санагддаг. Бод малыг бог малд шилжүүлж авч байсан түүх бий. Яг тэр байдлаар татвар тогтоож, авах хэрэгтэй байгаа юм. Бэлчээр муудаж, ус, өвс хомсдоод байна шүү дээ. Байгаль орчноо хамгаалж байж мал маллана. Тиймээс малын татвар өгнө. Ингэж байж амьдарна. Хөдөөнийхөн бэлэн махаа идэж, байгалийнхаа усаа ууж байна. Эрүүл агаарт сайхан амьдарч байна.
- Малын тоо толгойн албан татварыг бэлчээрийн төлөв байдалд нөлөөлж байгаа байдлыг харгалзан малын төрөлд ялгаатай тогтоогоод байх шиг байна. Ямааг жаахан “хавчих” гээд байна уу даа.
- Нэгдэл нийгэм гэж байхад 500 хонин дотор 10-20 ямаа байлаа. Тийм байдлаар малчны суурь зохион байгуулдаг байсан. Тэр л зөв. Малын ашиг шимийг нь хэрэглэх хэрэгтэй. Хонь, ямаа сааж байсан. Одоо байхгүй. Үнээгээ ч саахаа байсан. Яагаад гэвэл мал нь их өсчихсөн. Үнээг саахаар хэдэн тугал нь “хатангир” болчих гээд байна. Яагаад гэвэл бэлчээр байхгүйгээс малын тарга тэвээрэг муудсан. Энэ мэтээр мал аж ахуйд олон зүйл нөлөөлж байна. Манай улсад мал аж ахуйн талаар дорвитой бодлогоо хэрэгтэй байна. Малаа хаана яаж үржүүлэх вэ гэдэг бодлогоо гаргаж хэрэгжүүлэх шаардлага байна.
- Та ИТХ-д төлөөлөгчөөр сууж байсан уу?
- Сумын депутат байсан. 1990-ээд оны эхээр юм. Хувьчлалаар хүн болгон малтай болсон. Нутаг усныхаа хэмжээнд бэлчээрийг хуваарьтай ашиглах бодлогоо барьж байсан. Одоо бэлчээрийг ашиглах талаар ямар ч хийсэн ажил алга.
- Бэлчээрийн даац хэтэрлээ. Малын шаардлагатай өвс тэжээлийг яаж хангах вэ?
- Газар тариалан гэж байгаа учраас малын тэжээл тариалж болно. Мөн бэлчээрийг сольж амрааж, өнжөөж ашиглана. Малын тэжээл тариалаад малчдадаа зохих үнээр борлуулдаг байхад болно шүү. Ингэж явбал болох гээд байна.
- Бэлчээрийг хуваарьтай ашиглах гэхээр малчид дур дураараа нутаглаад маргаан үүсдэг юм шиг байдаг.
- Багийн дарга нар зохицуулах шаардлагатай. Дээрээсээ зохицуулж шийдэх хэрэгтэй. Сум, аймаг, улс гээд бэлчээрийг зүй зохистой ашиглах шийдвэр гаргаад хэрэгжүүлж болно шүү дээ. “Дээд тал нь суудлаа олохгүй бол доод тал нь гүйдлээ олохгүй” гэдэг л болоод байна. Одоо байгаль дэлхий ямар байна гэдгийг харьцуулж бодох шаардлагатай. Түүнээс биш зөнд нь хаяад явбал мал аж ахуй цаашаа явахгүй. Байгаль дэлхийгээ хайрлаж байх хэрэгтэй. Сумын төвийн хогийн жалга байсныг дэнж дээр гаргаад хогийн цэг үүсгээд хаячихсан. Хог нь хоёр талын гол руугаа салхинд хийсээд чихчихдэг. Манай нутгийн голууд Орхон түшээ мөрөнд цутгадаг. Цаашаагаа урссаар хойд мөсөн далай хүрдэг. Гол усаа хайрлаж хамгаалахгүй бол бараг дэлхийн асуудал болох гээд байна шүү. Сумын удирдлагууд сайн ажиллах хэрэгтэй байна. Сумын төвд төрөөр тэжээлгэдэг халамжийн хүмүүс их болсон байна лээ. Тэд нараар байгалийнхаа хогийг цэвэрлүүлмээр санагддаг. Загас жараахай замагтай байсан гол гялгар уутаар дүүрсэн байгааг харахгүй баймааргүй юм.