Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гүйцэтгэлийн санхүүжилт даатгалын санг “залгиж” байна


Эрүүл мэндийн салбарт санхүүгийн томоохон хямрал нүүрлэж болзошгүйг, тэр дундаа Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) дампуурахдаа тулсныг “Өнөөдөр” сонин өмнө нь цуврал нийтлэлээрээ сэрэмжлүүлж байв. Харин өдгөө эл аюул хэдийн нүүрлэжээ. Даатгалын сан сүүлийн дөрвөн жилийн турш орлогоосоо давсан зардалтай (графикт үзүүлэв) ажиллаж ирэв. Тооцоолол, үр ашгийн судалгаагүйгээр эл салбарт нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нь ЭМДС-гаа цөлмөсөөр, адагт нь “амыг нь барих” боллоо.
ЭМДС-гийн орлого, зарлагынтэнцвэралдагдсанаасЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас гэрээт эмнэлгүүдийнхээ санхүүжилтийг эхнээс нь зогсоогоод буй. Энэ нь нийгэмд ихээхэн хэл ам дагуулах болсон. Түүгээр ч зогсохгүй санхүүжүүлэгч байгууллага тусламж, үйлчилгээ “худалдан борлуулсны” төлбөрөө эмнэлгүүдэд төлж чадахгүй, их хэмжээний өртэй ажиллаж ирснийг Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын хяналт шалгалтын тайланд тодорхой дурджээ.
ЭМЧЛҮҮЛЭГЧ ЭДГЭРЭХ БУС, РЕГИСТРИЙН ДУГААР НЬ Л ЧУХАЛ
Иргэдэд үзүүлсэн гэх тусламж, үйлчилгээгээ ЭМДС-нд “зарж” их хэмжээний ашиг олдог, төсвийг захиран зарцуулагчийнхаа “үгэнд ордоггүй”, хууль, дүрэм, журмаа мөрддөггүй увайгүй эмнэлгүүд ч олширч. Тэд гүйцэтгэлийн санхүүжилт нэрийн дор даатгуулагчдыг мөнгө олох “хэрэгсэл” төдийхнөөр хардаг болчихсон нь нууц биш. Эмчлүүлэгчдийн регистрийн дугаар л чухал болохоос эдгэрэлт нь тэдэнд сонин биш болсон цаг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийг олон дахин явуулж, удаан хугацаанд “эмчлэх” нь гэрээт эмнэлгүүдэд ашигтай учраас тэр. ЭМДЕГ-аас 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоосон нэг шалтгаан нь үүнтэй холбоотой юм билээ. Тухайн жилд тэдэн төгрөгт багтаан тусламж, үйлчилгээ үзүүлнэ хэмээн тохирч, гэрээ байгуулсан эмнэлгүүд үнийн дүнгээсээ 10, 20 дахин нэмэгдүүлсэн төлбөр нэхэмжлэх нь энүүхэнд болж. Тогтолцооны энэ мэт эсрэг урсгал нь даатгалын санг “модоо барихад” хүргэж, салбарын сайд нь ч нөхцөл байдал хүндэрснийг олон нийтэд мэдээлээд буй. Тэгвэл даатгалын санг 2020 оноос хойш хэрхэн алдагдалтай ажиллуулж ирснийг нотлох хэдэн баримтыг одоо өгүүлье.
ЭМДС-ГИЙН ӨР ӨНГӨРСӨН ОНД 218 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Үндэсний аудитын газар ЭМДС-гийн 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, тайлангаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгтгэжээ. Тухайлбал, даатгалын санд төвлөрсөн үйл ажиллагааны мөнгөн орлого 2022 онд 1.5 их наяд байсан бол зардал нь 1.8 их наяд давсан байна. Тэгвэл өнгөрсөн оны сангийн орлого 1.6 их наяд болж нэмэгдэн, зарлага нь ч мөн адил хэтэрчээ.
Орлого, зарлагын энэ мэт тэнцвэргүй хуваарилалтаас үүдэн ЭМДС-гийн өр ч жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 2022 оны нийт өр 60.5 тэрбум байсан бол өнгөрсөн онд 218.3 тэрбум төгрөгт хүрч, 3.6 дахин өсжээ. Өнгөрсөн оны нийт өр төлбөрийн 87.6 хувийг буюу 191.2 тэрбум төгрөг нь гэхэд л төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын өглөг эзэлж байх жишээтэй. Эдгээр нь Төсвийн тухай хуулийн 6.4.8 дахь буюу “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.5 дахь заалт болох “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.2-т “Эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлэх, орлого, зарлагын тэнцвэрийг ханган ажиллах, үйл ажиллагааг тайлагнах” зэрэг заалтыг зөрч с өн үйл дэл гэдгийг аудитын тайланд дурджээ. Тус санхүүгийн аудитын тайланг бүхэлд нь тоймловол, ЭМДС-гаас нийт 250.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн юм билээ.
ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ГЭРЛИЙН ХУРДААР ӨСӨЖ БАЙНА
Ерөнхийдөө манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал үлэмж нэмэгдэж, өртгийг нь ЭМДС хүчрэхээ больсон шалтгааныг өмнө нь хэлсэнчлэн нэг худалдан авагчийн тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилтийн системтэй шууд холбон тайлбарлаж болно. Тодруулбал, эрүүл мэндийн холбогдох хууль, тог тоолын шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэдгээрийн үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээ бүрийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн 2021 оноос энэ салбарын зардал их наяд давж, буурахаа больсон. Тухайн онд гэхэд л тусламж, үйлчилгээний зардал 2-3 дахин өсөж байв. Одоо ч хэвээр. Гол нь төсөв, зардал тэлж байгаагийн хэрээр даатгуулагчид үр шимийг нь хүртэх ёстой биз дээ. Гэвч өнөөдөр иргэд даатгалаараа тус ламж, үйлчилгээ ч авч чадахгүйд хүрээд буйн хариуцлагыг хэн хүлээх вэ.
ЭМДС-гийн төсөв, та, бидний татварын мөнгө одоо ч хэдэн тэрбумаараа хяналтгүй “урсаж” л буй. Гэтэл ЭМДЕГ өдий болтол ямар ч хариу арга хэмжээ авалгүй, сангаа өчнөөн тэрбумын өрөнд “унагачихсан” сууж байдаг. Нэг худалдан авагчийн тогтолцоо гэдэг нь энгийнээр ийм учиртай юм. Эрүүл мэндийн бүх үйл чилгээний санхүүжилтийг өмнө нь өөр өөр эх үүсвэрээс бүрдүүлдэг байв. Тодруулбал, нийт санхүүжилтийн тодорхой хувийг ЭМДС-гаас, нөгөө хэсгийг нь улсын төсөв, заримыг нь бусад эх үүсвэрээс бүрдүүлж, тусад нь санхүүжүүлж, зарцуулдаг байсан. Харин салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарын иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний эдгээр санхүүжилтийг ЭМДЕГ-т нэгтгэн төвлөрүүлж, тэндээс хуваарилдаг болсныг нэг худалдан авагчийн систем гэж нэрлэж байгаа юм.
Уг нь олон жил ярьж, төлөвлөсөн энэхүү шинэчлэлийг зөв зохистой, системтэй, хяналттай хэрэгжүүлсэн бол нийт хүн амд эмнэлгийн үйл чилгээг өрхийн эмнэлгээс эхлээд зохих шатлал хүртэл чанартай, чирэгдэлгүй үзүүлдэг болох байв. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх шийдвэр нь ч иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хямралд орох, ядууралд өртөхөөс нь сэргийлэх зорилготой гэж анх сурталчилж байлаа. Харамсалтай нь, өдгөө энэ бүхэн эсрэгээрээ “хэрэгжиж”, иргэд, даатгуулагчид эрүүл мэнддээ өмнөхөөсөө ч их төлбөр төлөх болчхоод буй. Учир нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо тийш “хөтлөөд” байгааг дээр дурдсан баримт, тайлангууд гэрчилж байна.
ЭМДЕГ-Т “ИХ УЧИР” БИЙ
Нийслэл дэх төрийн аудитын газрын хийсэн “Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө”-ний хяналт шалгалтаар ч ЭМДЕГ-ынхны сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирснийг илтгэх зөрчлүүд илэрсэн байна лээ. Тухайлбал, ЭМДЕГ даатгалын сангийнхаа санхүүжилтийг хянаж байгаа ч одоо болтол гүйцэтгэлээ бодитой үнэлж, тайлагнаж сураагүй. Гүйцэтгэлийн санхүү жилтийн системийг нэвтрүүлснээс хойш ЭМДС-гийн орлого, зарлагын төсөв, төлөвлөгөөг батлахдаа тухайн бүс нутгийн өвчлөл, хүн амын тоо, эрэлт, хэрэгцээнд нь тулгуурлан санхүүжилтээ хуваарилдаггүй. Эмнэлгүүдтэй тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахдаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөө тогтоол, зааврыг баримталдаггүй, хавсралтыг нь баталдаггүй зэрэг хийдэлтэй ажиллаж иржээ. Манай улсын эрүүл мэндийн даатгалын систем нь эв санааны зарчмаар буюу эрүүл нь өвчтэйгөө, залуу нь хөгшнийхөө эрүүл мэндийн эрсдэлийг үүрдэг гэх “уянгын халилтай”. Гэвч даатгалын санг голлон бүрдүүлдэг “ажилчин ангийнханд” сангаас ямар ч дэмжлэг урамшуулал, үр шим хүртэх боломж олгодоггүй. ЭМДС нь үндсэн үүргээ ч “мэддэггүй”. Ард иргэдээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд голлон анхаарч, өвдсөн үед нь эрсдэлийг нь үүрэлцэх ёстой атал эсрэгээрээ тусламж, үйлчилгээ худалдаж аваад, “өрөнд бариулж, өтөнд идэгдчихсэн” сууж байх гэж. Эрүүл мэндийн салбарын бүтэн жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгийг даатгалын сангаас хэдхэн сарын дотор зарлагадах нь юу ч биш болжээ, энэ улсад. ЭМДЕГ холбогдох хуулийн хүрээнд эмнэл зүйн үр дүнтэй, эдийн засгийн үр ашигтай, хүн амын эрүүл мэндийн хэрэг цээнд нийцсэн, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг худалдан авч, иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой. Ингэхийн тулд ЭМДС байнгын орлоготой, зардлаа цаг тухайд нөхдөг байх нь чухал. Харамсалтай нь, даатгалын сан 2022 онд гэхэд л 545 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Үндэсний статистикийн хорооны орлого, зарлагын тайлангаас харах боломжтой. Угаас манай улсын эрүүл мэндийн салбарын зардал нээлттэй, орлого нь хязгаартай. Даатгалын сангийн төсвийг өдгөө зургаан эх үүсвэрээс буюу аж ахуйн нэгжээс, ажиллагсдаас, төсөвт байгууллагаас, улсын төсвөөс, бусад даатгуулагч, нэмэлт, гадаад санхүүжилтээс “босгодог” бөгөөд 60 орчим буюу дийлэнх хувийг нь улсын төсвөөс бүрдүүлж буй. Эрүүл мэн дийн зардлыг энэ хэрээр тэлсээр байвал улс орны эдийн засаг, ард иргэд, даатгуулагчдын эрүүл мэндэд их хэмжээний хохирол учрах эрсдэлтэй. Нийтээрээ л мөнгөгүй бол шууд үхэх сонголттой нүүр тулах нь. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эл системийг бүхэлд нь шинэчилж сайжруулахгүй бол горьгүй нь.

https://www.unuudur.mn/a/270875
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ