Өнөөгийн МАН, хуучны МАХН энэ удаагийн парламентын сонгуулиар олонх болсноор засаглалдаа завсар оруулалгүй, үргэлжлүүлэн эрх барих нь. 1992 оноос хойш найман удаа УИХ-ыг сонгож бүрдүүлэхэд АН, МАН ээлжлэн олонх болж байснаас бус, аль нь ч дараалан ялалт байгуулсан удаа үгүй. Тэр тусмаа үнэмлэхүй олонхын байр сууриа хадгалж, 62 суудал авна гэсэн таамаглал бидэнд байтугай тэдэнд байсан, эсэх нь ч эргэлзээтэй. Гэхдээ улс төрийн нөлөө бүхий хүчин болох АН, МАН-ын аль нэг нь, эсвэл хамтдаа УИХ-д “жин дарах” нь тодорхой байсан. Тогтолцоо нь тэдэнд ээлтэй юм. Сая явуулсан сонгуулийн тогтолцоо буюу мажоритар хувилбар хоёр “том” нам төрүүлж, тэднийг тогтвортой дэмждэгийг сүүлийн 30 жилийн турш бид харлаа, баталлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн АН, МАН-ыг мажоритар тогтолцоо бойжуулж, өдий зэрэгт хүргэсэн. 2012 оны сонгуулийг мажоритар хувилбар давамгайлсан холимог хэлбэрээр явуулж, пропорциональ тогтолцооны “үнэр” оруулсныг эс тооцвол бүгдийг нь ийм л янзаар зохион байгуулж, энэ хоёр нам ээлжлэн эрх барьж байна. АН-аас МАН, МАН-аас АН-д төрийн эрхийг шилжүүлсэн ч тэд өөрсдийг нь сонгохоос өөр аргагүй болгодог мажоритар тогтолцоог үгсэн өвлүүлж, бөөцийлөн өсгөсөн. Нам нь засаглахын хэрээр танигдсан, эсвэл “од” хүмүүсийг өөртөө татаж, “батлах”-аа өвөртлүүлээд сонгуульд сойдог энэ хоёр хүчинтэй өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид үнэндээ цаасан дээр л бий. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцсон нь урьд байгаагүй өндөр тоо. Тэр тусмаа 121 хүн бие даан өрсөлдөж, нийт нэр дэвшигчийн тоо 606-д хүрсэн нь түүхэн үзүүлэлт. Сүхбаатар дүүрэгт гэхэд л есөн нам, дөрвөн эвслийн 30 нэр дэвшигч, бие даагч найман хүн гурван суудлын төлөө өрсөлдсөн байх жишээтэй. Гэтэл сонгуулийн үр дүнгээр АН 11, “Зөв хүн электорат” болон “Та, бидний эвсэл” тус бүр нэг суудал авч, цор ганц бие даагчийн хамт үнэмлэхүй олонхын эсрэг сөрөг хүчин болж ажиллахаар болчихоод байна. Өнгөн дээрээ өчнөөн олон өрсөлдөгч байгаа атлаа “таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” хэмээх зарчим хүчтэй үйлчилж, ганц саналаар ч болов илүүрхсэн нь эрхэм гишүүний суудалд тухлах эрхтэй болно.
Гэтэл эргэн тойрныхон тань арай өөр сонголт хийсэн ч өнөөх нам, хүн нь хаана ч үгүй, сураггүй байна уу. Магадгүй “хар машин”-ыг хардаж суугаа болов уу. АН-ын удирдлага гэхэд л “хар машин”-аар тоолох механизмыг мэргэжлийн түвшинд хянах ёстойг онцолсон. Тэд сонгуулийн дүнд эргэлзэж, гайхсанаа нуугаагүй. Бас л тогтолцооны сул талын илрэл л дээ. Угтаа УИХ-ын 76 суудлын 62-ыг нь авсан МАН саналаа өгсөн нийт сонгогчоос 80 гаруй хувийн дэмжлэг авсан байх ёстой мэт. Энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй нийт сонгогчийн тоо 2 000 624. Тэдний 73.6 хувь нь саналаа өгсөн. Ойролцоогоор 1.4 сая сонгогч сонгуульд оролцсон гэсэн үг. Олон мандаттай, томсгосон тойргоор зохион байгуулсан учраас нэг сонгогч 2-3 хүнийг сонгож, нийт 3.9 сая саналыг нэр дэвшигчдэд өгчээ. Тэгвэл үүний 80-аас доошгүй хувь буюу ядаж 3.1 сая саналыг МАН-ын нэр дэвшигчид цуглуулж дөнгөсөн үү. Тэд 1.8 сая орчим санал авсныг урьдчилсан дүн харуулж буй. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн нийт сонгогчоос 46.1 хувийн дэмжлэг авсан хэрэг. 62 суудалд нь дүйцүүлбэл 80 гаруй хувийн дэмжлэг авах ёстой эрх баригчид 50 хувьд ч хүрэхгүй санал сонгогчдоос цуглуулсан гэсэн үг. Авсан саналд нь шударгаар ногдуулбал Ардын намд 35 суудал л ирэхээр байгаа юм. Ийн нам, эвслүүдийн авсан саналд суудал хуваарилах буюу пропорциональ хувилбараар тооцож үзвэл өдгөө УИХ-д гишүүнтэй болоод буй хоёр эвсэл парламент дахь төлөөллийн тоогоо нэмээд зогсохгүй “Шинэ” эвслээс ч төлөөлөл орж ирэхээр байна. Хайгаад байгаа санал, нэр дэвшигчид чинь ийм маягаар хаягдаж, гээгдсэн гэсэн үг. Ийм гомдлыг өмнөх сонгуулиудаар ч хэлж л байсан. Тиймээс ард түмэн адгийн сонголт хийлээ гэж бачуурах шаардлагагүй. МАН яагаад ялчихав гэж ч гайхах хэрэггүй. Бас ард түмэн Ардын намд итгэж байна гэж аархах шаардлагагүй. Бүх зүйл “төлөвлөгөө”-ний дагуу явж байна.
МАН-ЫН САЙНД БИШ, АН-ЫН МУУД ДӨРӨӨЛСӨН ЯЛАЛТ
Харин хоёр намын тогтолцоо яагаад хоёр ч сонгууль дамжин нэг хүчнийх болчихов гэж гайхах ёстой. АН, МАН-ын авах суудлын тоо ойролцоо, хэн нь ч дангаар Засгийн газар байгуулахаар хэмжээний санал авч чадахгүй, Засгийн газраа хамтран байгуулах болов уу хэмээн таамаглаж байснаа АН-ын удирдлага нуугаагүй. Гэхдээ МАН сайндаа биш, АН-ын мууд дөрөөлөн ялалт байгуулсныг аль аль нь хүлээн зөвшөөрөх учиртай. 2016 оны ялагдлын дараах шинэчлэлээс авхуулаад кампанит ажил нь хэр үр дүнтэй байв, өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэв гэхчлэн энэ нам, С.Эрдэнэ дарга, түүний багийн талаар ярих зүйл бишгүй. Намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй зарим нь бие дааж, эсвэл өөр нам, эвслийн нэрийн өмнөөс өрсөлдсөн нь АН-ын онооноос багагүй хумслах шиг болсон. Ирэх өдрүүдэд намын өнөөгийн удирдлагад хариуцлага тооцох, шинэчлэх их ажил ундарна. Эхнээсээ зарим нь эл намыг удирдах амбицтай буйгаа илэрхийлчихсэн.
МАН-ын ялалтад сонгуулийн тогтолцооноос гадна дарга У.Хүрэлсүхийн хувь улстөрчийн нэр хүнд, рейтинг чамгүй нөлөөлсөн болов уу. Сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс нисдэг тэрэг хөлөглөн, бараг бүх тойрогт ажилласан МАН-ын дарга “Одоогийн хийж буй ажлыг нь үргэлжлүүлж, багаар нь дэмжээрэй” хэмээн уриалсны үр дүн биз. Үнэндээ АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнхөө тойргоос илүү гарч чадаагүй. Түүнчлэн МАН-ын даргын баг, түүний тэргүүлсэн Засгийн газрын хийсэн ажлыг өнгөрсөн өвөл нийслэлийн утааг мэдэгдэхүйц бууруулсан явдал өнгөлж буй. Тиймээс ч төвийн аймаг, хот гэгддэг Орхон, Дархан-Уул, нийслэлийн хэмжээнд МАН илт илүүрхэв. Ардын намынхны хувьд ээлгүй байдаг нийслэлд АН-аас С.Одонтуяа, “Зөв хүн электорат” эвслээс Т.Доржханд нарынхаас бусад тойрогт тус намын нэр дэвшигчид ялалт байгуулсан юм. Харин АН-ын нэр дэвшигчид Сүхбаатар аймагт л багаараа сонгогдов. Өмнөх сонгуулиар ганцаараа “цэнхэртсэн” Завханд МАН-ынхан илүүрхэж, үлгэр жишээ гишүүдийн нэг З.Нарантуяа сонгогдож чадаагүйд цөөнгүй хүн харамсаж буй бололтой. Харин өнгөрсөн хугацаанд Ардын намын нэр дэвшигчээс өөрийг сонгоогүй Увс аймагт АН-ын О.Цогтгэрэл ганцаараа боловч тасархай түрүүллээ. АН-ынхан Баянхонгор, Ховдын гурван мандатаас тус бүр хоёрыг авснаас гадна Өмнөговь, Төв, Баян-Өлгий аймагт нэг нэг гишүүн “төрүүлсэн”. Нийт 13 эмэгтэй гишүүн сонгогдсоны хоёр нь АН-ынх юм. 2016 онд мөн тооны бүсгүй төр түшилцсэн нь УИХ-ын түүхэнд хамгийн олонд тооцогддог.
Мөн гишүүдийн тэн хагас нь буюу 38 нь үргэлжлүүлэн УИХ-д суух түшээд байна. Түүнчлэн хамгийн олон удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Л.Болд нар сонгогдсонгүй. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ, С.Батболд зэрэг тав дахь удаагаа сонгогдож буй гишүүн бий. Хамгийн залуу гишүүн нь 33 настай Н.Учрал бол хамгийн ахмад нь Х.Баделхан аж. Тэрбээр 67 настай бөгөөд УИХ-ын тухай хуульд заасны дагуу гишүүний тангаргийн үгийг унших нь. Шинээр байгуулагдах УИХ-ын гишүүдийн 57 хувь нь 41-50, 28 хувь нь 51-59 насныхан бөгөөд дундаж нас нь 46.6 байна. Үүнээс гадна “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ танигдсан П.Анужин, “Ийгл” телевизийн нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, “Шарк танк” нэвтрүүлгийн шарк, хөрөнгө оруулагч Г.Амартүвшин зэрэг “од” сонгогдлоо.
“ХОРИХ”-ООС ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА РУУ ЯВАХ УУ
“Долдугаар сарын 1”-ний гэх хар үйл явдлын шалтгаан болсон 2008 оны сонгуулийг энэ удаагийнхтай ижил буюу томсгосон тойргоор зохион байгуулсан. Тиймээс ч энэ үйл явдал давтагдах вий гэх битүүхэн айдас байсныг нуух юун. Харин 2020 оны сонгуулиа харьцангуй тайван, эерэг хандлагаар баяжуулан зохион байгуулсан гэж хэлж болно. Сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад “Ялчихсан” гэж яаран энд тэнд мэдэгдэл хийдэг нам, эвслүүд энэ удаа хүлээцтэй, харилцан хүндэтгэлтэй хандаж, ялсан намдаа амжилт хүссэн. Ингэхдээ ялагдсан нь хариуцлага хүлээж буйгаа ч мэдэгдсэн юм. Харин 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөж сонгогдсон С.Жавхлан энэ удаа АН-аас Увс аймагт нэр дэвшсэн бөгөөд тэрбээр нутгийн олон нь итгэл хүлээлгээгүйнх нь төлөө тэнд дахин хөл тавихгүй гэж мэдэгдэхийн сацуу “Увсынхан миний дууг битгий сонсоорой” хэмээн аашилна лээ.
Сонгогчдын ирц ч нэмэгдэв. Өнгөрсөн сонгуулиар сонгогчдын ирц 73.58 хувь байсан бол энэ удаа 73.64 байлаа. Цар тахал хийгээд цаг агаарын байдлыг тооцвол бага боловч нэмэгдсэн эл ирцийг чамлах юм биш. Ингэснээр сүүлийн хоёр сонгуулийн ирц өссөн дүнтэй гарч байна. Үүнээс өмнөх зургаан сонгуулийн ирц 95.6-67.2 болтлоо тасралтгүй буурч байсан юм. Харин 2016 онд 18-25 насны залуусын оролцоо 51 хувьтай байсан бол энэ жил уг үзүүлэлт зургаан хувиар өссөн байна. Чамлахаас чанга атга. Энэ насныхан үе тэнгийнхнээ сонгуульд оролцохыг уриалж, саналаа өгөхийг ятгаж, идэвхжүүлсэн шиг санагдсан.
Хэдийгээр тайван, сайхан сонгууль болсон гэх хүн олон байгаа ч кампанит ажлын үеэр нэр дэвшигчдийг баривчилж, цагдан хорьсныг хэрхэвч ойшоохгүй байж болохгүй. Хойшид ийм жишиг тогтохоос сэргийлэх ёстойг энэ удаагийн сонгууль хангалттай харуулсан. Зургаан ч нэр дэвшигч хорих ангиас өрсөлдсөнөөс МАН-ын нэр дэвшигч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт хамгийн өндөр санал авсан. Харин одоо түүнд түр үнэмлэхийг нь олгож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, тангаргийг нь өргүүлэх, эсэх нь сонирхол татаж буй.
Сонгуулийн тогтолцоо бүр сул болон давуу талтай. Аль нэг нам үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газар байгуулан тогтвортой ажиллахаас гадна хүчтэй сөрөг хүчний орон зай бүрддэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой. Мэдээж бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө. Ингэдээ Засгийн газрын бүтцээ хэрхэн зурж, бүрэлдэхүүнд нь хэн хэнийг оруулснаас эхлээд алхам бүрийг нь сонжино, хянана. Цаашлаад тэдний төсөөлснөөс ч илүү сорилт, бэрхшээл эрх баригчдыг хүлээж байгаа. Цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй нь эрх баригчдад сонгуулиар оноо болсон байж мэдэх ч коронавирусээс улбаатай их хямрал МАН-ынхныг маш их ухаан зарж ажиллахад хүргэнэ. Хамгийн гол нь амласандаа хүрэх ёстой. АН-ын хувьд ч хүчтэй сөрөг хүчин байх боломжоо алдах учиргүй. Хүчгүй, эвгүй байсны үр дүнг сая амссанаа ухаарна гэж найдъя. Энэ өдрөөс дараагийн сонгуулийн кампанит ажил эхэлж буй юм шүү.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин