2024.02.23-ны 10.30 цаг нэмэлт: Японы сүмо бөхийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж шийдвэрээ танилцуулжээ.
Ёс зүйн зөрчил гаргаж, доод зиндааны бөхчүүдийг дэглэж, хүчирхийлсэн хэрэгт буруутгаж буй Хокүсэйко А.Даваанинжийн зодог тайлах хүсэлтийг хүлээн авч, сүмо бөхөөс хасаж шийдвэрлэжээ.
Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй үндэслэлээр түүний дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг гаргасан байна.
Ирэх гуравдугаар сарын тэмцээнд "Исэгахама" галаас тусгай ояката илгээж, Миягино дэвжээнд хяналт тавьж ажиллуулахаар болсон нь олны анхаарлыг татаж байна. Ингээд хаврын тэмцээний дараа холбоонд тайлан тавих ажээ.
• • •
Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Хокүсэйхо залуу бөхчүүдийг дэглэсэн, зодсон хэргээр Сүмогийн холбооноос шийтгэл хүлээх нь тодорхой болжээ. Сүмогийн холбоо маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд хуралдаж, ямар шийтгэл оноохоо шийдэх юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар зодог тайлах магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ хэдэн башё өнжих шийтгэл ч өгч болох юм. Харин түүний багш Хакүхо буюу Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулахаар болжээ.
Хокүсэйход зодуулсан бөхчүүд холбоонд гомдол гаргаснаар хяналт, шалгалт эхэлсэн юм. Хокүсэйхо А.Даваанинж гэмтлийн улмаас нэгдүгээр сарын тэмцээний голоос гарсан. Гэхдээ үнэн шалтгаан нь гэмтэл биш оякататайгаа муудалцсан хэрэг байлаа гэж зарим хэвлэлд бичжээ.
204 см өндөр, 182 кг жинтэй, ирээдүйн ёкозүна гэгдэж байсан 22 настай залуу хэрэв зодог тайлах бол үнэхээр харамсалтай хэрэг болно. Хакүхог дэвжээндээ хяналт муу тавьсан, шавь нараа зөв хүмүүжүүлж, удирдаж чадаагүй гэж буруутгаж байгаа аж. Тиймээс хоёр сарын цалинг хоёр дахин бууруулахын зэрэгцээ оякатагийн эрэмбийг нь доошлуулах бололтой. Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоосон, 38 настай Хакүхо Хокүсэйхогийн харьяалагддаг Мияагино дэвжээнд багшилдаг.
Лхагва гаригт болсон уулзалтаар Хакүхо энэ асуудлын талаар мэдээгүй гэсэн бол Хокүсэйхо зодог тайлахад бэлэн гэжээ. Нэгдүгээр сарын башёгийн зургаа дахь өдөр Шинэ жилийн уулзалт болоход Хокүсэйхо бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд тухайн өдөр хэрэг үйлдэгдсэн гэж JSA-ын түр хороо үзэж байна.