Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын 336 иргэн санаачилга гаргаж "COVID-19" вирусний халдвар эрчимтэй тархсан Казахстан Улсад 12 сая төгрөгийн хандив өргөсөн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл, Казахстан Улсын Шадар сайд Ералы Тогжанов Казахстан Улсад туслах «Сэтгэлийн дэм» аянд нэгдсэн манай улсын иргэдэд талархлын захидал ирүүлсэн талаар тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Тус захидалд, «Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгасан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Элэг нэгт Монгол Улсын 336 иргэн манай улсад тусалсан явдлыг Казахын ард түмэнд үзүүлсэн том дэмжлэг хэмээн бид үзэж байна. Та бүхний өргөсөн хандив хоёр улсын ард түмнийг улам ойртуулахад хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Энэхүү боломжийг ашиглан эрхэмсэг найзууд Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, гэр бүлд тань баяр баясгалан, элэг нэгт Монгол Улсад энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе» хэмээжээ.