Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тойм: “Бидний эх хэл бол Монгол, бид эх хэлнийхээ төлөө амиа өгнө”

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны дунд сургуулиудад хичээлийг монгол хэлээр бус хятад хэлээр зааж эхэлснийг эсэргүүцсэн тэмцэл дэлхийн анхаарлын төвд байна. Тодруулбал, шинэ журмын дагуу Өвөрмонгол хүүхдүүдэд заадаг гол гурван хичээлийг Хятадын албан ёсны хэл болох мандаринаар заахаар болсныг БНХАУ-ын хойд нутгийн Өвөрмонголчууд эсэргүүцэн жагссан юм. Харин Бээжин хотод болсон Хятад улсын гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр  энэ асуудал сөхөгдөж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь  тайлбар өгсөн. Тэрээр “Холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд Хятад улсын Засгийн газар монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.
 Энэ оноос Өвөрмонгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа. Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн байдлаар 10 мужийн 21 мянган иргэн гарын үсгээ зурсан 196 өргөдлийг бүс нутгийн Засгийн газрын  боловсролын товчоонд өгчээ. Эх хэлний төлөөх энэ тэмцлийн талаар дэлхийн бусад хэвлэлүүд хэрхэн бичиж байгааг орчуулан хүргэж байна.
 
 
BBC: “ХЯТАД УЛС МОНГОЛ ХЭЛИЙГ УСТГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА” 
Хятадын  хойд зүгт орших монгол үндэстнүүд монгол хэлээр заах хичээлийн тоог бууруулсныг эсэргүүцэн жагссан нь ховор үйл явдал боллоо. Хятадын автономит муж болох монгол үндэстэн хамгийн их суурьшдаг Өвөрмонголын сургуулиудад есдүгээр сараас улс төр, түүх, уран зохиол гэсэн гурван хичээлийг Монгол хэлнээс мандарин хэл рүү шилжүүлэх  шинэ журам гарчээ. Үүний улмаас мягмар гаригт хичээлийн шинэ жил эхэлсэн ч зарим эцэг эх хүүхдүүдээ сургуульд нь явуулаагүй байна. Учир нь энэ журам тэдний хэл, соёлд аюул учруулна гэж үзэж олон мянган эцэг эх, сурагч жагсаж байна. “Бидний хэл бол монгол, бидний эх нутаг үүрд Монгол байх болно. Бидний эх хэл бол монгол, бид эх хэлнийхээ төлөө амиа өгнө” гэж сурагчид жагсаалын үеэр хашхирч байсан гэж АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг “Radio Free Asia” цахим хуудас мэдээлжээ.  Түүнчлэн   энэ шийдвэрийг эсэргүүцсэн өргөх бичигт хурууны хээ, гарын үсгээ зурж буй гэрэл зургууд нийгмийн сүлжээнд цацагдаж байна.
 
“ХҮҮХДҮҮД МИНЬ МОНГОЛ ХЭЛЭЭ МАРТАХ ВИЙ ГЭХЭЭС СЭТГЭЛ ТҮГШИЖ БАЙНА” 
Нью Йорк хотод төвтэй Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн мэдээлснээр  энэ шийдвэрээ сургууль хичээллэж эхлэхээс цөөн хоногийн өмнө зарласан нь  бүс нутаг даяар Өвөрмонгол эцэг эхчүүдийг бухимдуулаад байна. Зарим эцэг эх хүүхдийнхээ хичээлийг тарахаас өмнө буцаан авсан нь мөргөлдөөн үүсгэжээ. “Сургуулийн дотуур байр руу эцэг эхчүүд орохоос сэргийлсэн зуу зуун цагдаа зогсож байсан.  Цаг орчим зогссоны дараа эцэг эхчүүд хаалгыг эвдэлж орж, хүүхдүүдээ авсан“ гэж Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн гишүүн ярьжээ.  Мөн эрх баригчид Өвөрмонголчуудын үг хэлэх эрхийг хааж, твиттертэй адилхан платформ болох “Weibo” дээр энэ эсэргүүцэл, жагсаалын талаарх мэдээлэл тавигдвал шууд устгаж байв.  Харин зарим эцэг эх хүүхдээ сургуульд нь явуулахгүй гэрт нь үлдээжээ. Тухайлбал, найман мужийн 1000 орчим сурагчтай сургуульд ердөө 40 хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн сурагчийн зарим нь бодлоо өөрчилж ердөө 10 нь сургуульдаа үлджээ. Тиймээс багш нар сурагчдаа буцаан авчрахаар гэрт нь очсон байна. Гэвч эцэг эхчүүд “Хичээл заах хэлийг өөрчилсөн нь тэдний төрөлх хэлэнд аюул учруулж байгаад санаа зовнисон тул хүүхдээ сургуульд явуулахгүй” гэж хариулжээ.  Шилийн гол аймгийн малчин “Хүүхдүүд минь төрөлх монгол хэлээ мартах вий гэхээс сэтгэл түгшиж байна. Өвөрмонголын бүх хүн  шинэчилсэн сургалтын төлөвлөгөөг эсэргүүцэж байна” хэмээн “AFP” агентлагт ярьжээ. Мөн өөрсдийн харьяанд байсан  улсад санаа зовнисон зарим хүн Монгол Улсын нийслэлд жагсаж, шаардлага хүргүүлсэн байна.  Өвөрмонголын  Ардын намын дарга Темцилту Шобцоод “Хятад улс монгол хэлийг устгахыг зорьж байна.  Цөөнх үндэстэн Өвөрмонголд мандарин хэлээр хичээл заах нь “соёлын геноцид”-ын нэг хэлбэр мөн. Дэлхий нийтээрээ хүний эрхийн тухай ярьж байгаа боловч хангалттай үр дүнд хүрэхгүй байна” хэмээн “BBC”-д ярилаа.
 
CNN: МОНГОЛ ХЭЛ МӨХВӨЛ МОНГОЛ УГСААТАН МӨХНӨ 
 
Хятадын Коммунист нам өөрийн захиргаан дахь цөөн монгол үндэстнийг өөрсдөдөө уусгах үйл ажиллагаагаа эрчимжүүлж эх хэлээр нь боловсрол олгохгүй байх шинэ хөтөлбөр боловсруулсныг эсэргүүцсэн маш ховор жагсаал Өвөрмонголд боллоо. Хятадын автономит Өвөрмонголын өөртөө засах оронд 4.2 сая монгол хүн амьдардаг. Тэдний амьдардаг мужийн дунд болон бага ангид монгол хэлээр ордог байсан гурван хичээлийг Хятадын мандарин хэлээр заах шинэ журам баталжээ.  Сурах бичгүүдийг хятад хэл дээр хэвлэсэн нь цөөнх үндэстнүүдийн  сурагчдын боловсролыг нэмэгдүүлж, ажилд орох бололцоог сайжруулах ач холбогдолтой гэж Бээжингийн бодлого тодорхойлогчид тайлбарлалаа. Харин цөөнх үндэстний сурагчдын эцэг эхчүүд энэ журам нь монгол хэлийг аажмаар устгаж, соёлыг устгахад хүргэж болзошгүй гэж айж байна. Ихэнх сургуульд мандарин хэлийг сургалтын хэл болгосон нь Төвд, Шинжаан мужуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай адилхан гэж ажиглагчид үзэж байна. Энэ долоо хоногт Хятадын хичээлийн шинэ жил эхэлсэн ч Өвөрмонгол эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь явуулаагүй учир ихэнх анги танхим нь хоосон хэвээр байна. “Бүх монгол хүн энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Монгол хэл мөхвөл монгол угсаатан мөн мөхнө” хэмээн найман настай хүүгийн аав ярилаа. Эрх баригчдын хариу үйлдлээс айж тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
Хилийн чанад дахь монголчууд болон хүний эрхийн байгууллагын “CNN”-тэй хуваалцсан бичлэгт эцэг эхчүүд сургуулийн гадаа цугларч, монгол дуу дуулж байгаа харагдсан юм. Өөр нэг бичлэгт сурагчид сургуулийн төмөр хашааг нурааж, сургуулиасаа яаран гарч явч байв. Мөн “Монголчууд өөрсдийн төрөлх Монгол хэлээ хамгаалахыг хичээж байна” хэмээн сурагчид хашгирсан юм. Хилийн чанад дахь монголчууд болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр энэ шийдвэрийг эсэргүүцсэн өргөх бичигт бүс нутгийн хөгжимчдөөс эхлээд орон нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүд хүртэл гарын үсэг зурсан сурагтай. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн байдлаар 10 мужийн 21 мянган иргэн гарын үсгээ зурсан 196 өргөдлийг бүс нутгийн Засгийн газрын  боловсролын товчоонд өгсөн гэж нутгийн иргэдтэй дотно харилцаатай байсан монголч эрдэмтэн ярив. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Өвөрмонголд болж буй энэ жагсаалыг улс төрийн далд санаатай хэмээн няцаажээ.
Монгол бол Хятадын эзэнт гүрнийг захирч байсан хоёр үндэстний нэг юм. XIII зууны үед Монголын Эзэнт гүрэн  Евро Азийн ихэнх улсыг эзэлж, тэр дундаа МЭӨ 1271-1368 онд Хятадыг Юань гүрэн хэмээн нэрлэж байсан юм. Харин дэлхийн II дайны дараа Хятадын Коммунист нам Өвөрмонголыг эрхшээлдээ авч, Монгол орны зүүн өмнөд хэсэгт орших өргөн уудам нутгийг эзэмшиж 1947 онд Өвөрмонголын Өөртөө засах орныг байгуулсан.  БНХАУ-ын автономит улс болсноос хойш 24 сая Өвөрмонгол хүний ердөө зургаа орчим хувийг л цэвэр монгол хүн эзэлж байна гэсэн сүүлийн үеийн судалгаа гарчээ. Төвд, Шинжаан үндэстнүүдтэй харьцуулахад Өвөрмонгол хүчирхийллээс ангид явж ирсэн. Гэвч ядуурал, бэлчээрийн даацыг бууруулах зорилгоор малчдыг суурин газар руу нүүлгэсэн юм. Энэ үйл явцын талаар Нью-Йоркт байрладаг Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал Энхэбату Тогочог “Монголын уламжлалт амьдралын хэв маягийг бодлогын нөлөөгөөр устгасан. Сая гаргасан энэ шинэ бодлого нь Монголын гол соёлыг устгах явдал юм” гэжээ.
 
“БҮХ ХИЧЭЭЛИЙГ МАНДАРИН ХЭЛЭЭР ЗААДАГ БОЛОХ ВИЙ ГЭХЭЭС АЙЖ БАЙНА” 
Иргэдийн эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан тул Өвөрмонголын эрх баригчид  уран зохиол, улс төр, түүхийн хичээл зөвхөн гурван жил мандарин хэлээр орно хэмээн эцэг эхчүүдийг тайвшруулахыг оролдож байна. “Бусад хичээл монгол хэлээрээ орох тул хоёр хэлний боловсролын систем өөрчлөгдөөгүй” гэж  мужийн Засгийн газар мэдэгджээ. Гэсэн ч монголчууд аажимдаа бүх хичээлийг мандарин хэлээр ордог болгохвий хэмээн айж байна. Учир нь Шинжаан мужид 2018 оны есдүгээр сараас эхлэн бага болон дунд сургуульд бүх хичээлийг мандарин хэлээр зааж эхэлсэн юм. Мөн Төвдийн бага сургуульд мандарин хэлээр хичээл заадаг. “Хятад, Өвөрмонгол хоёр бүс нутаг олон жилийн турш хос хэлний боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч бодит байдал дээр мандарин хэл давамгайлдаг” гэж хүний эрхийн байгууллагын гишүүн ярилаа. “Хэрэв цөөнх үндэстэн нийтийн хэлийг сайн сурвал ажилгүйдлээс сэргийлж, орчин үеийн шинжлэх ухаан, соёлын мэдээллийг цаг тухайд нь авч чаддаг болно” гэж БНХАУ-ын удирдагч Си Зиньпин 2014 онд ярьж байв. Өвөрмонгол хүүхдүүд бага ангиасаа уйгуржин монгол бичгийг сурч эхэлдэг. Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал Энхэбату Тогочог “Хятадын үндсэн хуулинд “бүх үндэстэн өөрсдийн хэлээр ярих, бичих эрхтэй” гэж заасан байдаг. Хүмүүс Засгийн газрыг энэ амлалтаа биелүүлэхийг шаардсан юм. Өвөр монголчууд өөрсдийн хэлээ хамгаалахыг хүссэн болохоос хүний эрхийн талаар яриагүй” гэжээ.
Гэхдээ сүрдүүлэг аль хэдийн эхэлсэн гэж иргэдийн төлөөлөл ярилаа. Шилийн гол аймагт амьдардаг 38 настай эмэгтэй “Монголчууд хоорондоо харилцахдаа ашигладаг “We chat” аппликейшн, монгол хэл дээрх цахим сайт “Bainu”-г хүртэл хаасан. Түүчлэн намын гишүүн болон төрийн албан хаагчдыг хүүхдээ сургуульд нь явуулахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн.  Монголчууд эцсээ хүртэл тэмцэх болно” гэлээ.  Мөн Өвөрмонголын  зүүн хэсэгт орших Тунляо мужийн зарим дүүрэгт эсэргүүцэлд өдөөн турхирсан шалтгаанаар эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ.
 
TAIWANNEWS: “WE CHAT”-Г ХААСНААС ХАРИЛЦАА ХОЛБОО ТАСАРСАН 
Өвөрмонголд хичээлийг хятад хэлээр оруулна гэсэн шийдвэрээс болж олон мянган хүн гудамжинд  жагсаж, нэг   сурагч үсэрч  нас барсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ шийдвэрээс болж наймдугаар сарын 30-нд дунд сургуулийн сурагч сургуулийнхаа байшингаас үсэрсэн байна. Хууль, түүхийн хичээлийг хятад хэл дээрх сурах бичгээр орох журмыг зургадугаар сард Хятадын эрх баригчид баталжээ.  Тэд бусад хичээлийг монгол хэлээр хэвээр нь үлдээнэ, энэ гурван хичээлийг хятадаар заах нь сурагчдын мэдлэгийн нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан байна. Гэвч 2017-2018 онд Төвд, Шинжаанд хэрэгжүүлсэн бүс нутгуудад уйгур,төвд хэлийг хориглосон Хятадын Коммунист намын арга хэмжээтэй адилхан байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Хятадын цагдаа нар жагсаалын үеэр үндэсний сурах бичгийн бодлогыг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн бичлэг “We Chat”-д хуваалцсан гэсэн шалтгаанаар 23 хүнийг баривчилжээ. 
Мөн энэ бодлогыг эсэргүүцсэн Коммунист намын хоёр гишүүний цалинг олгохгүй гэж орон нутгийн захиргаа мэдэгдэв. Засгийн газрын зүгээс “Мандарин хэлийг сайн сурснаар ядуурлаас ангижирч, нийгмийн идэвхи, эдийн засгийн байдал сайжирна. Гэтэл мандарин хэлийг сайн мэдэхгүй залуу хүн, малчид, дунд насныхан их байна” гэж мэдэгдэв. 
Мөн сургуулийн гадаа тоглож буй аз жаргалтай хүүхдүүдийн бичлэгийг хийгээд “Хүүхдүүд сургуульдаа эргэн ирлээ” гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. “Надад удахгүй аюул учирч магадгүй. Учир нь олон оюутны эцэг эх баригдлаа. Гэхдээ хүн бүр тууштай үгээ хэлээсэй” гэж хүсч байна хэмээн нэг оюутан мессежээр   хэлээд би үүнийгээ шууд устгах болно гэсэн юм. “Бид “We Chat”-аар мэдээлэл солилцдог байсан. Гэтэл хаачихсан учраас одоо холбоо харилцаа тасарч байна” гэж Өвөрмонгол иргэн ярилаа.
 
Б.ДолжинжавЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ