Орхон аймагт Хүнсний захад ажил эрхэлдэг хоёр залуу хамт архидан согтуурч, улмаар нэгнийгээ зодож хатуу гадарга дээр унагаасны улмаас нас барсан хэрэг гарсан байна.
Тухайн хэргийг 40 настай эрэгтэй А гэгч этгээдийг үйлдсэн болохыг гэрчүүд болон тухайн захын гадна талбайн камер, шүүхийн дүгнэлт зэргээр нотолсон байна.
Улмаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгэр заалт буюу хүнийг алах заалтад хамаарах хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байгаа юм. Иймд шүүхээс хэрэг үйлдсэн А гэх этгээдэд 10 жилийн хорих ял оноосон байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.