2001 оноос хойш зохион байгуулсан мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нууран дээр энэ сарын 6-10-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 10 улсын 111 тамирчин оролцлоо. Үндсэн тэмцээн гуравдугаар сарын 9, 10-нд таван бүсэд хоёр үе шаттай болж, шалгаруулалтаа явууллаа.
Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн ялагчаар Литва Улсын баг тэргүүлж, АНУ, Украин улсын багууд удаалсан юм.
Харин тус тэмцээний ганцаарчилсан төрөлд Литва Улсын тамирчин Арунас Коска тэргүүлсэн бол мөн тус улсын Астурас Сквирба, Леонас Миндаугас нар хоёр, гуравдугаар байрт, Украин Улсын тамирчин Павло Хвас, АНУ-ын Кит Книффен нар дөрөв, тавдугаар байрт тус тус орлоо. Тэмцээний шагналыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Соёлын төвд гардуулсан байна.
Дэлхийд мөсний загасчлалын чансаагаар Украин Улс тэргүүлдэг бөгөөд дэлхийн зургаан удаагийн аварга баг тамирчид байдаг байна. Дараа нь Литва, Латви, Финланд Улс удаалдаг.
Мөсний загасчлалын ДАШТ Монголд Улсад, тэр дундаа Архангай аймагт анх удаа болж байгаагаараа онцлог. Тэмцээн болсон Өгий нууранд 20 орчим төрлийн загас байдаг бөгөөд мөнгөн цагаан, алгана хоёр загас голдуу бий.Нуурын мөсний зузаан 180-200 см, загас 10 орчим метрийн гүнд байгаа юм.