Sean "Diddy" Combs буюу Дидди хоёр жилийн өмнө Беверли Хиллс дэх 61 сая ам.долларын үнэтэй харшдаа 53 насны төрсөн өдрөө нижгэр хийсэн байдаг. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт Jay-Z, Travis Scott, Mary J Blige, Kehlani, Tinashe, Chris Brown болон Machine Gun Kelly нар оролцсон. Тухайн үед Дидди хөгжмийн карьераа эхлүүлээд 30 жил болсон байлаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар Дидди нь хүчирхийлэгч, хүн хулгайлагч, мансуурагч, галт зэвсэг борлуулагч гэх тодотголыг аваад байна.
Түүний төрсөн өдрөө тэмдэглэсэн Лос Анжелес дэх харшид өнгөрсөн гуравдугаар сард цагдаа нар дайран оржээ. Тэндээс их хэмжээний мансууруулах бодис, 1000 гаруй савтай хүүхдийн биед түрхдэг тос болон олон тооны хүн нэгэн зэрэг бэлгийн харьцаанд ороход ашиглагддаг эд зүйлсийг хураан авсан байна. Өнгөрсөн жилээс эхлэн шүүхийн хаалгаар гарах завдалгүй байгаа Дидди яг ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Түүний хувьд есдүгээр сарын 17-нд аль ч шатны хэрэгт гэм буруугүй гэж мэдэгдэж, бүх буруутгалыг няцаагаад буй. Тэгвэл Дидди хэдэн удаа, ямар хэргээр шүүхэд дуудагдсаныг хураангуйлав
- 2023 оны арваннэгдүгээр сарын 16: Кэссигийн нэхэмжлэл
Кэсси гэгддэг Кэсси Вентура нь Диддигийн арав гаруй жилийн турш үерхсэн дуучин юм. Гэхдээ үерхлийнхээ хугацаанд үргэлж Дидди түүнд зүй бусаар харьцаж, хүчирхийлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн Дидди хүчирхийлэл үйлдэж, мансууруулах бодис тараадаг, бэлгийн харьцаанд орохыг албаддаг гэжээ. Дидди энэ нэхэмжлэлийг няцааж, Кэссиг мөнгө дээрэмдсэн гэж буруутгасан.
- 2023 оны арваннэгдүгээр сар: Олон тооны нэхэмжлэл
Кэссигийн нэхэмжлэл шийдэгдсэний дараа гурван өөр эмэгтэй бага насандаа эсвэл оюутан байх хугацаандаа Диддид хүчиндүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг хэрэг явдал 1991 онд үйлдэгдсэн гэж тухайн эмэгтэйчүүд мэдэгдсэн ч хүчингийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.
- 2023 оны арванхоёрдугаар сар: Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх
Өөр нэг эмэгтэй 2003 онд 17 настай байхдаа Дидди, "Bad Boy Records"-ын ерөнхийлөгч асан Харв Пьер болон өөр нэг эрэгтэйг шүүхэд өгчээ. Тодруулбал, эдгээр нэр нөлөө бүхий хүмүүс 17 настай байхад нь бүлэглэн хүчиндэж, наймаалсан гэж тус эмэгтэй мэдэгдсэн байна. Шүүхийн баримт бичигт нэхэмжлэл гаргасан эмэгтэйг Жэйн Доу гэж тэмдэглэсэн байсан.
- 2024 оны хоёрдугаар сар: Нөлөөлөх ажиллагаа
Хөгжмийн продюсер Ж.Родни Жонс 2024 оны хоёрдугаар сард Диддиг шүүхэд өгсөн. Родни Жонс шүүхийн мэдэгдэлдээ хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд оруулж, биеэ үнэлэгчдийг хөлсөлж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орохыг Дидди албадсан гэжээ.
- 2024 оны тавдугаар сарын 17: Кэссигийн хүчирхийлүүлж буй бичлэг ил болов
Дидди 2016 онд Лос Анжелес хотын нэгэн зочид буудлын хонгилд Кэсси Вентура руу дайрч байсныг харуулсан камерын бичлэг ил болжээ. Тус бичлэгт Кэссиг шалан дээр түлхэж, газар дээр нь өшиглөж байгааг харуулсан байна. Дараа нь цамцнаас нь чирч, ямар нэгэн зүйл шидэхийг оролдсон. Бичлэг цацагдсаны дараах өдөр Дидди олон нийтээс уучлалт гуйсан.
- 2024 оны тавдугаар сарын 21: Загвар өмсөгч асан шүүхэд хандсан
Загвар өмсөгч, жүжигчин Кристал МакКинни 2003 онд Нью-Йорк хотод Диддид хүчирхийлүүлж, хүчээр мансуурах бодис хэрэглэсэн гэжээ. Хоёр хоногийн дараа 1995-2000 оны хооронд Дидди дөрвөн удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Апрель Лампрос гэх бүсгүй шүүхэд хандсан байна. Лампрос Диддитэй 1994 онд Технологийн загварын дээд сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд сэтгэл санаа, бие махбодоор хүчирхийлүүлсэн гэв.
- 2024 оны долдугаар сар: Дидди наймдах удаагаа шүүхэд дуудагдсан ч гэм буруугүй хэвээр байв
Насанд хүрэгчдийн кино од асан Адриа Инглиш 2004-2009 оны хооронд Диддиагийн урилгаар үдэшлэгт очсон ч бэлгийн мөлжлөгт өртсөн гэв. Диддигийн өмгөөлөгч шүүхийн нэхэмжлэлийг няцаав.
- 2024 оны есдүгээр сарын 10: Шүүх хуралд Дидди ирээгүй
Дидди 1997 онд Детройт хотод болсон үдэшлэг дээр өөрийг нь хар тамхинд оруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Мичиган мужийн хоригдол Деррик Ли Карделло-Смитийн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралд ирээгүй. Дидди шүүх хуралд оролцоогүйгээс болж анхан шатны шийдвэр гарсан. Улмаар Дидди хохирогч гэх Каределло-Смитэд 100 сая ам.доллар төлөхөөр болжээ. Дараа нь Дидди давж заалдаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
- 2024 оны есдүгээр сарын 11: Охидын хамтлагийн од шүүхэд ханджээ
Диддигийн удирдаж байсан охидын хамтлагийн дуучин асан Дэнити Кейн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дэнити Кейны хэлснээр Дидди зөвшөөрөлгүй биед нь хүрч, хэл амаар доромжилж, дарамталдаг байсан гэв.
- 2024 оны есдүгээр сарын 16: Дидди баривчлагджээ
Тангарагтны шүүгчид яллах дүгнэлт гаргасны дараа Диддиг Манхэттэн зочид буудлаас баривчилжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр Дидди мөрдөн байцаалтад сайн дураараа оролцож, хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлэх хүсэлтэй байсан гэв.
- 2024 оны есдүгээр сарын 17: Бэлгийн харьцаанд ороход ашигладаг зүйлсийг шалгав
Диддиг Нью-Йоркийн шүүх бэлгийн наймаа, рэкет болон үүнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгав. Мөн прокурорууд түүнийг эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хар тамхи хүчээр хэрэглүүлж, бэлгийн харьцаанд орохыг албаддаг гэмт хэргийн компанийг удирдаж байсан гэж үзжээ. Диддигийн зохиодог байсан үдэшлэг нь зохион байгуулалттай бэлгийн мөлжлөг байсан гэж шүүхийн бүрэлдэхүүн үзсэн.
Дидди өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нь үйл явдлыг зөвшилцсөн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Дидди мансууруулах бодис хэрэглэж, уур хилэнгээ шүүх танхимд гаргах аюултай тул түүнийг батлан даалтад гаргахаас шүүх татгалзсан байна. Түүнийг шүүх хурал болтол Бруклин хотын Цагдан хорих төвд хорих юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC