
БНХАУ дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын импортын тарифыг 84 хувь болгож нэмэгдүүлэхээ зарлаад байна. Тарифын хувь хэмжээ хоёр талын худалдаанд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээчдийн анхааруулж байсан түвшнээс давлаа.
"БНХАУ өнөөдөр АНУ-ын өндөр тарифыг үл харгалзан худалдааны бодлогод баримтлах байр суурьтаа үнэнч байх болно гэсэн тодорхой дохио илгээлээ. Одоогийн худалдааны зөрчилдөөнөөс хурдан бөгөөд амархан гарах гарц байгаа гэсэн хүлээлт алга байна" гэж “Pinpoint Asset Management”-ийн Ерөнхийлөгч, Ахлах эдийн засагч Жан Живэй мэдээлсэн байна.
БНХАУ "эцсээ хүртэл тэмцэнэ" гэж амласныхаа дараахан зарласан шинэ тарифын нөлөөгөөр АНУ-ын хувьцаануудын ханш хоёр хувиар унасан бол Европын зах зээлд мөн дөрөв гаруй хувиар уналаа.
“Bloomberg”-ийн шинжээчид “Энэхүү тарифын дайн нь аль ч улсын эдийн засгийн хувьд сайнаар дуусахгүй. БНХАУ-ын хувьд энэ нь АНУ-д хийх экспортыг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний гурав хүртэлх хувийг эрсдэлд оруулах болно. Цаашид БНХАУ санхүүгийн зах зээлд бодлогын дэмжлэг үзүүлж, экспортлогчдыг дэмжихийн тулд юанийн ханшийг тогтвортой сулруулах хүлээлттэй байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
БНХАУ-тай хийж буй “Худалдааны дайн” цаашлаад хурцадмал байдал үүсгэх вий гэж та санаа зовниж байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, “Үгүй, санаа зовохгүй байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин бол маш ухаалаг хүн гэж би боддог. Эцэст нь аль аль талдаа ашигтай, тун сайн хэлэлцээрт хүрнэ гэж бодож байна. Гэхдээ олон жилийн турш бидэнд шударга бус хандсаар ирсэн. Бид өөрсдөө ч ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж байсан шүү дээ. Гэхдээ тийм зүйл болно гэж хүлээхгүй байна.
Би Ши Жиньпинийг дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг гэж боддог. Тиймээс Ерөнхийлөгч Ши тийм нөхцөл байдал үүсэхийг зөвшөөрнө гэж бодохгүй байна. АНУ бол маш хүчирхэг улс. Хүмүүсийн төсөөлж байгаагаас ч хүчирхэг. Бид бусад улс орны төсөөлөхөөргүй их зэр зэвсэгтэй. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсгүүд бидэнд бий, ямар ч өрсөлдөгч байхгүй.Тиймээс хэн ч тийм алхам хийж зүрхлэхгүй.
Та хурцадмал байдлын тухайд асуугаад байгаа бол ингэж л хариулах байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин юу хийх ёстойгоо мэддэг ухаалаг нэгэн. Тэр бол эх орондоо хайртай хүн. Би хувийн туршлагаараа баттай хэлэх байна. Тиймээс тэр хэлэлцээрт хүрэхийг хүсэж байгаа гэж бодож байна. Ийм л зүйл болох болно доо” гэж мэдэгдлээ.
С.Жаргалмаа