Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шинэ цагийн манан "эвсэл" нэрээр төрөв үү


Удахгүй бид өөрсдийнхөө өмнөөс төр төлөөлөх дараагийн түшээдийг сонгоно. Энэ мөч ойртох тусам сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болох сонирхолтой сэрүүн зүүдэлж, хоосон мөрөөдөж яваа горилогчид хэдэн мянгаараа төрсөөр байна. Сонин юм шүү, гурван сая гаруй хүнтэй улсад улс төр сонирхдог, хэн нэг эрх мэдэлтний цай, цүнхийг зөөж яваагаа албан тушаалд хүрэх гишгүүр хэмээн сэтгэдэг хэдэн мянган хүн байна гэхээр бид улс төрийн асар өндөр “боловсролтой” ч юм шиг. Ачир дээрээ улс төрийн өндөр албан тушаалд хүрч байж, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ, олигарх болно гэсэн ядмаг сэтгэхүй л тэдэнд ноёлдог нь үнэн. Ямар ч үнэ цэнээр хамаагүй улс төрд орох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл өдөр ирэх тусам хүрээгээ тэлэх болжээ. Тулхтай төрийн хар хүн гэдэг ойлголт улам бүр алсарсан цаг хугацааг бид туулж байна.
“Манай тойргоос сонгогдсон тэр л бидний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа даа” гэхээр түшээг энэ парламент дотроос эрээд олохгүй. Өмнөх, түүний өмнөх парламентын үед ч тийм байв. “1992-1996 оны УИХ бүх талын боловсрол, мэдлэгтэй, төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж асан хүмүүс байжээ” гэж зарим улстөрч хэлдэг. Үнэхээр 1996 оноос хойших зургаан удаагийн парламентад эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чадсан улстөрч хэд байсан бол. Ердөө гуравхан сарын дараа парламентын сонгууль болно. Тоглоомын дүрэм буюу хууль тодорхой болсон учраас сонгуульд бие дааж оролцохоос илүүтэй намууд эвсэл болж эвсэж, хүч үзэх нь ашигтай гэж улс төрд олон жил явсан хашир “бурхи”-нууд үзсэн бололтой.
Тиймдээ ч эвсэж, хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд хэдийн ханцуй шамлан оржээ. Энэ жил дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн тархалт 190 орчим улсад гарч, манай орон ч хөл хорио тогтоогоод буй. Үүнээс үүдэж, улстөрчдийн хаврын синдром намжиж, Төв талбайд жагсах, олон нийтийг турхирах, улс төрийн элдэв акц зохион байгуулах ажил хумигдсан. Тиймээс улс төрийн намуудын яриа хэлцэл нам жим өрнөжээ.
Энэ удаад төрөөд буй дараагийн МАНАН эвсэл нэрээр ийн нэгдсэн ч, эрх мэдэл, зангарагаараа өмнөхдөө дөхөж ойчихгүй нь боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой харагдана.  
Гэхдээ АН-аас өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам энд тэнд хуралдаж, эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн, эрс эсэргүүцэж байсан. Тэд хоёул 2016 онд АН-аас нэр дэвших эрхээ авч, парламентад сонгогдсон хэр нь явцын дунд намынхнаа “жийж” өөрсдөө нам байгуулж, үнэн худал нь үл мэдэгдэх мэдэгдэл хийх болсоор хэдэн сарын нүүр үзэж буй. Тэдний байнгын сэдэв нь ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсантай холбоотой хэрэг. Энэ хэргийг байнга улстөржүүлж, үнэн, худал нь үл мэдэгдэх зүйл ярина. Олон улсын парламентийн холбоо, Хүний эрхийн хороонд хандсан гэж хүртэл мэдэгдэл хийж байсан ч “Бидний нэрийг улс төрдөө оруулахгүй байхыг хүсье” гэх бичиг дээрх байгууллагуудаас ирсэн гэх мэдээлэл ч бий. Тиймээс энэ сэдвээр улс төр хийх нь амжилт олохгүй гэж бодсон уу одоохондоо тэд эрх баригчдыг байнга гоочилж сууна. ШИНЭ нам хөдөө орон нутагт салбар байгуулна гэж нэг хэсэг явсан ч төдийлөн амжилт олоогүй. Орон нутагт МАХН-ын гишүүдийг намдаа урвуулах гэж үзсэн ч бүтэлгүйтсэн. Аргаа барахдаа, тухайн аймаг, суманд рейтинг өндөртэй бизнес эрхлэгч, улстөрчдийг өөрийнхөө намаас ирэх сонгуульд нэр дэвших санал тавьсан. Энэ нь ч ахицгүй байгаа учир парламент суудалгүй бусад намтай хамтарч ирэх сонгуульд оролцохоор санаа сэтгэл шулуудацгаажээ.Тодруулбал, улс төрийн 11 нам,  109 төрийн бус байгууллага, мэргэжлийн 26 байгууллагын  холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэн хамтран “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Тэд өчигдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн байна. Шинээр байгуулагдаж буй энэ эвсэлд Шударга иргэдийн эвсэл (ШИНЭ) нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан нам болон бусад дэмжигч намаас бүрдэж буй юм. Ингэхдээ “Шинэ эвсэл” намын даргаар Ж.Батзанданг сонгожээ. Мөрийн хөтөлбөртөө “Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт, эрдэмтэн судлаач болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан гэнэ. Энэ бодлогод авлигач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх, “Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 200 мянган ажлын байр бий болгож ажиллах зэрэг багтжээ. Сэрэхгүй бол мөн сайхан зүүд ээ. Тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар буцаахаар байна. Учир нь, тэд улсын төсвөөс давсан амлалт нэг бус нэлээдийг мөрийн хөтөлбөртөө тусгасан харагдана. Дээрээс нь сонгогчдын боловсрол бүрэн гүйцэд төлөвшиж амжаагүй тодорхой хэсэг бүлэгт зориулсан, тэдэнд таалагдах л зүйл амлажээ. Мөрийн хөтөлбөр гэдэг мөрөөдлийн жагсаалт байх учиргүй. Манай улсын гурван хүн тутмын нэг ядуу гэсэн судалгаа бий. Үүнд дөрөөлж, сонгогчдыг хуурч, мэхлэх, биелэхгүй, дангаараа хэрэгжүүлэх боломжгүй мөрөөдлийн жагсаалтыг “Шинэ эвсэл” ярьж байна. Иргэдийн хэтэвч, амьжиргаатай нь холбож асуудлыг яривал нэмэх оноо авч, парламентад суудал авна гэж тэд сэтгэсэн бололтой. Тэдний нөхөрлөл гурван сарын настай. Сонгуулийн дараа тэд шил шилээ харцгаах нь гишүүдийнх нь өмнөх замналаас хэнд ч ойлгомжтой билээ. Ямар ч хамаагүй аргаар УИХ-д сонгогдвол өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах, УИХ-ын гишүүний товчлуураараа барьцаалах гэх мэт явуургүй арга ашиглах явдал парламентад байдаг. Үүний цаана улс орны бус өөрсдийнх нь бизнесийн, бүлэглэлийн эрх ашиг бий учраас төрийн түшээ болох гэж зүтгэж, улайрах хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Нөгөө талаар манайд авлига буурахгүй байгаа учраас өндөр албан тушаалд ямар ч үнэ цэнээр хамаагүй хүрэх сонирхолтой хүмүүс олширч, тэр хэрээр ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Улстөрч, улс төрийн намууд дахь авлигын сүлжээг бууруулаагүй цагт “Шинэ эвсэл” мэт улс төрийн хүчин борооны дараах мөөг шиг олширсоор л байх болно. Үүнд цэг хатгах зүйл нь баталсан хуулиа дээр, дооргүй чанд мөрдөх, иргэдийн амьжиргааг тэтгэхийн тулд жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, ажилгүйдлыг бууруулах, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх явдал юм. Энэ удаад төрөөд буй дараагийн МАНАН эвсэл нэрээр ийн нэгдсэн ч, эрх мэдэл, зангарагаараа өмнөхдөө дөхөж ойчихгүй нь боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой харагдана.     http://www.npost.mn/

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ