
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “С.Баярцогт гишүүний асуултад хариулъя” хэмээн “хэгжүүрхнээс” болж АН-ын бүлгийн гишүүд уучлалт гуйтал нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүйгээ мэдэгдээд хэд хонож буй. Энэ зуур үүнийг далим болгож сошиал орчинд Ж.Баярмаа гишүүний үр хүүхэд, ар гэрийг элдвээр хэлэх, төрсөн ах Ж.Мэндбаярынх нь 2006 оны үеийн Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой асуудлыг дүүд нь нялзаах зэрэг “далим” авсан гүтгэлгийн үйлдлүүд ч гарч эхэлсэн.
Эдгээр гүтгэлэгт хариу болгож Ж.Баярмаа гишүүн холбогдох газарт нь хандахаа хэлсэн.
Юутай ч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлалт гуйж, АН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаргаас эхлүүлсэн завсарлагаа өндөрлүүлэв.
Чуулганы танхимд үл ойлголцох, үг хэлээр дайралцах, үзэл бодлоороо эсрэгцэх үйлдэл нэг бус удаа гардаг. Харин хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйна гэдэг бол хүчтэй улстөрчийн шинж болдог. Ямар боловч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлалт гуйснаараа бас чиг шийртэй улстөрч болж яваагаа харууллаа.