Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын дайны эдийн засаг нэг л биш ээ!


Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Оросын эдийн засаг тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэсэн шиг их хямралын босгон дээр байна. Энэ тухай  хөрвүүлж буулгая. Путин америк долларын эсрэг дайн Украины эсрэг халдаж орохдоо л зарласан. Дэлхийд доллар хэвлэж бусдыг мөлждөг шударга бус эдийн засгийн тогтолцоог хална гэж бараг гурван жил уриалан дуудаж байна.

БРИКС-ийн саяхны цугларалтыг “Долларын эсрэг”, “Өрнөдийн эсрэг” асар том эвсэл бүрдлээ гэж сайрхсан. Гэтэл Дональд Трамп доллараар гүйлгээ хийхээс татгалзсан орнуудад 100%-ийн татвар тавихаа мэдэгдсэн. Тэр ялахынхаа өмнө “Хэрэв Та доллараас татгалзвал АНУ-тай бизнес хийхээ үүрд март!” гэж сүрдүүлсэн нь Путины голд оржээ.

Тэрээр “Орос америк доллараас татгалзах гээгүй, тэгэх ч үгүй” гэж уулга алдан ярьжээ. Ёстой далан таваар бууж өгчээ. Оросын Төв Банк Оросын эдийн засаг 2025 онд уналтад орно гэсэн анхааруулга байнга өгөх болсон. Путинд ч үүнийгээ ил далд, албан албан бусаар байнга мэдээлж анхааруулж ирсэн. Гэвч кремлийн хөлсний суртал ухуулагчид дайны эдийн засаг урьд өмнөхөөсөө сайжирч байгаа мэт уриа цуурхал байнга түгээж, ард олны тархийг эргүүлсээр хоёр жил хагасыг туулж байна. Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлснээс үүдэн өссөн инфляцыг зогсоохын тулд Оросын Төв Банк бодлогын хүүгээ 21%-д хүргэсэн бөгөөд удахгүй 12 дугаар сард дахин өсгөх магадлалтай байна. Инфляцыг ингэж зогсоож чадах эсэх нь тодорхойгүй. Хэрэв тэгж зогсоож чадлаа ч барууны хориг арга хэмжээнд хэдийнэ өртсөн оросын бизнес эрхлэгчдэд хор хохирол авчрах бололтой байна. Оросын эдийн засагт түгшүүрийн шинж тэмдэг мэдрэгдээд эхэлсэн. Москва зэрэг том хотод юу юм гэхээс орон нутагт юмны үнэ өссөөр, тэр нь амьдралд хараар тусч байна.

2024 онд Орос орон юм юмны дефицитэд орлоо. Өргөн хэрэглээний хүнс, эм хомсдож, гадаадаас импортлохын тулд хориг саадыг давах гэж үйлээ үзэж байна. Хүнс тэжээлээс гадна мэргэжилтний хомсдолд орсныг ч эрх баригчид нь илээр шүүмжлэн байна.

Ойрын хэдэн сарын хугацаанд Оросын зах зээлийг дампуурлын давалгаа хүлээж байгааг санхүүгийн мэргэжилтнүүд анхааруулах бөгөөд тэргүүлэх олон бизнес 2025 онд тэгж дампуурна гэж таамаглаж байна. Тэр хэрээрээ санхүү-мөнгө, худалдан авалтын хувьд Хятадын эрхшээлд орох нь тодорхой. Оросоос хямд түүхий эд аван эдийн засгаа явуулж байгаа Хятад дайны төгсгөл гэхэд Оросоосоо олон дахин давсан томхон эдийн засагтай үлдэж зарах юм нь Оростоо хомсдож, эдийн засаг нь сульдсан байх төсөөлөл бууж байна.
Оросын хамгийн том ган үйлдвэрлэгч Магнитогорскийн болд гангийн үйлдвэр ердөө хагас жилийн нөөцтэй байгаа бөгөөд 2025 оныг маш сөрөг угтах нь байна. Үл хөдлөх хөрөнгийн томхон “Самолет” групп мөн уналтын ирмэг дээр байна. Борлуулалт нь 37%-иар буурч, хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг нь тус компанийн хувьцааг зарахыг оролдсон. Түүнээсээ болж өвөр хоорондоо жийлцэж байна. Самолетын дефолтыг аргацаах гэж Засгийн газраас тусламж үзүүлж магадгүй. Засгийн газрын дэмжлэг бизнес-худалдааны бүх салбарт нэн хэрэгтэй болж байна.

Худалдааны төвүүдийг зангиддаг мэргэжлийн холбоо нь Засгийн газраасаа дэмжлэг хүсч байна. Тэд зээлийн хүүг 7-10%-иар хөнгөлөх, өрийн бүтцэд өөрчлөлт оруулах, төлбөрийг 5-10 жилээр хойшлуулах хүсэлт өргөн барьжээ.

Хэрэв Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахгүй бол 200 худалдааны төв дампуурах эрсдэлтэй. Ирээдүйд дефолт зарлахаар төлөвлөж буй компаниудын нэрс ил болжээ. Тэдний дунд Криал Энерго Строй үйлдвэр, стратегийн “Росгеологи” компани, үндэсний сүлжээ рестораны “Кузина” компани техникийн хувьд аль хэдийнээ дефолт зарлаад байна. Зээлийн хүүгийн өсөлтөөс батлан хамгаалах салбарынхан ч уршиг дагаврыг нь амсаж байна. Төрийн өмчит батлан хамгаалахын “Ростек” конгломерат компанийн тэргүүн Сергей Чемезов “Хэрэв бид ийм байдлаар ажиллавал манай ихэнхи бизнес дампуурна. Зэвсгийн худалдаа ч хангалттай ашиг авчрахгүй. Хэрэв бид 20%-иас дээш хүүтэй өр төлбөл ашгийн тухай бодох ч хэрэггүй. Ийм прогноз ойрын хоёр улиралд биеллээ олох юм бол Оросын эдийн засагт томхон доргилт, магадгүй тэсрэлт тохиолдох болно. Эдийн засгийн өсөлт удааширч, инфляцын түвшин өссөөр байх болно. Үүнийг эдийн засаг сайн байгаа гэж худлаа ярих уу?” гэжээ.
 
ОХУ хөрш орныхоо эсрэг эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн биш өөрсдөө хамаг зовлонг өөртөө авч улс орноо сүйрүүлж байгаа хэдхэн жишээг оросын өөрийнх нь сайтуудаас хөрвүүлж буулгахад ийм зураглал харагдаж байна.
 
Оросын энэхүү буруу үйлдэл хөрш Монголд ч сайнаар тусахгүй. Оросын стратегийн зорилго бол Монголыг гадаадад алдаршуулахгүй байхад чиглэж ирсэн шиг санагддаг. Нууц биш. Монголын эдийн засаг сулхан, хийж бүтээсэн юмгүй нэг хүнд ногдох ДНБ нь 2000$ байдаг Буриад, Туватай тэгшитгэгдэж, үүнийх нь төлөө монголчуудыг дотроос нь түлхэн хөрөнгө төсвийг бүхэлд нь хэнд ч хэрэггүй, ямарч ашиглалтгүй, үр ашиггүй зүйлсэд зарцуулуулах бодлого далд яваад байх шиг санагддаг. Гол нь сулхан Монгол Путины өдүүлсэн энэ дайнд Оросын талд биш юм гэхэд ядаж төвийг сахиад барууныг дэмжихгүй байж байх нь Москвагийнханд нэн чухал. Айл гэр яагаад дампуурдаг вэ? Улс орон дампуурдагийн багасгасан хувилбар.

Олсон орлогоо буруу зарцуулж орлого олохгүй хэрэггүй зүйлсэд хөрөнгөө зарвал дампуурдаг. Компани яагаад дампуурдаг вэ? Олсон орлогоо буруу зарцуулж дахин орлого оруулж ирэхгүй хөтөлбөрт хөрөнгөө оруулснаас дампуурдаг. Улс орон ч мөн адил орлого олж ирэхгүй хэрэггүй салбарт их хэмжээний хөрөнгө оруулбал дампуурна.
 
Баримт юу харуулж байна? Орос том зураглалаараа үхлээ өөртөө бэлтгэсэн, одоо ялах ямар ч найдваргүй, дээр нь эдийн засгаа дайны горимд шилжүүлээд ч нэмэргүй болжээ гэдэг нь харагдаж байна. Орос өдүүлсэн дайндаа уруудаж, улс нь ядарч, бидэнд илүүчлэх юмгүй болж буй хатуу хөтүү энэ хорвоог “орос ах”-гүйгээр туулах болох нь дээ. Путинд шал дэмий итгэж горьдож, тэр нь санаснаар болохгүй болохоор Украин ялагдаасай гэж хий харааж зүхээд сууж байхаас өөр яалтай билээ! Оросын үзэл суртлын тархи угаалтад үнэмших нь багассан, гэхдээ Путин ялахыг цөхрөн хүлээж, Украин руу хараалаа урсгаж байгаа хүмүүс манайд байнаа байна!
 
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ