Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах тушаалыг гүйцэтгэхээр хамтарсан мөрдөн байцаах баг ажиллаж байна гэж мэдээлэв. Мөрдөн байцаагчид өнөөдөр /2025.01.03/ өглөө Сөүл хотын ойролцоох оффисоосоо гарч, ерөнхийлөгчийн ордны байр руу хөдөлжээ.
Өмнөд Солонгосын шүүх Юныг бослого зохион байгуулсан хэргээр энэ долоо хоногийн эхээр яллах тогтоол гаргасан юм. Энэ нь арванхоёрдугаар сарын эхээр Юн гэнэтийн дайны онц байдал зарласнаас хойш нэг сарын дараах үйл явдал болж байна. Шүүхийн захирамжийн эцсийн хугацаа Даваа гаригт дуусна.
Юныг дэмжигчид Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадаа өдөр бүр жагсч, тушаалыг биелүүлэхийг хориглож байна. Тэд мөрдөн байцаагчидтай зөрчилдөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр өнгөрсөн сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээ түдгэлзүүлж, оронд нь түр хугацаанд томилогдсон Хан Дак Суг мөн адил импичмент явуулах санал хураалт явагдсан билээ. Учир нь Үндэсний ассамблейн сөрөг хүчин Хан нь Юнтэй нэг нам учир дайны онц байдал зарласантай холбогдох хууль эрх зүйн асуудлыг санаатайгаар цалгардуулж байна гэж үзсэн юм.
Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газар (CIO) мэдээлснээр, Юн өөрөө прокурор асан бөгөөд сүүлийн долоо хоногт мөрдөн байцаагчид хамтран ажиллахыг хүссэн гурван удаагийн дуудлагад хариу өгөхөөс татгалзсан байна. Улмаар өнөөдөр олон тооны алба хаагчид Сөүл дэх ерөнхийлөгчийн орныг бүслэн аваад байна.
Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн ордон дотор байрлах цэргийн алба хаагчид Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын замыг хааж, мөргөлдөөн гаргаж байгаа аж. Шүүхийн захирамжийг гүйцэтгэх багт Авлигатай тэмцэх газрын 30, цагдаагийн 120 албан хаагч багтаж буй.
Тэдний 70 нь ерөнхийлөгчийн ордны гадна талбайд бүслэлтийн байрлал авсан бол үлдсэн нь ордны дотор баривчлах ажиллагааг үргэлжлүүлэхийг хичээж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, өнөөдөр Юныг дэмжигч иргэд болон цэргийн бие бүрэлдэхүүнтэй Авлигатай тэмцэх газар мөргөлдөх боломж бага. Эсрэгээрээ ирэх Бямба, Ням гаригт мөргөлдөөн хурцадмал байдалд хүрч магадгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: NHK