Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэлд “Аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого’’боловсруулахаар тусгасан юм. Энэ талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуунаас тодрууллаа.
- Аймгийн Засаг даргын Тамгын газар хүний нөөцийн бодлого гаргаад хэрэгжүүлж байгаа. Үүнээс ялгаатай тал нь юу байх бол?
- Хүний нөөцийн бодлогын хувьд бараг тэс өөр юм. "Булган аймгийн Төрийн албан хаагчдын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр /2019-2022/"-ийг боловсруулан аймгийн Засаг даргын 2019 оны А/296 дугаар захирамжаар батлуулан хэрэгжүүлж байгаа. Аймгийн ИТХ-аас баримталж байгаа гол зарчим бол аймгийн хөгжлийн хэтийн зорилт, төлөвтэй хүний нөөцийн бодлогоо уялдуулах, нийцүүлэх чиглэл юм. Тухайлбал манай аймгийн хөгжлийн чиг хандлага ямар байх вэ? Түүнд тохирсон мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл гээд орчин үеийн техник, технологи ашигласан, нарийн мэргэжил шаардах салбар улам эрчимжин хөгжих байх. Тиймээс ямар чиглэлийн салбар хөгжих нь вэ түүнийг авч явах мэргэжилтний нөөцийг урьчилан харж төлөвлөх зорилготой. Зөвхөн төрийн албаны хүний нөөцийн тухай асуудал бус аймгийн хэмжээний мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага, түүнийг хангах, нийлүүлэх бодлого л гэж ойлгож болно. Хувийн хэвшлийн талаарх мэдээлэл маш чухал үүрэгтэй.
- Аймгийн хүний нөөцийн бодлого боловсруулахаар ажлын хэсэг байгууллаа. Ямар бүрэлдэхүүнтэй байна вэ?
- “Аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга ахална. Гишүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Хүний хөгжлийн хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын дарга байна. Нарийн бичгийн даргаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ажиллахаар шийдвэрлэсэн.
- Аймгийн хүний нөөцтэй холбоотой судалгаа, хөгжлийн чиг хандлагатай холбоотой төсөөлөл гээд нэлээд ажилтай байх нь. Бодлогыг хэзээ батлуулахаар зорьж байна вэ?
- Шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажиллана гэж төлөвлөж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүний нөөцийн бодлогыг аймгийн хөгжлийн ирээдүйн төлөв, мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн хангамж, хэрэгцээг мэргэжлийн болон шинжлэх ухааны байгууллагуудын оролцоотойгоор судлан боловсруулж 2021 оны 4-р улиралд багтаан танилцуулахыг үүрэг болгосон.
- Та олон жил Тамгын газрын дарга алба хашиж хүний нөөцийн бодлого барьж байсан. Төрийн албаны хүний нөөцийг хангах талаар ямар арга хэмжээ авч байсан бол?
- Төрийн албаны шинэ хууль, Төрийн албаны дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх гээд олон ажил уялдаатай явж ирсэн. 2000-аад оны эхээр аймгийн хэмжээгээр 2300 төрийн албан хаагч ажиллаж байсан. Төрийн албаны шалгалтад орох иргэний тоо харьцангүй бага байлаа. Тэр үеэс аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүдээс гадна төрийн захиргааны анхан шатны байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээ авсан. Сум бүрээс хоёр хүнийг Удирдлагын академийн дипломын боловсрол олгох сургалтадявуулж байсан. Тэдний ихэнх нь өнөөдөр сумын ЗДТГ, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг албыг хашиж байна.
Аймгийн хэмжээгээр энэ оны байдлаар 3800 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа байх. Зарим сум, байгууллагад мэргэжлийн хүмүүс дутагдалтай гэсэн судалгаа, мэдээлэл бий. Тэгэхлээр аймгийн хэмжээний хүний нөөцийн бодлого чухал. Төрөөс хувийн хэвшил, хувийн хэвшлээс төрд орж ажиллах боломж байдаг ч төрийн албаны ажлын байрны тодорхойлолт шаардлага хангасан мэргэжлийн хүмүүс хөдөөд ховор байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд ч нарийн мэргэжлийн хүмүүс дутагдалтай байдаг.