Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотын дарга нарын “өлгий” Сонгинохайрхан дүүрэг


УИХ-ын 2024 оны сонгуулийн бүсчилсэн тойргоор өмнө нь хоёр хуваагдан сонгуульддаг байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр гэсэн нэг том тойрог болж таван мандат дээр нэр дэвшигчдийг өрсөлдүүлнэ. Хуучин хоёр тойрог байхдаа дундаасаа мөн л таван гишүүнийг сонгон парламентад илгээж байсан юм. Залуу гишүүдтэй гэдгээрээ тус дүүрэг бусдаас содон.
Сонгинохайрханы 27 дугаар тойргоос Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, 28 дугаар тойргоос Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар сонгогдон 2020 онд УИХ-д суусан билээ. Бүгд МАН-ын гишүүд. Тэднээс Д.Сумъяабазар хоёр ч удаа УИХ-д сонгож өгсөн Сонгинохайрханы төлөөллөөсөө сайн дураараа “татгалзаж”, гишүүний сэнтийгээ хотын даргын суудлаар сольсон бол өнгөрсөн оны сүүлээр “Цавчаа ногоон” автобусны дуулианаар огцорч, мөн л Сонгинохайрханаас сонгогдсон Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын давхар албаа орхин орыг нь залгаж хотыг удирдаж байна.
Хоёр ч гишүүн нь сонгогчдын итгэж илгээсэн УИХ-ын гишүүний суудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн албаар сольсон учраас тус дүүргийг Хотын дарга нарын “өлгий” хэмээсэн хэрэг. Нэг бодлын хотоо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлтэй хүмүүс ч юм шиг, нөгөө талаар сонгогчдынхоо итгэлийг хөсөр орхиод “дуртай ажил” руугаа явчихсан нөхөд ч юм шиг. Ямар ч гэсэн нэгэн багийн “хуурай ахан дүүс” нийслэлийг даргалах дуртай байсан шиг байгаа юм. Уг нь аль аль нь нийслэлийн баруун хаяа Сонгинохайрханаас Төрийн ордон хүрэх замаа засаж, тэндээс улстөрчийн хувьд өсөж өндийн эрийн цээнд хүрсэн хүмүүс.
Ямартай ч Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болж МАН-тай нэгдсэн экс МАХН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар парламентын гишүүнээр сонгогдсон. Хүүгээ УИХ-д нэр дэвшүүлэх гэж Н.Энхбаяр МАХН-аа МАН-д нийлүүлсэн гэх яриа хөөрөө тухайн үед болоод өнгөрсөн. Харин дараагийн сонгууль болох хугацаа дөхсөн учраас Х.Нямбаатарын оронд нөхөн сонгууль явуулаагүй, 27 дугаар тойргийг ганц Б.Жаргалмаа гишүүн төлөөлж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ийнхүү таван гишүүний хоёр нь өөрсдийнхөө дураар гишүүний албаа өндөрлүүлж, нэр гишүүн шинээр орж ирэв. Н.Учрал гишүүн нэлээд хугацаагаар хүндээр өвдсөн ч даван туулж их улстөрдөө эргэн ирсэн юм. Хаа очиж Сонгинохайрханы одоогоор суудалдаа үлдэж хоцорсон гишүүдээс айхавтар дуулианд өртөж, хүнд ноцтой хэрэгт холбогдсон хүнгүй.
Н.Учрал ЖДҮ-ийн сангаас зээл аваад төлөөгүй хэрэгт нэг холбогдоод төлбөрөө барагдуулж хэрэг цайрсан. 2020 оноос хойш УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албыг хэл амгүй хашиж яваа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг. Харин телевизийн сэтгүүлчээс төр түшсэн Б.Жаргалмаа гялтайтал хийсэн зүйлгүй ч үүргээ хэвийн гүйцэтгэсээр бүрэн эрхээ өндөрлүүлэх дөхөж явна.
“Мацагтан Монгол” нэрээрээ олонд танигдаж, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгчөөс гишүүн болсон П.Анужин торгоны хээ хуульчлах тухай ярьж “ажлын гараагаа” эхлэн олны нүдийг орой дээр нь гаргаж байв. 2021 онд эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгуулж явлаа. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Доржийн гудамжин дахь  нийтийн эзэмшлийн газарт барилга барьж, цэнгээний газар, биллиард, авто угаалгын ил зогсоол ажиллуулдаг гэх дуулиан гарч нэг хэсэг барьц алдсан боловч энэ хэрэг хэсэг хугацааны дараа намжсан. Түүнд нэрээ тодруулж, олны талархал хүлээсэн хууль санаачлан батлуулсан удаа одоогоор алга. “Кнопны эзэн” алдрыг сонгогчдоосоо хүртсээр нэгэн бүрэн эрх дуусах гэж явна.
Сүүлд нөхөн сонгуулиар орж ирсэн Э.Батшугар гишүүний тухайд өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан. Өдгөө парламентын гишүүний хувьд ч нуруу алдалгүй ажлаа хийж яваа, энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн. 2021 онд УИХ-ын гишүүн болж, 2022 оноос УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Ирээдүйтэй сайн улстөрч болно хэмээн түүнийг улс төрийн хүрээнийхэн үнэлдэг юм билээ.
Энэ зун болох УИХ-ын сонгуулиар Э.Батшугар, Н.Учрал нар дахин нэр дэвших нь баттай болж буй сурагтай. Харин Б.Жаргалмаа, П.Анужин хоёрын тухайд нам нь дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бололтой. Хуучин гишүүн Д.Сумъяабазар эргэн зодоглох санаатай байгаа ч тойргоо орхин явсныг нь сонгогчид “өршөөхгүй” байж мэдэх учраас аавын нутаг Өвөрхангайд “хүчийг үзэх”-ээр намаасаа мандат горилж суугаа дуулдана. Хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн сонгуульд нийслэлээ авч орох тул УИХ-ын ирэх сонгууль түүнгүйгээр болох нь тодорхой.
Тэгвэл тус дүүрэгт хэн хэн шинээр нэр дэвшихээр горилох боломжтой вэ? Сонгинохайрхан дүүргийн залуухан Засаг дарга Н.Алтаншагайн нэр хамгийн эхэнд дуулдаж байгаа. Тэрбээр дүүргээ сайн ч удирдаж буй. 330 гаруй мянган оршин суугчтай тус дүүргийг ихэнхдээ муу муухайн үлгэр болгон хэлэлцэх хүн олон байдаг юм. Хэрэг дээрээ огтоос тийм бишийг очиж нүдээрээ хараад ойлгож болох юм. Хотын төвөөс орой үдшийн цагаар Сонгинохайрханыг зүглэх юм бол Чингэлтэй дүүргийг өнгөрөөд л замын хоёр талаар гэрэл гэгээ татсан тус дүүргийн нутаг дэвсгэрт орох болно. Гэр хорооллын гудамжуудаа гэрэлтүүлж, нэлээд хэсгийг камержуулсан, авто болоод явган хүний зам тавьсан гээд бүтээн байгуулалт их бий. Хогоо цагт нь аччихдаг, гудамж талбай нь цэвэр гээд харин ч хотын төвийн замбараа муутай орон сууцны хорооллоос дээр тал тэнд байгаа. Сургууль, цэцэрлэг нэмэгдэж, Баянхошуу дэд төв болох эхлэлээ тавьж, иргэд төрийн үйлчилгээ авах инкубатор төв ажиллаж байна.
Нөгөө нэг горилогчоор дуулдаж буй нэр бол Соёлын сайд Ч.Номин. Гацууртын Л.Чинбатын охин Ч.Номингийн хувьд Соёлын сайдаар ажиллаж, төрд гарсан хүний нэгэн адил сайн муугаар хэлүүлж үзэж, хатуу үг дааж сурч явна. Гэвч Хөдөлмөрийн баатар аав нь машинаар хүн дайрахаар улайран давхисан үйлдлээс хойш эцгийн муу үйл түүнд хар толбо болон наалдсан нь сонгуульд өрсөлдөхөд нь сөрөг тал үүсгэх магадлал бийг бас санууштай.
Ардчилсан намаас С.Ган­баатар гишүүнийг Сонгино­хайрханд дэвшүүлж магадгүй нь. Нам нам сэлгэж, МАХН-ын дэд дарга байхдаа УИХ-ын 2020 оны сонгуульд "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшин Орхон аймгаас сонгогдсон тэрбээр одоо Ардчилсан намын гишүүн болсон. Орхонд дахин нэр дэвшихээр горилж, томсгосон тойргийн хүрээнд Хөвсгөл, Булганаар давхиад авсан сурагтай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үзээд алдсан “хашир хүн”-ий ухаанаар Сонгинохайрханыг давхар онилоод л байгаа болол­той. Түүнээс гадна Б.Пунсалмаа, Ж.Отгонбаяр нарын мэр сэр залуусын нэрийг АН судлаж байгаа дуулдавч, Н.Алтанхуяг гишүүн хуучин цагаа санагалзан Сонгинохайрханаа халаасандаа хийчихээд байн байн дарж үзэж суугаа чимээ бас бий.
Бусад намууд хөзрөө хав дарж, ах хоёр намын “мод”-ыг харж байж сонголтоо хийх үү дээ хэмээн харзнаж суугаа юм гэсэн.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ