Израил дөрөвдүгээр сарын 1-ний орой Сирийн Дамаск хот дахь Ираны консулын газарт пуужингаар цохилт өгсний улмаас 11 хүн, тэр дундаа хоёр генерал амиа алджээ.
Цохилтод Ираны цэргийн элит анги болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус /ИХХК/-ын цэргийн зөвлөхүүд оршин суудаг Дамаск хотын Меззе дүүрэг өртжээ. Цохилтын улмаас консулын газрын байр бүрэн сүйрчээ.
Халдлагад ИХХК-ын Сири, Ливан дахь тусгай ангийн командлагч генерал Мохаммад Реза Захеди, “Хезболлах”, Ливан, Палестины асуудал эрхэлсэн генерал Мохаммад Хади Хажи Рахими, ИХХК-ын цэргийн долоон зөвлөх, Сирийн гурван иргэн, Ливаны нэг иргэн өртөн, амиа алджээ.
Иран Израилын пуужингийн цохилтод шийдэмгийн хариу барина гэж Иранаас Сирид суугаа элчин сайд Хосейн Акбари мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Израилын дэглэм олон улсын хууль, эрх зүйг зөрчиж байна. Консулын газарт F-35 сөнөөгч онгоцоор өгчээ. Нийт зургаан пуужин харвасан байна. Сүүлийн зургаан сарын турш Израил Палестины ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол өнөөдөр Ираны эсрэг гэмт хэрэг үйлдлээ гэж Акбари онцолжээ. Иранаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт хандан хүргүүлсэн мэдэгдэлд консулын газрыг устгасан нь аймшигт гэмт хэрэг, хулчгар алан хядах ажиллагаа төдийгүй НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, дипломат болон консулын объектуудын халдашгүй байдлын суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм гэжээ.