Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна.
2020 оны 03 сарын 09-ны өдрийн мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд зах, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 38.0 см, Их-уулд 34.0 см, Тосонцэнгэлд 32.0 см, Цагаан-хайрханд 27.0 см, Увсын Хяргаст 28.0 см, Малчинд 26.0 см, Баруунтуруунд 22.0 см, Завханы Тэсд 28.0 см, Ярууд 25.0см, Улиастайд 24.0 см, Хөвсгөлийн Жаргаланд 25.0 см, Галтад 24.0 см, Архангайн Өлзийтөд 23.0 см, Булганы Баян-Агтад 25.0см зузаан цастай байна. Энэ оны 3 дугаар сарын 01-ний үнэлгээгээр 8 аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна.
Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна.
Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрүүдтэй уулзалт зохион байгуулж 1 тн хивгийг дунджаар 470.0 мянган төгрөгөөр худалдаалж байсныг 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар харилцан тохиролцсон. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн засаг дарга нарт мал хаваржилтад шаардлагатай тэжээлийг нэгдсэн байдлаар шуурхай худалдан авах арга хэмжээ авах тухай сайдын 01/854 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Дээрх зохицуулалтын арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 7 хоногт Булган аймаг 87 тн хивэг, Архангай аймаг 50 тн хивгийг “Улаанбаатар гурил” ХХК-аас авсан байна. Өвөрхангай аймаг “Милл хаус” ХХК-тай 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн салбараас худалдан авах үнийн зохицуулалт хийж байна.
Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй 7 аймагт тус бүр 50.0 сая нийт 350.0 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгов.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Архангай /3/, Булган /5/, Говь-Алтай /15/, Хэнтий /6/, Ховд /7/, Өвөрхангай /19/, Увс /4/, Сүхбаатар /2/ 8 аймгийн 61 сумын 1000 эмзэг бүлгийн малчин өрхөд тус бүр 240.0 мянган төгрөг, 115.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын /малын долооц, загасны тос, амин тун, нүдний тос, туурайн тос/ нийт 355.0 сая төгрөгийн тусламж үзүүлэв.
Одоо Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Дундговь зэрэг 10 аймгийн 44 сумын 1028 өрх тус бүрт 240,000 төгрөг, 127.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багц олгохоор бэлтгэж байна. Хөвсгөл аймагт энэ ажлыг 03 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
НҮБ-ын ХХААБ-аас Дундговь /10-200/, Дорноговь /5-100/, Төв /5-100/, Баян-Өлгий /2-50/ зэрэг 4 аймгийн 450 өрх тус бүрт 275.0 мянган төгрөг, 145.0 мянган төгрөгийн малын эрдэс, амин дэмийн багц нийт 189.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байна.