"...Хэн тэднийг цар тахлыг импортлоодох гэсэн юм. Үнэхээр улс орноо хамгаалмаар байвал тодорхой хэмжээний эрсдэл гаргаад үндсэн дийлэнх массаа хамгаалах хэрэгтэй юм байгаа биз дээ. Нэг их эх оронч царайлаад монгол хүн Монголдоо ирэх ёстой ч гэх шиг юм яриад. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр яахаараа цөөнхийн эрх ашгийг хангахын тулд улс үндэснийхээ аюулгүй байдлыг дэнчин тавих ёстой юм. 3 сая монголчуудын аюулгүй байдал чухал юм уу 5, 10 хүний асуудал нь чухал юм уу..."
Гишүүнчлэлийн тоо, улс төрийн "тоглолтоороо" өөрсдийгөө том гэж хөөргөдөг 2 нам Монголд бий. Дээр бичигдсэн энэ үгийг хэлсэн хүн бол нэгнийх нь дарга. Товчоор хэлбэл ардчиллын эсрэг Ардчилсан намын даргын хэлсэн үг. С.Эрдэнийг энэ олон жил улс төрд явахдаа ийм мулгуу зүйл ярих юм гэж зүүдэлсэнгүй. Юманд хатгуулчихав уу, ахлах зөвлөх нь заагаад өгчихсөн үү бүү мэд. Ямар ч байсан 170 гаруй мянган АН-ын гишүүд дэмжигчид нь даргынхаа ярихыг сонсоод бөгс нь хичнээн их улайсан бол. МАН-ынхан ч яах вэ, дээр дооргүй л алгаа үрчээд С.Эрдэнийг хэрхэн "нүд рүүгээ хуруугаа хийхийг" хараад шэйрлэж суусан биз.
За яах вэ, түүний хэлснээр онгоц онгоцоор дүүрэн хэн нэгэн даргын эхнэр хүүхэд л Коронагоо тэврээд эх орондоо импортлохоор ирээд байгаа гэж бодъё. Тэгвэл тэд чинь монгол хүн биш юм уу. Даргын эхнэр хүүхэд, ээж, аав, хамаатан садан болж төрсөн нь тэдний хохь болно гэсэн үг үү. Өвчин туссан бол тэндээ үх гэсэн санаа юу. Та ч гэсэн Монголын дарга нарын нэг биз дээ. Таны логикоор бол жаахан эвгүй л зүйл төсөөлөгдөх нь байна. Гаднаас ирж буй иргэд эрсдэл өндөртэй гэдэг нь үнэн. Золоор эрсдэл нь харьцангуй гайгүй байгаа нь ч үнэн. Тусгаарлагдаж ирээд тусгаарлагдаад хэвтэж байгаа. Гэтэл үүнийг сүржигнүүлж, буруу талаас нь тайлбарлаж зогсох юм.
3 сая монголчуудын төлөө Монгол Улсынхаа 5, 10 иргэнээ хороо гэвэл АН-ынхан лав сийхгүй хороох бололтой. С.Эрдэнэ даргынхаа үед л АН ардчиллаасаа ухарсан байгаасай найдъя. Ер гадаадад 5, 10 монгол хүн байгаа гээд хэн түүнд хэлчихсэн юм бол. Үнэн хэрэгтээ 200 мянга хол давсан тооны монголчууд таван тивийн 40 гаруй улсад амьдарч байна. Таны логикоор бол 200 гаруй мянган хүнийг өвчин тусвал тус, үхвэл үх гээд үлдээх гээд байна л даа. Дэлхийн ямар ч улс орон энэ аюулт өвчний үед иргэдээ гадаад орноос буцаан татаж байна шүү дээ. Гэтэл ардчилал, хүний эрх ярьдаг үндсэн сэдэвтэй АН-ын дарга ийм ЗЭРЛЭГ КОММУНИСТ юм яриад зогсох юм. Зах, дэлгүүр гээд бүх үйлчилгээний төвүүд хаачихсан ажил хийж амьдралаа тэжээх ч нөхцөлгүй болсон монголчууд харийн оронд юугаа идэж, юугаараа байрны төлбөрөө төлөх болж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд яах вэ.
Ядаж үндсэн хуулиа уншсан л байгаа даа. Энэ мэт зэрлэгээр улс төр хийж Үндсэн хуулиа зөрчиж, нулимаад байвал өөрийн чинь хэлдгээр та нар хэн ч биш болно шүү дээ. Далжигнаад өвчнөөр улс төр хийж мэдэгдэл хийгээд байх юм байхгүй. Нөгөө амьд явах эрхтэй гэсэн үндсэн суурь ойлголтууд юу болж хувирах юм бэ. Яг үнэндээ дарангуйлал дунд ч ийм зэрлэг юм ховорхон доо. Өөрийн чинь шүүмжлээд байдаг коммунистууд ч гэсэн эрх мэдлийнхээ төлөө иргэдээ үхэл рүү түлхэж байгаагүй түүхтэй.
Сөрөг хүчин гэдэг чинь эрх баригчдын алдаа дутагдлыг нь засч залруулан зөв цагт зөв дуугардаг болохоос С.Эрдэнэ шиг ийм тэнэг юм яриад сууддаггүй байх. Яг үнэндээ тэнгэрийн замаас ч тэнэг сонсогдож байна. Хэрвээ АН эрх барьж байсан бол ард иргэдээ хүний нутагт үхэг гээд, өөрсдийнхөө хар амийг хоохойлох байж. Ирэх сонгуулиар АН ялбал С.Эрдэнэ дарга Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн болно гээд бодохоор цаанаасаа л нэг айдас хүйдэстэй. Ямар азаар АН-ын үед энэ аюулт өвчин тархчихаагүй юм.
Сонгууль юу юугүй хаяанд ирчихээд байдаг. Сөрөг хүчний байгаа царай нэг иймэрхүү. Ядаж байхад С.Эрдэнэ дарга нь МАН-ын хүн шиг л АН-аа хорлох юм. Нууцаар намын батлахаа сольчихсон ч юм шиг. 100, 100 сая гаргах намын нөхдөө боддоггүй юмаа гэхэд ядаж сонгуулиар өөрийгөө боддоггүй юм байх даа. Сонгууль өгөх эрхгүй болсон гээд хүний нутагт ажиллаж, амьдарч буй цөөхөн хэдэн монголчуудаа ингэж болохгүй шүү С.Эрдэнэ дарга аа.
Ч.Ган
Эх сурвалж: zaluucom.mn