Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гайхамшигт Монгол морьд


Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулав

Мянга, мянган жилийн тэртээгээс төв Азийн цээжинд эзэн Чингис хааны бүтээсэн Их монгол улсын Алтай, Хянганы завсар асар уужим тал нутгийн малчин монгол хүн, морь хоёр хамтдаа энэ дэлхий дээр тэнгэрийн хаяа, газрын эцэст хүртэл бэрхшээл бүхнийг сөрж оршин тогтнож ирсэн бөлгөө. Иймээс монгол морь бол монголчуудыг үүсэн бий болсон цагаас эхлэн ямагт хамт явж, хөлийг нь дөрөөнд хүргэсэн шандаст хүлэг, сайн нөхөр нь юм.

Монгол морины үүх, түүх монголчуудын амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн молор эрдэнэ хэмээн шүтэж, төрийн сүлдийнхээ голд залсаар иржээ.

Морь бол монголчуудын хувьд аз хийморийн билэгдэл агаад ямарч айлд цай, идээ бэлэн болж байх үед ч юмуу, найр хурим, ямар нэг сайн үйлийн үед ирсэн хэнийг ч болов “Морь сайтай явж байна” хэмээн урмын үг хэлж мялаадаг. Энэ нь тэр хүн аз хийморьтой явж байна гэсэн утга агуулж буй. Тэрээр морьгүй, машингүй, бүр явган ч ирсэн байж болно. Иймээс “морь сайтай байна” гэдэг үг бол тэр хүний аз хийморийг морьтой зүйрлүүлэн дээдэлж буй монголчуудын уран сэтгэмж юм. Хуучны хүмүүсийн “Унах морьгүй, унтах оргүй” хэмээн ярьдаг нь монгол хүн морьгүй байх нь хэний ч санаанд үл багтах, ядуу дорой байдлыг хэлэх агаад хувь заяа, аз хийморь нь лойсон муу совин дагуулдаг хэмээн үздэг байжээ. Энэ үг бол мэдээж хуучных, өдгөө морь нь үгүй ч далд утга нь бол үлдсэн. Хаан төрийнхөө эв, хүчит баатруудынхаа чадал, хурдан хүлгийнхээ хурдаар дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж асан монголчууд дайн дажинд нэрвэгдсэн хөршүүддөө шандас сайт хүлэг морьдоороо тусалж байсан түүхтэй юм. Монгол морио гэж...Энэ молор эрдэнэ зөвхөн монголчуудад ч бус дайнд нэрвэгдсэн бусад ард түмэнд ч жинхэнэ шандаст сайн хүлэг гэдгээ баталж чадсан юм. Дөчөөд оны эхэн бол монголчууд бидний хувьд их хэлмэгдлийн дараа, дайнд мордох эр хүнгүй шахам, он дамжсан их зудтай, хүндхэн үе байлаа. Гитлерийн Герман 1939 онд Польшийг эзэлснээр эхэлсэн Дэлхийн хоёрдугаар дайн, 1941 оны 6 дугаар сарын 22-д манай хойд хөрш ЗХУ-д дайн зарлалгүй гэнэт довтлон ЗХУ-ын хувьд энэ дайн эхэлсэн юм. Германы арми ЗХУ-ын олон хотыг эзэлж эхэлснээс хойш энэ дайн тасралтгүй дөрвөн жилийн турш  үргэлжлэн Орос орон 27 сая иргэнээ алдсан, асар их гарз, үхэл хохирлоор энэ дайнд ялсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 8-9-нд ОХУ-ын төр, ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноор энэ 2025 оны энэ өдөр 80 жилийнх нь ой тохиож буй юм. Энэ ой бол монголчууд бидний хувьд болон Гитлерийн  Германы эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр дэмжин оролцсон дэлхийн олон орны агуу их ялалтын баяр, оршин тогтнолынх нь түүхэн баталгаа болж байна. Иймээс монголчууд бид бол фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсан орны тоонд зүй ёсоор орж буй юм.

БНМАУ-ын Бага хурал 25 дугаар тогтоол гарган энэ их баярыг жил бүрийн 5 дугаар сарын 8-9 өдрүүдэд тэмдэглэж байхаар шийдсэн байна. Энэ тогтоол хүчинтэй хэвээр байгаа.

Дэлхийн хоёр дахь социалист орон БНМАУ дөчөөд оны эхэн тэр үед ЗХУ-ын шахалтаар бий болсон их хэлмэгдлийн хүнд үед эрчүүд нь лам, хар, шар феодал, хөрөнгөтөн эсвэл хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хилс хэрэгт татагдаж ялын дээд хэмжээ авч хороогдсон байв. Гэсэнч  монголчууд их хэлмэгдэлд идэвхтэй оролцсон ЗХУ-ын тухайн үеийн улс төрийн өөр нөхцөл байдалд болоод өнгөрсөн аймшгийг ардаа үлдээн дэлхийн хэмжээнд нүүрлэсэн Гитлерийн Германы их аюулын эсрэг хатуу зогсон, өмнө тулгарч буй аюулын эсрэг нэгдсэн юм. БНМАУ-ын АИХ зарлиг гарган ЗХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж Гитлерийн эсрэг энэ дайнд эхнээс нь аваад дуустал нь хөршдөө эрвийх дэрвийхээрээ тусалж, өөрсдөө дайны байдалтай, бүхнээ фронтод зориулж байлаа. Зовох цагт нөхрийн чанар аа... гэж ЗХУ-д туслахаар хамгийн үнэнчээр зүтгэсэн цорын ганц орон бол БНМАУ юм. Германы фашистуудын эсрэг дэлхийн дайны холбоотон Америк, Англи улс зэр зэвсэг,онгоц, танк, их буу хэдэн арван мянгаар, хоол хүнсээр тусалсан юм гэнэ лээ. Америкчууд Номхон далайд Германы хамсаатан Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсон. Гэхдээ тэд дайны дараа эргүүлэн төлүүлэх гэрээтэй, бас дайсны талтай ч давхар нууц хэлцэлтэй байсан тухай оросын эх сурвалжуудад гардаг. Тэд энэ дайнд аль дийлсэн талынх нь ялалтын тугийг өргөлцөхөд бэлэн байсан байж ч болох юм. Монголчууд бидний хувьд бол ЗХУ-д хоёргүй цагаан сэтгэлээрээ л тусалсан, үүгээрээ ч бид хожсон гэж би боддог юм.

Монголчууд нийтдээ 4-5 удаагийн тусламжийн цуваа явуулсан байдаг: Анхны цуваа 1941 оны арвандүгээр сард очсон гэдэг. Орос оронд маш хүйтэн байсан тэр үед 10 гаруй мянгаад хонины нэхий богино дээл |полушубка|, малгай, бээлий, эсгий гутал, мах хүнсний зүйлийн хамт авч очсон.

Энэ дайн ЗХУ-д довтолохоос өмнө Европын орнуудад  1939-1941 явагдаж хот тосгодыг оршин суугчдынх нь хамт устгаж байв. |Катынь, Волин| Хорих лагерууд бий болж |Аuschwitz-Birkenau |Oświęcim|-д| хорт хийгээр 1 сая гаруй еврэй, польш болон бусад оны иргэдийг хөнөөж байв. Энэ дайнд бараг хөндөгдөөгүй онцгой нэг сэдэв байдаг.

Тэр бол монголчууд бидний ЗХУ-ын армид бэлэглэсэн монгол хүлэг морьд, үхэх сэхэхийн дэнсэн дээрх энэ дайнд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай юм. Эх орноо хамгаалах ариун үйлст иргэн бүр нь чин сэтгэлээсээ оролцон, ялалт эсвэл үхэл хэмээн тангараг тавьсан ЗХУ-ын улаан арми, баатар хотуудынхаа хамт Гитлерийн Германы эсрэг энэ аймшигт дайнд ялсан гол хүч бол эх оронч, эрс шийдэмгий, үхлээс ч айгаагүй хатан зоригт Зөвлөлтийн баатарлаг ард түмэн, тэдний эв нэгдэл байв. Эхэлсэн өдрөөс нь хойш 1414 хоног үргэлжилсэн энэ дайнд ЗХУ |фронтод 20 сая цэрэг| нийт 30 орчим сая иргэнээ алдсан бөгөөд ард үлдэгсэд нь өнчрөл зовлонд учраагүй нэг ч хот суурин, нэг ч гэр бүл үлдээгүй гэдэг. Ийм их хохирлоор оросын баатарлаг ард түмэн эх орноо хамгаалж Берлин хүртэл явах замдаа зөвхөн өөрийгөө ч бус европын олон орныг дайны аюулаас чөлөөлж тусгаар улс болох эхлэлийг нь тавьсан юм. Хоёр улсын хооронд эхэлсэн гэх энэ дайн цааш холбоотнууд нь талцан тэлж бүх европ даяар болон дэлхийн 60 гаруй улс орон, хоёр тэр бум хүн, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олноор үрэгдсэн байна. Энэ ширүүн дайн тулаанд монгол морьд хамт явж, дэлхийд хамгийн том газар нутагтай орос орны өндөр уулс, өргөн талд цомбон туурайныхаа мөрийг үлдээсэн нь оросын ард түмний ой санамжид орших түүхэн үнэн юм. Монголчууд бид энэ гавъяаг нь үнэлж монгол мориныхоо тухай, цэрэг эрсийнхээ тухай олон сайхан дуу бүтээсэн авъяаслаг зохиолчид Д.Тарваа, Лха. Дорж нар үг, аяыг нь хийж, алдарт дуучин Цогзолмаа гуай дуулсан “Монгол морь” “Цэнхэр дурдан алчуур” хэмээх дуунууд юм. Энэ дууны эхний нэг бадгийг, дахилтын хамт сийрүүлвээс

Яруу алдарт эх орноо
Ялалтаас ялалтад дэвшүүлж
Ялгуулсан тугаа мандуулахдаа
Ямагт бид морьтойгоо явсан.
Монгол морины чадал
Хэмжээлшгүй ихийн адил
Монгол хүний зориг
Хязгаарлашгүй их байдаг.... гэдэг бадгууд нь өнөө үеийн зохиолын дуунаас арай өөр, эрмэлзлэл,зориг дүүрэн, шулуун төгс үгтэй тул энхийг хүссэн хэн бүхний сэтгэл зүрхэнд амилан шингэдэг увидастай байж дээ. Эх оронч, оновч, хурц үгтэй энэ шүлэгт Лха Доржийн цэх шулуун, эрэлхэг давшингүй зориг дүүрэн агаад явдал сайт морины гүйм хатираар яваа мэт хэмнэл, Цогзолмаа гуайн тунгалаг хоолойн цар хүчээр түргэн урсгалт голууд нийлж мөрөн болохуй эрч хүчээ авч даргилан тэлэх лугаа адил цуурайтах нь тэр үеийн хүн бүхний сэтгэлийн угт хүрч, эх оронч үзлийг бадраан, фашизмын эсрэг үйлсэд уриалж байлаа. Энэ дуунд монгол хүний эх оронч үзэл санааг монгол морьтой нь холбон гаргасан байдаг. “Монгол морь” дууны амин чанар нь энэ юм. Дайны дараа ч энэ дуу хүн бүхний сэтгэлд шингэн үлдэж бидний үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн юм даа. Лха Дорж бол тэр үеийн Хязгаарын цэргийн чуулгын уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа олны дунд “Цэнхэр дурдан алчуур” нэрээр мөнхөрсөн “Амрагийн дуу” цэргийн сэдэвтэй олон сайхан марш, дууны ая бичсэн Монгол цэргийн дууны их оргил, түүхэн уран бүтээлч хүн юм. Энэ хүний жинхэнэ овог, нэр нь Лхавааны Дорж боловч ард түмний дунд Лха Дорж нэрээрээ алдаршсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарсан эдгээр дууг монголчууд дуулж, тэр үеийн хүүхдүүд бид монгол ёс заншлаар хүмүүжин, хүн төрхөө олж байсан даа. Энэ дууны үг бүхэн эзэн Чингисийн үеэс эхтэй, монгол цэргийн сүр, морины хүчийг илэрхийлж буй.

Мянгат, түмд нь л батальон, дивиз гэдэг үгээр солигдсон ч хүлэг морьд нь хэвээрээ л байсан. Богд эзэн Чингис хаан өсөх наснаас эхлээд амьдралынхаа турш олон сайхан хүлэг морьтой байжээ. Орог шинхул мориороо гурван хоног явж найман шаргаа дээрэмчдээс авч, ам цагаан хул морио унан аймшиггүй зоригт дайчдаа дагуулан хоногийн газрыг цагаар товчлон, газар дороос ургасан мэт гэнэт дайсныхаа өмнө гарч ирэн ялж байв. Дэлхийн дайн эхэлсэн дөчөөд оны эхээр монголчууд аж үйлдвэрийн комбинатын |АҮК| тэргүүний ажилчин хүмүүсдээ “ударник” |Хөдөлмөрийн аварга| цол олгож эхлэсэн гэдэг. Тэр үеийн Улсын ударник цол бол өнөөгийн МУ-ын Хөдөлмөрийн баатартай дүйж байсан хэрэг л дээ. Налайхын уурхайчин Товуу гэдэг эмэгтэй өөрийн хүрэн мориороо олон жил уурхайн гүнээс нүүрс зөөн төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлж мориныхоо хамтаар “Улсын ударник” цол шагнуулж байсан нь түүхэнд үлджээ. Ингэж монгол морь Улсын ударник болж олны хайрыг хүлээснээр “Омголон хүрэн” гэдэг дуу гарсан юм билээ.
Уурхайн ажилчин ударник би
Омголон хүрэн морьтой доо.
Мянган хувийнхаа нормыг
Мориныхоо хамтаар биелүүлдэг.. гээд л дуулж байлаа шүү дээ. Энэ сайхан дууг чухам хэн зохиосон юм болдоо. 1941 оны дундуур Дэлхийн дайн эхэлчихсэн Гитлерийн арми Зөвлөлт улсын олон хотод нэвтэрч, үхэх сэхэхийн дэнсэнд байсан хүнд, хэцүү үед монголчууд бид Зөвлөлт хөршдөө агт морьдоо, арьс, ноосоо, агнасан ангаа ер нь байгаа бүхнээ хоёргүй сэтгэлээс юу л байна, түүнийгээ өгч Монголын төр “Хувьсгалт Монгол” |Революционная Монголия| сөнөөөгч онгоцны эскадриль хоёр удаа, “Монгол ард” |Монгольский арат| хэмээх танкийн цувааг хөрөнгө мөнгө гарган “Бүхнийг фронтод” уриан дор илгээж байжээ. 

“Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Москвагаас Берлин хүртэл баатарлаг дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Белорусын нэгдүгээр фронтод тулалдсан түүхтэй.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын |миний төрсөн нутаг| харъяат улсын ударник эмэгтэй Жаргалын Наранцогт гуай тэр үед ид залуу, АҮК анх нээсэн 1934 оноос эхлэн ажиллаж, дайны үед хонины элдсэн үзүүрсэг нэхийгээр дулаан, оготор дээл |полушубка|, бээлий, малгай, ноосон цэмбээр цэргийн шинель оёж, өдөр шөнөгүй ээлжээр ажиллан, үйлдвэр дээрээ хонодог, ажилчид нь АҮК-ын яндангийн |дуут дохио| дуугаар цаг баримжаалдаг байсан тухай Наранцогт гуайн төрсөн дүү миний ажаа, ижийгийн сайн танил Рэнцэнгийн Намхайдорж агсан |Халхын голын дайнд оролцож байсан| хуучилдаг байсан даа. Тэр үед монголчууд өөрсдөө ядуу амьдралтай цай, тамхи, эд бараа ховор хэдэн мал нь л биднийг тэтгэж байв. Уулын цай түүж уудаг, жинхэнэ цай олдвол шаарыг нь даавуунд боогоод дахин чанаж уудаг байлаа. Гэсэнч монгол хүн хэдэн малтай, унах унаатайгаа байсан цагт хэзээ ч өлсөж явгарч байсангүй. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир гэвээс монгол морьд бол эзэн Чингисийн үед ч тэр, энхийн цагт ч, эх орны дайны үед ч ямагт бидэнтэй хамт байж хаана ч, хэзээ ч өөрт оногдсон үүргээ нэр төртөй биелүүлж ирсэн тухай юм. Орос оронд эх орны дайны хүнд үед унааны морьд нийлүүлдэг гол орон нь Монгол улс, хойд хилээр агт нийлүүлэхэд хамгийн дөт хялбар нь манай Бургалтай нутгийнхны хувьд бол Сэлэнгэ аймгийн ойролцоох хилийн гарцууд байлаа. Бид морьдоо хөлөөр нь хил хүргэж цааш нь галт тэргээр авч явдаг байсан гэдэг. Монгол орон даяар газар сайгүй, жирийн ард иргэд сайн дураараа эмэгтэйчүүд нь зүүсэн ээмэг, бөгжөө, эрчүүд нь унааныхаа ганц морийг ч гэсэн өөрөө хөтлөөд малинд авчирч өгч байсан юм билээ. “Өгвөл ганцаасаа, уйлвал сохроосоо” гэж. Ингэж “Санаа сайтай монголчууд Сайн мориороо тусалсан удаатай” гэдэг “Монгол морь” дууны бадгууд нь бодит амьдралаас урган гарч байсан юм. Монголчууд ийм л хүмүүс, үнэ хөлс гэж юу ч нэхээгүй. Тэд морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор илэн, ногтоо мултлан авахдаа
Магнай халзан морь минь
Малин даагаад гараарай.
Монгол хүний өмнөөс
Дайснаа дараад ирээрэй... гэдэг байжээ. Мөн монгол эрчүүд өөрсдөө сайн дураараа фронтод явж байсан гэдэг. Монгол эсгий гутал, хурган малгай, хонины ноосон шинель, нэхий дээл, бээлий хийгээд дулаан хувцастай орос цэргүүд, хөхүй өвлийн хүйтэн, хөр цасны зузаанд савхин гуталтай, саравчтай нимгэн малгайтайгаа бээрсэн герман цэргийг ялахад бидний бэлгэнд шингэсэн сэтгэлийн илч, эх орноо хамгаалсан зөвлөлтийн улаан арми, Москва хотоо дайснаас хамгаалсан Панфиловчуудад тус дэм болсон хэмээн бодном. Иван Васильевич Панфилов|1892-1941| бол эх орныхоо төлөө баатарлагаар амиа алдсан ЗХУ-ын баатар, дэслэгч генерал хүн юм. Монголын төр ноос бол алт гэдэг уриан дор ЗХУ-д ноос, мах тушаах хатуу гэрээтэй тул малчид албан журамтай, амин чухал асуудал болж байв. Ноос, махаа тушаачихсан хүн, мах, ноосоо тушаачихлаа...одоо л нэг хамаг ажил жигдэрч байна даа хэмээн тэр жилдээ додигор явдаг байж.

Монголчууд 5-6 сая үхэр, бод, бог малын мах улаан армийн хүнсэнд тушаасан нь ойролцоогоор 1 сая гаруй тн болжээ. Монголын хойд хилийн ойролцоо хэд, хэдэн мах комбинат ажиллаж байв. Улаан армийн эгнээнд монголын 500 морьт цэрэг, Улаан армийн тав дахь морин хороо монгол цэргүүд байсан гэдэг.

Тэр үед монголчууд өөрсдөө 800 мянган хүн амтай ч, байгаа бүхнээрээ тусалж байлаа .. гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2024 онд болсон ялалтын баярын илтгэлдээ дурсаж байлаа. Бургалтайн |Сэлэнгэ, Баруунбүрэн сум| малины агтыг миний ажаа Лувсанцэрэнгийн Найдансүрэн |шатан хөлт хэмээх|, мөн энэ нутгийн малчин ногоон хэмээх Дашийн Сэрээнэн гуай нар тууж Сэлэнгийн Ламын хийд, Сэлэнгэбүрэн, Цагааннуурын мал бэлтгэлийн дамжлага баазад 1942 оны үед малинд хүргэж цааш хөлөөр нь хил гаргаж байсан гэдэг. Тэр үед ажаа маань малины агтны даамал болж, хойш фронтод гаргах адуугаа цуглуулж маллаж байгаад малинд хүргэдэг байсан тухайгаа дурсан ярьдаг байлаа. Сум болгон төвдөө Кооператив |Харилцан туслах хоршоо| байгуулж малын түүхий эд арьс шир, ноос ноолуур, ангийн үс, мах зэргийг Сэлэнгэ аймгийн бүх сум Цагаан Эрэгийн дамжлага баазд хүргэж байсан. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяанд байсан Цагааннуурын мал бааз 1970-аад оны үе хүртэл ажиллаж байгаад үйл ажилгаагаа зогсоосон гэж 1990-ээд оны дундуур тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч өдгөө тус сумандаа амьдарч буй миний анд Чагнаадоржийн Бадарч ярьж байна. Түүний аав Шагдаржавын Чагнаадорж гуай Баруунбүрэн сумын хоршооны нягтлан ЗХУ-д илгээх түүхий эдийн эрхлэгч байжээ.

Эх орны дайны үед Монголоос фронтод өгөх морьдыг халдварт ям өвчинд өртсөн эсэхийг үзэхдээ маллейн хэмээх эмийг нүдэнд нь дусааж шалгадаг байснаар монголчуудын дунд “малин” гэдэг шинэ үг гарсан юм гэнэ лээ.

Маллейн |ям| хэмээх латин үгээс гаралтай энэ эмийг ямын савханцраас гарган авдаг тухай ном сударт бий. Ям гэдэг бүтүү туурайтны энэ аюулт өвчин туссан адуу өөрөө турж үхэн, халдвар нь маш түргэн тархдаг тул ямтай адууг тэр дор нь устгаж, ариутгахаас өөр аргагүй гэдэг. Ямаас гадна бас цус багадах гэж аюулт өвчин адуунд байдаг тухай ажаа маань ярьдаг байлаа. Манай сумын залгаа Сэлэнгэбүрэн суманд Манхтайн мал баазаар Архангай,Өвөрхангай,Завхан аймгуудын мал сууриараа |эх орны дайны жилүүдэд| Харлаг цагаан тавилангаар Сэлэнгэ мөрнийг гатлан гарч Манхтайн мал баазд ирж багширдаг байжээ. Манхтайн мал бааз 1940-1950 оны үед ид ажиллаж байв. Булганы Түшигээр мөн тэр хавийн мал гаргаж байсан гэдэг. Хөвсгөлд Хатгал, Ханхаар, хойд талд Цагаан эрэг, Сүхбаатар, Хиагтаар бүх ачаа, мал гарч байлаа. Мөн Казакстан улс болон бусад орнуудаас ч морьд нийлүүлж байжээ. Монгол морь бол байгалийн бэрхшээл, өл даадаг талаар онцгой шүү дээ. Ижий маань ажааг малинд морьд хүргэхээр явахад нь адууны чанасан тарган мах богцонд хийж, чонон дахыг эвэхээд эмээлийнх нь араар ганзагаар нь тогтоож өгч байсан гэж ярьдаг юм.

Ажаа маань хэдэн ч удаа малинд агт хүргэж байсан юм бүү мэд, хөөрхийдөө хожим амьд сэрүүн байхдаа энэ тухайгаа их л дуртай ярьдаг байж билээ. Миний ажаа бол харахад нүдэнд тусахаар гойд юмгүй, хөдөөгийн эгэл жирийн малчин хүн, харин түүний хууч яриа бол надад маш сонин, сонсоод л баймаар байдагсан.

Шинэ, хуучин засгийн үеийн амьдрал үзсэн хүн болохоор аливаа үүх, түүхийг жирийн хүний нүдээр харж, амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар тогтуухан сайхан ярина. Би ч түүнийг нь сонсох дуртай байж. Ажаа маань тэр үеийн энэ ажлын зохион байгуулалт, малинд агт хүргэх замд тохиолдсон адал явдал, малинд орж байгаа адуу болон бусад өрөвдөм үйл явдлуудын тухай  ярьдаг байсан даа. Эх орны дайны үед бид олон зуун хүлэг морьдоо адуун сүргээсээ харамгүй барьж Зөвлөлтийн улаан армид ийнхүү илгээсэн юм. Ямар хүлэг морьд байсан гээч. Гайхамшигт монгол морьд! Их эрдэмтэн Бямбын Ренчин абугай Цогт тайж кино зохиолоор хүртсэн БНМАУ-ын Төрийн шагналын мөнгөө бүхэлд нь Дэлхийн хоёрдугаар дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд хандивлаж байлаа. Увс аймгийн малчин Бадам гэдэг эмэгтэй адуун сүргийн манлай “Эрх зээрд” морио бусад 10 гаруй морь, 1600 хонины хамт бэлэглэн ”Фронт Бадам” нэртэй болж ЗХУ-ын төрөөс Алтан үсгийн үнэмлэх, үнэ бүхий эд зүйлээр шагнуулж байсан гэдэг. Энэ хүний дээд өвөг Увс нутгийн Бөөрийн Ирүүл гэдэг хүн 1957 онд 13 мянган толгой мал тоолуулж БНМАУ-ын “Хамгийн сайн малчин” болж байжээ. Завхан аймгийн Жаргалант сумын малчин Жигжиджав аймгийнхаа наадамд дараалан түрүүлсэн хурдан морио улаан армид бэлэглэж байсан нь түүхэнд үлджээ. Дундговь аймгийн улсын сайн малчин Цэгмид гэж залуу бүсгүй фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Москва хотод очиж бэлэг гардуулан фронт Цэгмид нэртэй болж байснаа  агуу их ялалтын баярын 80 жилийн ойн энэ өндөр настан фронд Цэгмид гуай  дурсан ярьж байна.  Монголчууд ч гэсэн өөрсдөө морио унаад энэ дайнд оролцсон шүү дээ. Сайн дурынхан гэж нэрлэж байсан морьтон дайчид бол монголчууд бидний удам угсаа нэгтнүүд байх. Монгол адуунд дулаан зүчээ, бэлэн зэлэн эрдэс, тэжээл бэлдэх, биеийг нь угааж, хөлийг нь тахлана гэж байдаггүй. Бүр сайндаа л өвөл өвөлжөөндөө уяж, тохом татаад, хөх өвс л тавьж өгнө шүү дээ.

Монгол адуу бол байгалийн эрс, тэс уур амьсгалд зохицон, аяндаа өсөж үржин, өвс, ус хоёр л байвал өөрөө олоод идчихдэг, арчилгаа маллагаа шаарддаггүй, нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тэсвэртэй, өл даадаг хоногт гурав, дөрвөн цагийн идэштэй байхад л үлдсэн 20 цагт нь ажиллах чадавхтай байдаг юм. Энэ бол өргөн уужим нутаг, тал дүүрэн адуу малтай нүүдэлчин монголчуудын аж ахуйн нэг онцлог юм.

Тэр дундаас жилийн дөрвөн улирал, халуун, хүйтэн эрс, тэс байгалийн нөхцөлд аль хүч, чадалтай нь л үлддэг. Монгол адуу ийм дархлаа суусан байдаг. Өсөх төрөхөөс эхлээд халуун хүйтний ялгаагүй нэг л хэмд дасч, бэлэн тэжээлтэй жүчээнд амьдардаг бусад үйлдрийн морьд дайны нөхцлийг яаж давах вэ дээ. Энэ дунд л байгалийн эрс, тэс улирал дахь нүүдлийн мал аж ахуйн мөн чанар оршино. Монгол малчид ямар арав тавхан толгойг маллах биш, тэр олон малыг нэг бүрчлэн арчлах боломжгүй тул ийм бэрхшээлийг сөрөн давж байж л тэсвэр, дархлаа нь үүсдэг. Иймээс бид монгол адууныхаа энэ дархлааг цэврээр нь хадгалж үлдэхийн тулд энэ генийг цаашид хамгаалж үлдэх нь чухал болно. Ийм монгол адуу цэрэг дайны талбарт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм билээ. Угаас шөрмөслөг, байгалийн шалгарлаар заяасан түүний араг яс бат бөх, чац сайтай тул нуруу ачаа 100-130 кг өлхөн даадаг, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд өл даадаг, нүүдлийн билчээрт өөрөө билчэж, аяндаа өсч үржих чадвартай, арчилгаа маллагаа шаардахгүй, уналга эдэлгээнд тэсвэртэй, энэ гайхамшигт амьтан дайны хатуу ширүүн цагт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм. Түүний уушгины багтаамж их |40-50 л| тул унаанд бол нэг өртөө газарт |25-30 км | зогсолт үгүй давхих шандастай, жирийн явдлаар |маршаар| бол хоногт 90-100 км өлхөн туулдаг, монгол адуунд нэг онцлог байдаг. Тэр нь бол явдал, давхил дундаа газраас хөндийрч буй адуу газар хоёрын хооронд нэг тийм зай байдаг. Тэр зай бол адуу болгоны давхилтад янз бүр, энэ зайнаасаа шалтгаалж хүч чадал, хурдад нь нөлөөлөх тэнцвэр бий болдог аж. Үүнийг хуучныхан чагтага гэдэг байх. Монгол адууны хувьд энэ зай нь хамгийн тохиромжтой тэнцвэртэй тул удаан ядралгүй давхиж чаддаг. Энэ зай нь таарсан морь удаан давхилтад ядрах нь бага, явдал нь хөнгөн гэж ажаа маань ярьдаг байлаа. Монгол адуу хөгжлийнхөө явцад байгалийн бэрхшээлийг сөрж гарахдаа ийм чадварыг өөртөө бий болгожээ. Бусад байнгын арчилгаанд байдаг сайн үүлдрийн, хэтэрхий чацархаг адуунд ийм үзүүлэлт нь муу тул богино зайд хамаг хүчээ шавхаж амархан ядардаг.

Монгол адууны мах нь илчлэг чанартай, бээрдэггүйн дээр бусад гэрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн тэсвэртэй, хамгийн хурдан, хөнгөн шаламгай, хамгийн ухаалаг амьтан бол адуу юм. Түүний өвчин согогийн малчид өөрсдөө хатгаж муу цусыг гаргаад эмчилчихдэг.

Сайн уургач морь сүрэг дундаас эзнийхээ барих гэж буй адууг жолоо дарах төдийд олж танин, хий алдалгүй даган, үйл явдлын өрнөлийг эзнийхээ оролцоогүйгээр өөрөө олж, хурдлах цагт нь хурдлаж, уургалах үед нь хэзээ сууж өгөхийг мэдэрч дөрвөн хөл нь шаантаг мэт шигдэн, сүүлээ газар шүргэтэл сууж өгдөг юм. Барих адууг хөөх үед тойруу газрыг гишигдэл алдалгүй товчлон шууд дайрдаг элдэвтэй байдаг. Чоно хөөж сурсан морь эзнийхээ ташуур барьсан талд нь налж өгдөг юм шүү дээ. Энэ бол монгол морины гайхамшиг, унаж яваа эзнийхээ үйлдлээс олж сурсан эрдэм нь энэ. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хувьд морь бол бусад малаас ямагт өндөр байр суурьтай, монгол хүн, морь хоёрын дотно харьцаа мөнхөд оршиж байдаг. Дайны тулааны үед өмнөө тохиосон уул хад, намаг шалбааг гээд л ямарч машин техник гарахааргүй бусад бартаат газраар, монгол морь ажрал үгүй туучин гардаг байжээ. Машин техник хэдий сайн ч ийм үед монгол морь л хэрэг болдог юм даа. Ийм морьд ч гэсэн их буун дуу нүргээн, дарийн утаа үнэртсэн дайны талбарт анх орж ирээд айж чичирч шээс алддаг байсан ч сүүлдээ дасчихдаг юм гэнэ лээ. Дараа нь бүр тоохоо больдог, тэр ч байтугай эзнээ сэлмээ сугалан уухайлан давших үед улам ч хүч зоригтой болж өмнөө яваа дайсныг араас өөрөө шууд чиглэн очдог аж. Иймээс дайн тулааны тэр хүнд, хэцүү үед монгол морьд бусад ямарч сайн үйлдрийн морьдыг дагуулдаггүй байсан нь ойлгомжтой. Ийм чанар, тэсвэртэй адуу дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол морь, түүний үнэлэмж, бидэнд заяасан хувь тавилан, эзэндээ мөнхийн нөхөр болсны учир энэ юм. Монгол морьд Зөвлөлтийн улаан армийн хамт Эльба мөрөн хүртэл явж тэр хавийн улс орнуудыг чөлөөлөх үйлст оролцсон ч хүрч чадаагүй нь дайны талбарт үрэгдсэн л байх даа. |Эльба мөрөн төв Европын нутгаар Чех, Германыг дайран  баруун хойд зүгт урсаж, Хойд тэнгист цутгана.| Монгол адуу бол ямагт эх нутаг руугаа гүйдэг юм. Дайны дараа нутагтаа амьд ирсэн монгол морь байгаагүй л гэдэг. Цөөн тоогоор буцаж ирснийг нь хэрэг болгож анзаараагүй ч байж болох л доо.

Дашрамд 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнам улсад ачуулсан агт дотор нэг хар зүсмийн азарга орсон байжээ. Тэр азарга хоёр жилийн дараа 1963 онд нутагтаа гүйж ирсэн тул Улаанбаатар хотын захиргаа авч Богд ууланд гүү хураалган тавьсан юм билээ. Ийм байдлаар Вьетнамаас монгол адуу нэг бус удаа гүйж байсан. 

Энэ тухай манай мэдээллийн хэрэгслүүд болон МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж агсан өөрийн бүтээлдээ дурссан байдаг. Дайны дөрвөн жилд бид хагас сая шахам хүлэг морьдоо Зөвлөлтийн улаан армид илгээсэн тухай барагцаа тоо байдаг юм. |заримыг нь худалдсан байх|.Энэ талаар бодьтой баримт тоо надад олдсонгүй. Бид энэ дайнд оролцсон монгол цэрэг эрсийнхээ тоог ч гаргаж чадаагүй болохоор морьд чухам хэд гэдгийг нарийвчлан тоолсон гэдэг нь юу л бол. Зарим эх сурвалжид мэдээлснээр бол хоригдлууд болон монгол үндэстнүүд голдуу л энэ дайны торгуулийн суманд |эхний эгнээнд| байлдаж явсан гэдэг. Үүний дараа нь Монголын морьт отряд 80 гаруй мянган мориор 1945 оны чөлөөлөх дайнд оролцон тавдугаар морин дивиз хятадын Цагаан хэрмийн цаана Жэхэ, Губайху хот хүрч нийт 3 мянга гаруй км зам туулсан нь түүхэнд үлдсэн билээ. Энэ бүх үйлсэд ямагт бид морьтойгоо л явсан. Өнөөдөр дээрх дайнд оролцсон монгол морьд амь хайргүй тулалдсан баатруудаас амьд үлдсэн цөөн ахмад буурлуудаасаа үгийг нь сонсож буй хамгийн сүүлчийн үеийнхэн нь бид байж ч магадгүй. Дэлхийн нэгдүгээр дайнд 80 гаруй сая морь үхэж үрэгдсэн гэдэг юм билээ. Энэ аюулт дайнд хэдэн монгол морь үрэгдсэн нь тодорхойгүй. Харин энэ дайны ялалтад монгол морьдын эр зориг, тэсвэр, хүч чадал онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол үнэн юм шүү. Хэдий мал ч гэсэн ядарч зүдэрч, өлсөж цангаж бас хүн шиг зовлон туулж, үхэж үрэгдэж байсан даа. Дайны дараа ганц нь ч нутагтаа буцаж ирээгүй тэгээд л өнгөрсөн байх. Солонгосын дайнд монголчууд 40 гаруй мянган агт морио бэлэглэж байлаа. Энэ дайнд монгол морь гавъяа байгуулсан түүхтэй. Дэлхийн өнцөг буланд болсон бусад аялал, дайнд ч монгол адуу оролцсон түүх байдаг юм билээ. Дархадын цагаан адууг Английн аялагч Роберт Скотын1868-1912| өмнөд туйлыг нээхэд авч явж байсан нь түүхэнд үлджээ. Умарт, Өмнөд Солонгосын дайн гэх боловч голлон оролцогч нар нь АНУ, ЗХУ, БНХАУ байлаа. Тэр дайнд Америкийн Тэнгисийн явган цэргийн офицер, дуудлага худалдаанаас нэг гүү ачаанд хэрэглэхээр авсан нь Чийжү арлаас гаралтай монгол адуу байсан нь сүүлд нотлогдсон гэдэг. Тэр гүү дайны талбарт байлдаж буй цэргүүдэд зэвсэг, сум нуруу ачин, хүргэж өгөөд өөрөө буцаж ар талдаа ирдэг байв.

Цэргүүд тэр гүүндээ дуртай хоолыг нь өгсөөр хуарандаа дасган, хариуцсан ажлаа дайны аюулаас айлгүй өөрөө хийчихдэг түүнд тохирсон “Реклисс” гэж нэр өгчээ. Reckless гэдэг англи үг зүггүй, болчимгүй, бодлогогүй гэх боловч энд орсон утгаараа бол түүний аймшиггүй зоригтойг илтгэнэ. Ингэж тэрээр бусдын оролцоогүйгээр ачаагаа хүлээсэн эзэнд нь хүргэсээр тэнгисийн явган цэргүүдийн найдвартай туслагч нь болжээ.

Бусад үед нь Реклисс гүү, цэргүүдийн дунд сул явж тэд хоолноосоо өгсөн бүхнийг нь идэж, ууж бас шоколад, алим, чихэрт маш дуртай, шар айраг, виски хүртэл хүртчихдэг байсан гэдэг юм. Цэргүүд дайны дараа нутаг буцахад Реклисс түрүүч цолтой АНУ-д буцаж үндэсний баатар болжээ. Реклис 19 наслахдаа 4 удаа унагалаад 1969 онд өмнөд Калифорниа мужийн Пендлтон дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазд насан эцэс болсон гэдэг. Түүний хөшөөг энэ баазын музейн дэргэд босгосон байна. Мөн Кентаки мужийн Лексингтоны “Адууны хүрээлэнд” түүний хөшөөг босгожээ. Дэлхийн дайн дэгдсэн дөчөөд оны эхний өвөл нь ес эхлээд их зудтай байсан юм гэнэлээ. Энэ үед миний бие дөнгөж төрж байсан тул эдгээр үйл явдлуудыг би мэдэхгүй ч үүнийг би ажаа, ижийнхээ дурсамж ярианаас л уншигч Танаа хүргэж буй юм. Ажаагийнхаа нөмөр дор явж тэртээ олон жилийн өмнөх яриа дурсамжтай нь хамт амьдарч буйдаа бахархаж байдаг. Ажаа маань ярихдаа: Энэ дайнд оролцсон монгол морьд үнэхээр гавъяа байгуулсан даа. Хэдийгээр адгуус ч гэсэн дайнд оролцсон  монгол морьдод хөшөө босгосон ч буруудахгүй дээ... гэдэг байлаа. Санаж явбал бүтнэ.. гэж тэртээ дээр ажаагийн маань хүсч байсан зүйл нь дал гаруй жилийн дараа биелэсэн юм. Москва дахь МУ-ын Элчин сайдын яамныхан дэлхийн дайнд оролцсон монгол хүлэг морьдын хөшөөг босгох талаар ОХУ-ын төрөөс зөвшөөрөл хүсч тэд ч нааштай шийдвэрлэсэн юм билээ. Сайхан хөшөө босгосон гэж манай худ ургын хүн Бүрэн эрхэт элчин сайд Л.Баттулга ярьж байна. Тэрээр Москва дахь элчин сайдын яаманд ажиллаж байхдаа дайнд оролцсон монгол морьдын хөшөөг босгох газрын зөвшөөрөл бусад нөхдийн хамт хөөцөлдөж байсан гэдэг. Ингэж монгол морьдын хөшөө Москва хотод боссон байна. Хоёр монгол морь фронтын галын шугам дээр дайсны эсрэг тулаанд орж буй улаан армийн дайчдад их буу хүргэхээр чирч яваа хүрэл хөшөөг авъяаслаг монгол залуу уран барималч Адъяабазарын Очирбал үнэхээр гайхамшигтайгаар урлан бүтээж 2017 оны хавар Москва хотын төв хэсэг дэх түүхийн дурсгалт “Поклонная гора” хэмээх Хүндэтгэлийн өндөрлөгийн “Ялалтын цэцэрлэг” дунд босгосон байна лээ. Энэ хөшөөнд “Монголын ард түмэн, эх  орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкны цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэж бичсэн байдаг. Бодит түүхэн үйл явцын тухай сайхан бүтээлийг харахад үнэхээр бахархал төрдөг.

Энэ сэргэлэн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” хэмээх хүрэл хөшөөнд дайсны эсрэг их гарын хүнд их буу чирэн, бүтэн биеэр нь хөлс шавар нэвчсэн хоёр монгол морь, намаг шалбааг дундуур самсаагаа сарталзуулан, хоёр чихээ хулмайлган, сүвээний хавиргаа зурайтал, урд хөлийнхөө туурайг газар шигдтэл, хамаг чадлаараа ургаш зүтгэж буйг уран бүтээлч маань хөдөлгөөн дунд нь амьд мэт дүрсэлжээ.

Дайн тулааны амь дүйсэн яаруу, давчуу цагт орос дайчид унаж яваа морио л шууд их буунд хөллөсөн бололтой, морьд нь тохсон эмээлтэйгээ, өөр ямарч тоног, хэрэгсэлгүй, зүгээр л эмээлийнх нь урд бүүргийн өмнүүр их буу чирэх хоёр арлыг холбон тохсон нь харагдаж байна. Сайн ажиглаваас холбоо морьдын хараа өмнө нь буй өөрийн дайчдыг мэдэрч байгаа бололтой ачаагаа хурдан хүргэхээр, өөд газар хүч алдалгүйг хичээн зүтгэж буй нь илхэн. Ийнхүү монгол морьдын сүр хүч, эрэлхэг чанар,далд совин бүхий баатарлаг уран дүрийг авъяаслаг монгол залуу, эх орны дайны хатуу, ширүүн үеийн түүхийн баримт болгон үлдээсэн нь энэ хөшөөний амин сүнс, уран бүтээлчийн авъяас билгийг илтгэж буй. Энэ дайнд оролцсон бүх монгол гаралтай дайчид, монгол морьдын хөлс, цус, халуун амь бүхэн, монгол, орос орны ард түмний харилцаанд гүнээ шингэн үлдсэн байна.  Монгол морьдоо... гэж ийм л гайхалтай хүчирхэг зоригт амьтан юм. Жирийн малчин ажаа минь малинд агт морьд  хүргэж байсан энэ үйл явдлаас хойш ная гаруй жил өнгөрч дээ. Монгол улс хоёр их хөршийнхөө дунд дэлхийн олон улстай харилцан оршихдоо төв,  нээлттэй бодлоготой байж, хөгжлийнхөө замд таарсан бэрхшээлийг даван туулж, улс нийгэм, зон олон нь хөгжин дэвжиж байна. Цаашид  манай улс хоёр хөрштөйгөө стратегийн түншлэлээ хадгалан, гурав дахь хөрш орнуудтай нээлттэй сайн хөршийн бодлого баримтлах нь бидний хувьд тусгаар тогтнон орших гол суурь зарчим болно. Украин улс, ОХУ-ын хооронд болж буй дайн, дэлхийн дайнуудын дараах олон улсын харилцаан дээр тогтсон геополитик, улс төрийн үйл явцад эрчимтэй нөлөөлж буй энэ эмзэг үед монголчууд бид гадаад бодлого, худалдаагаа хөгжүүлэн, тусгаар байдлаа сахин үлдэхийн тулд ардчилсан, сайн засаглалаа бэхжүүлж, үзэл бодлоор нэгдмэл байх нь бидний эрхэм зорилт болж байна.


Найдансүрэнгийн  Бадарч  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ