Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хүүхдийн амбулаторийн эмнэлгийг Хятад улсын Энхтайвны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Нефть орчимд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Мөн нефтэд мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Олон жилийн өмнө энэ хавь нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хэдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болсон. Иймд тус орчимд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байгуулж байна. Энэ хэрээр нефть орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа. Цаашид нефть орчимд жишиг төлөвлөлт хийхээр ажиллаж байна” хэмээв.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нийт 153 мянган хүүхэдтэй. Тэдгээрийн эрүүл мэндийн үйлчилгээг манай эмнэлэг дангаар үзүүлдэг. Мөн тус хорооны хүүхдүүд хорооноосоо хол байрлах Баянгол дүүргийн 20 дугаар хороонд очиж үзүүлдэг байсан бол одоо харьяа хороондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.