Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Пүрэвжавын Батаа гэж “дархлагдсан” дарга байна. Тэр хэн болохыг мэдэх үү? 2016 оны арванхоёрдугаар дугаар сарын 18-ны орой бааранд Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрч цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан.
Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдож, дараа нь харуулын байран дээрээ ирэн, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан хэрэг явдал мөн л П.Батаа даргын үед гарсан ч хариуцлага яригдаагүй. Харин ч албан тушаал ахиж, тус газрынхаа “жинхэнэ” дарга нь болсон. Мөн П.Батаа дарга өөрийн үүсгэн байгуулсан “Экологи Бьюлдинг Констракшн”, “Скудо Таур” зэрэг компанитай тендергүйгээр “шууд” гэрээ байгуулж барилга засвар, угсралтын ажил хийлгэсэн байдаг. Энэ талаар сануулбал, П.Батаа нь Хууль зүйн дэд сайд асан Цогоогийн Уугангэрэлийн хамт “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-ийг 2007 оны наймдугаар сарын 6-ны өдөр байгуулсан байдаг. АТГ-ын Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн Аудитын газрын дүгнэлт 2015 онд олон нийтэд дэлгэгдсэн. Үүнд Улаанбаатар хотын Сүхба ата р дүүрэгт байрлах Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн барилгын хэсгээс АТГ-ын эзэмшилд шилжүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарахыг тооцоолон засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн данс руу 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд 300 сая төгрөг шилжүүлсэн боловч шийдвэр эцэслэн гараагүй тул засварын ажлыг түдгэлзүүлж дээрх санхүүжилтийг “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК 2015 оны нэгдүгээр сарын 30-нд улсын төсөвт буцааж тушаасан байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэг тэрбум 146.6 сая төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын авто гарааш, хурлын заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг баримтлан “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай шууд гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн ба 2014 оны долдугаар сарын 9-ний өдрийн 2014/396 дугаар бүхий Улсын комиссын актаар дээрх барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлсэд үндэслэн гаргасан дүгнэлтээс харахад АТГ улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 81.8 хувийг нууцын зэрэглэлд хамруулж шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулжээ. Мөн эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр оройтож гарсны улмаас тусгай объектын барилга угсралтын ажил хэрэгжээгүй байна гэж үзжээ. Сүүлд л гэхэд Сүхбаатарын талбайг хамгаалах нэрийдлээр 152 сая төгрөгийн үнэ бүхий боржин чулуу шахаж, нийгмийн дургүйцлийг нэлээдгүй хүргэсэн. Ямар сайндаа л иргэд “булшны чулуу” хотод шахлаа гэж шүүмжилж байхав. Аргаа барсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Наад нэг балай юмаа солиоч ээ” гэж тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тухайн үед шаардаж ч байсан удаатай.
Гэхдээ л П.Батаа дарга солигдоогүй... Төрийн ордны эргэн тойрны 50 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хамгаалдаг. Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр П.Батаа даргын хариуцдаг төв талбай дээрх хамгаалалтын бүсэд 34-хөн настай Э гэх залуу өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн харамсалтай үйл явдал тохиолдов. Гэвч ахиад л ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Үүний өмнө Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр нас барахад донгодуулахаас өөрөөр шийтгүүлээгүй, Зам тээврийн яаманд төрийн алба хаагчид архидан согтуурч, нэгнээ хөнөөчихөөд байхад бас л ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Сэтэрлээд тавьчихсан адуу шиг хариуцлага хүлээдэггүй “дархан цаазтай” дарга П.Батаатай “хуулийн хэлээр” ярих Төр гэж байна уу? Эх сурвалжийн мэдээллээр, ЗГХЭГ -аас Төрийн тусгай хамгааллалтын газарт аудитын шалгалт орохоор төлөвлөгдсөн гэх бөгөөд 7-8 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил байгаа гэнэ.Харин П.Батаа дарга энэхүү зөрчлөө нууж, хариуцлагаас мултрахын тулд хамгаалалтын тасгийнхаа ажлыг өөрийн биеэр хийж, халдвар хамгааллын дэглэм зөрчин барин биеийн тамирын зааланд гадуур хувцастайгаа Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийг дагаж явна. “Вагоныг төмөр замтай нь хулгайлна” гэгчээр Төрийн тусгай байгууллагыг өөрт нь бэлэглэхийг шаардсаар санасандаа хүрч хуульд өөрчлөлт оруулсан түүнд хэн, юугаар барьцаалагдсан бол? Хэрэв тийм шантааж, “шаантаг” үгүй бол түүнд хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Олон нийт анхааралтай ажиглаж байна!
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН