Энэ үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Болдбаатар "Бидний өмнө олон хүндрэлтэй асуудал тулгамдсаар байна. Тухайлбал, орчны болон мэдээллийн хүртээмжгүй байдал, дэд бүтэц бол бэрх асуудал. Нэг жишээ яръя. Өдөр болгон Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр байдаг гүүрээр гардаг байсан нэг иргэн гэмтсэн. Учир нь өдөр бүхэн явдаг зам дээр нь хашлага тавьсан байсан. 4.5 метрийн өндөртэй тус хашлагыг давах гэж байгаад унаж, аарцаг, нуруугаа хүнд гэмтээсэн. Энэ мэтээр хараагүй иргэд гэмтэж, бэртэн, амь насаа алдах тохиолдол элбэг. Хүн ажил, сургуульдаа явах замдаа амь насаа алдана гэдэг харамсалтай. Хараагүй иргэдийн хувьд орчны хүртээмжтэй, аюулгүй байдал гэдэг асар чухал.
Хоёрдугаарт, нийтийн тээвэр их хүртээмжгүй байдаг. Бид суух гэж байгаа автобусаа өөрсдөө олох ямар ч боломжгүй. Автобус буудлынхаа урд, хойно хаа хамаагүй зогсдог. Тэндээс олох амаргүй. Мөн аль чиглэлийнх гэдгээ гадагшаа зарладаггүй. Харааны бэрхшээлтэй, бүрэн хараагүй 12 мянган хүн байгаа гэх статистик бий. Эдгээр хүмүүсийн харааг нөхөн сэргээх үйлчилгээ нэн шаардлагатай. Манай улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй байна. Үүнээс шалтгаалаад хараагүй иргэд нийгмийн харилцаанд оролцох, суралцах боломжгүй байна. Мөн боловсролын асуудал бэрх. ЕБС-ийн сурагчид гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжгүй. Нийгмийн дэд бүтцийн асуудлууд мөн амаргүй. Олон саад бэрхшээл тулгамдсан хэрэгтэй байна. Стандартын дагуу хөтөч зам тавигдахгүй байна. Сүүлийн үед гарч ирсэн цахилгаан дугуй хараагүй хүмүүст аюулгүй зорчиход хүндрэл учруулж байна.
Хараагүй болсон хүмүүс бие дааж нийгмийн харилцаанд ороход нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй байдал асар чухал ач холбогдолтой. Мөн ТҮЦ машин, АТМ-ыг хараагүй хүмүүс ашиглах боломжгүй байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал ч бэрх. Төрийн байгууллагууд хараагүй хүмүүсийг ажилд авч, ойлгох асуудал учир дутагдалтай хэвээр байна" гэлээ.