![](/uploads/posts/2025-02/medium/1739249676_screenshot-2025-02-11-125413.png)
Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн 2025.02.15-нд "ASA Arena"-д болно.
Э.Цэндбаатартай халз тулаан хийх түүний өрсөлдөгч Педро Иван Бернал Родригес өнөөдөр Улаанбаатарт ирлээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаагаараа онцлогтой. Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжлийн ригнгэнд нийт 17 тулаан хийж, 14 ялж, 1 ялагдан, 2 тэнцсэн амжилттай яваа. Тэрбээр мөн зургаан тулаанд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. 26 настай мексик боксчны хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга юм.
Тэмцээний хүлээлтийг улам илүү нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцож байгаа явдал.
Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж, 12 ялж, 2 ялагдан, 1 тэнцээд байгаа билээ.
"Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн зургаан орны 8 чансаа өндөр тамирчин сонгогджээ.
![](https://news.zindaa.mn/uploads/images/476297049_1052918026876244_2065563611793223722_n.jpg)
Тэмцээний оноолтыг танилцуулья
Э.Цэндбаатар (MGL) VS Педро Бернал (MEX)
Н.Төгсцогт (MGL) VS Марк Антони (PHI)
Б. Төгөлдөр (MGL) VS Рахматиллоён Шарифов (UZB)
Б. Мишээлт (MGL) VS Сунил Кумар (IND)
О.Бямба-Эрдэнэ (MGL) VS Руслан Кириченко (RUS)
X.Бекнур MGL (VS) Токтосун Уулу Бекболсун (KGZ)
Э.Баярсайхан (MGL) VS Ибрахим Абдуллаев (UZB)
X.Энх-Амар (MGL) VS Майкл Эскобиа (PHI)