Энэ сарын эхээр Сүхбаатар дүүргийн ХX хорооны нутагт дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Э архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эх 61 настай Т болон түүний хамтран амьдрагч 49 настай Б нарын амь насыг хөнөөсөн байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжүүлэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн юм. Тус онц ноцтой гэмт хэрэг Сүхбаатар дүүргийн XX хорооны “Цолмон 5” гудамжны задгай буюу уулын энгэр дэх тодорхой хаяггүй байшинд үйлдэгджээ.
Бэлх, Сэлхийн уулзвараас XX хорооны нутаг дэвсгэр дэх хэрэг үйлдэгдсэн гудамж руу өгсөх замд “УМ МА НИ БАД МЭ ХУМ” гэсэн бичигтэй уулын энгэр үзэгдэнэ. Уулын бэл дэх буланд нь ногоон төмөр дээр “Цолмон 2-р гудамж 1-25” гэж бичсэн хүрэн өнгийн банзан хашааны араар зүүн гар тийш эргэхүйд “Цолмон-5” гудамж руу орох аж. Сул хайрга бүхий замаар өгссөөр хад чулуу, мод бүхий уулын орой хэсэгт гарлаа. Энд гэр бүлийнхээ хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үйл явдал өрнөсөн байшин бий. Биднийг хэргийн газарт очиход хашааны хаалга болон байшингийн цонхыг “Орохыг хориглоно. Цагдаа” гэсэн улаан өнгийн бичигтэй, цэнхэр, цагаан алаг тууз татан битүүмжилсэн байв.
...Сэжигтэн Э 1990 онд төрсөн, өдгөө 30 настай. Хувиараа барилгын фасадны засвар үйлчилгээ хийдэг нэгэн аж. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ямар нэг төрлийн ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл болохыг ойрын эх сурвалж мэдээлсэн юм. Түүнчлэн сэжигтэн тус хэргийг үйлдсэнээс хойш найз нөхөдтэйгөө архидан, олон нийтийн газраар чөлөөтэй сэлгүүцэж байжээ. Ийнхүү дураар явахдаа өөрийн гараар хөнөөсөн хүмүүсийнхээ цогцостой зэрэгцэн хэргийн газарт хэдэнтээ хоноглосон байх юм...
Ногоон дээвэртэй, урдаа жижиг саравч бүхий жижгэвтэр тоосгон байшингийн хаалга, цонхыг төмрөөр битүүмжилж, дангинатал түгжжээ. Тэртээх уулын аманд зуслангийн дүнзэн байшингууд ярайж, намрын модод алтан шаргал, тунамал өнгөөр туяарч, зүс булаалдан харагдана. Гэвч хүн амины хэрэг үйлдэгдсэн гэх байшингийн урд талын ганц мод эмгэнэл илэрхийлэх шиг цэх гозойж, мөчир нь салхины аясаар намалзах нь уйтай. Хашаан дотор торойх ганц модыг түшүүлэн хувцас хатаагч дэлгэсэн харагдана. Гэвч өдгөө тус байшинд, энэ хашаанд хувцас угаах, нойтон хувцсаа тохох, хатаасан хувцсаа гэртээ оруулах хэн ч үлдсэнгүй ажээ. Хашааны хаалганаас гэрийн үүд хүртэл дурайх налж унасан шаргал өвс л энд хүн амьдарч байсныг, саяхан машин ороод гарсныг гэрчилнэ.
ТӨРСӨН ЭХ БОЛОН ТҮҮНИЙ ХАМТРАН АМЬДРАГЧИЙГ 60 САНТИМЕР ХЭРТЭЙ ТӨМӨР ТРУБАГААР ХЭДЭНТЭЭ ЦОХИЖ, АМЬ НАСЫГ НЬ БҮРЭЛГЭЖЭЭ
Хэрэг гарсан өдөр сэжигтэн болон талийгаач нар хамт архи уужээ. Энэ үеэр гэр бүлийн маргаан үүсэж, улмаар ширүүсэн сэжигтэн Э төрсөн ээж болон түүний хамтран амьдрагчийг 60 сантиметр орчим урттай төмөр трубагаар удаа дараа цохиж, амь насыг нь хөнөөсөн байна. Улмаар хэргийг нуун дарагдуулах оролдлого хийжээ. Хэрэг болсон газар зуслангийн бүс нутагт оршдог бөгөөд төв замаас зайдуу, ойр хавийн айлууд эзгүй байсан тул сэжигтэн Э талийгаачдын цогцсыг хэргийн газар болох өөрийн гэрт нууж, өөрөө ирэн очин байсан аж. Ийнхүү гадуур сэлгүүцэх явцдаа Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэсвгэрээс согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эргүүлийн цагдаад баригджээ.
Тодруулбал, сэжигтэн Э-г есдүгээр сарын 15- ны өдрийн 10:00 цаг орчимд тус дүүргийн XVI хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Батзаяа, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрхбаяр нар эргүүл хийх явцдаа архины хамааралтай байж магадгүй хэмээн сэжиглэн саатуулан шалгаснаар хүний аминд хүрснийг нь илрүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү энэ сарын 2-нд үйлдэгдсэн хэрэг даруй 13 хоногийн дараа илэрчээ. Үнэхээр ч хэргийн газарт очиход хөрш айлууд эзгүй, нам гүм байсан юм. Уртаашаа 60 орчим, өргөөшөө 40 гаруй алхам төмөр хашааны голд байрлах жижиг тоосгон байшин дотор мянга орилж, түмэнтээ хашгирсан ч хүний чихэнд сонстохооргүй алс ажээ.
Магад талийгаачийн чихэнд хойд уулын бэл дэх хаданд цуурайтсан өөрийнх нь аврал ирсэн дуу л эцсийн удаа сонстсон байх гэмээр. Байшингийн баруун тал дахь жижгэвтэр цэцгийн мандлаас дөнгөж цухуйж буй ягаан, цагаан өнгийн цэцэгс хорчийж, түүний наахна гурав орчим настай модны үрсэлгээ шарлан үгжиржээ. Хашааны баруун урд булан дахь шувуун нуруутай, модон жорлонгийн эхүүн үнэр, хэр даг болсон нохойн хоолны идүүр, төмөр шонд өлгөөтэй цахилгаан тоолуур л хэдхэн хоногийн өмнө энд хүн амьдарч байсныг гэрчлэх шиг. Мөн үзүүр ирмэг нь ёрдойсон төмөр хашааны хажууханд намхавтар чулуун овоолго дээр хэзээ ч юм уясан өнгө, өнгийн хадаг яндар энэхүү орчныг улам ч гашуудлын дүртэй болгоно.
Одоогоор сэжигтэн, талийгаач нарын үндсэн хаяг тодорхойгүй байгаа юм. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн Э болон талийгаач Т, Б нар тус хороонд оршин суух хаягийн бүртгэлгүй бөгөөд үе үе ирэхдээ архидан согтуурдаг байсан. Арав гаруй насны зөрүүтэй тус хамтран амьдрагчид таарамж муутай байсан байж болзошгүй гэнэ. Мөн хэрэг илрэх үед талийгаачдын толгой, гавлын яс өтөж, цогцос нь өмхийрч, муудсан эхүүн үнэр ойр хавиар хадаж байсан тул хэргийг 12 хоногоос ч удаан хугацаанд нуун дарагдуулсан байх магадлалтай аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхийн шинжилгээгээр эцсийн дүгнэлт гарна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм. Ямартай ч хэдэн хаалганы цаадах оршин суугчдыг тавгүйтүүлэх үнэр танар орсон байсан гэхээр чамгүй удсан нь тодорхой юм.
ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ
Төрсөн эх болоод хойд эцгээ трубагаар хэдэнтээ цохиж хөнөөсөн гэх сэжигтэн Э 1990 онд төрсөн, өдгөө 30 настай. Хувиараа барилгын фасадны засвар үйлчилгээ хийдэг нэгэн аж. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ямар нэг төрлийн ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл болохыг ойрын эх сурвалж мэдээлсэн юм. Түүнчлэн сэжигтэн тус хэргийг үйлдсэнээс хойш найз нөхөдтэйгөө архидан, олон нийтийн газраар чөлөөтэй сэлгүүцэж байжээ. Ийнхүү дураар явахдаа өөрийн гараар хөнөөсөн хүмүүсийнхээ цогцостой зэрэгцэн хэргийн газарт хэдэнтээ хоноглосон байх юм. Талийгаач сэжигтэн Э-ээс гадна нэг хүүхэдтэй. Тэр хүүхэд нь гаднын оронд ажиллаж, амьдардаг гэх. Одоогоор талийгчдын ажил явдал болж амжаагүй байна. Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.