Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг. Дундговь аймгийн Татварын газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд аймгийн 15 суманд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өчигдөр “Бид хариуцлагатай татвар төлөгч” зөвлөгөөн зохион байгуулж, 15 сумын 250 орчим төлөөлөгч оролцлоо.
Тус зөвлөгөөн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл өгөх, татвар төлөгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Зөвлөгөөний үеэр Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн багш Я.Батжаргал “Татвар төлөгчийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сургалт хийж, эрсдэл, түүний шинж чанар, нөхцөл байдал болон эрсдэлийг тодорхойлж бүртгэх, эрсдэлийг үнэлэх, шинжлэх, эрсдэлийг удирдах ба хяналтын ажлыг тодорхойлох, түүний үйл явцыг хянах, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Дундговь аймгийн хувьд сүүлийн 17 жил төсвийн орлогын төлөвлөгөөг 100-гаас дээш хувиар давуулан биелүүлжээ. 2023 онд сумын төсвийн орлогыг 108 хувь, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 673,2 хувь, улсын төсвийн орлогын төлөвлөөг 140,6 хувиар давуулан биелүүлснийг аймгийн Татварын газрын дарга М.Туяацэцэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. 15 сумаас ирж, тус зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн дунд олс таталт, алтан хонх, гар бөмбөг, дартс зэрэг 5 төрлийн тэмцээн болон урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгууллаа.