ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын шилжилтийн багийнхан түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний өдөр АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргахад чиглэсэн бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна гэж холбогдох хэлэлцээний талаар мэдээлэл бүхий эрүүл мэндийн хуулийн шинжээч мэдээлжээ.
“Трамп үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө эсвэл засаг захиргааныхаа эхэн үед үүнийг хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл надад ирсэн” гэж Вашингтон хот дахь Жоржтауны их сургуулийн дэлхийн эрүүл мэнд судлалын профессор Лоуренс Гостин ярьсан байна.
Уг төлөвлөгөөний талаар хамгийн эхэнд Financial Times сонин хоёр шинжээчийг эш татан мэдээлжээ. Хоёр дахь шинжээч болох Цагаан ордны “COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний зохицуулагч асан Ашиш Жа энэ талаар тайлбар өгөөгүй байна. Мөн Д.Трампын шилжилтийн баг Reuters агентлагийн тодруулга авах хүсэлтэд хариу өгсөнгүй.
НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийг олон жилийн турш шүүмжилж ирсэн Д.Трампын үзэл бодолд нийцэж буй энэ төлөвлөгөө нь дэлхийн эрүүл мэндийн салбарын талаарх АНУ-ын бодлогыг эрс өөрчилж, цар тахалтай тэмцэх олон улсын хүчин чармайлтаас Вашингтоныг тусгаарлах юм.
Түүнчлэн Д.Трамп тус байгууллагыг шүүмжилдэг хэд хэдэн хүнийг нийгмийн эрүүл мэндийн салбарыг хариуцсан өндөр албан тушаалуудад нэр дэвшүүлээд байгаагийн дотор вакцинд үл итгэгч Роберт Кеннеди багтаж байгаа бөгөөд түүнийг АНУ-ын томоохон эрүүл мэндийн агентлагуудыг хянадаг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар сонгожээ.
Д.Трамп 2020 онд ДЭМБ-аас гарах нэг жилийн үйл явцыг эхлүүлсэн боловч зургаан сарын дараа түүний халааг авсан Ерөнхийлөгч Жо Байден уг шийдвэрийг цуцалсан юм. “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан Хятадад хариуцлага тооцож чадаагүй гэж Д.Трамп тус агентлагийг буруутгаж байлаа. Тэрбээр ДЭМБ-ыг Бээжингийн утсан хүүхэлдэй гэж удаа дараа нэрлэж, АНУ-ын зүгээс тус байгууллагад оруулдаг татварын мөнгийг дотоодын эрүүл мэндийн санаачилгуудад зориулна гэж амлаж байв.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийн талаар шууд тайлбар өгөхөөс татгалзсан боловч 12 дугаар сарын 10-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын өгсөн тайлбарыг Reuters агентлагт илгээсэн байна. Д.Трампын засаг захиргаа АНУ-ыг ДЭМБ-аас гаргах магадлалтай байгаа тухайд санаа зовниж байгаа эсэхийг тодруулахад Т.Гебрейесус, ДЭМБ-аас шилжилтийн үед АНУ-д цаг хугацаа, орон зай өгөх хэрэгтэй гэж хэлжээ. Тэрбээр мөн улс орнууд 2025 оны тавдугаар сар гэхэд цар тахалтай тэмцэх тухай хэлэлцээрийг эцэслэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Америк ДЭМБ-аас гарах нь дэлхий даяарх халдварт өвчний тандалт судалгаа, яаралтай тусламжийн тогтолцоог ганхуулж болзошгүй гэдгийг шүүмжлэгчдийн зүгээс анхааруулсаар байна. “Ийм шийдвэр гаргавал АНУ дэлхийн эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөгөө алдаж, харин Хятад тэр орон зайг нөхөх болно. Би хүчирхэг ДЭМБ-гүй дэлхийг төсөөлж чадахгүй байна. АНУ гарснаар тус агентлагийг эрс сулруулна” гэж профессор Л.Гостин хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг