Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ноос өнөөдөр /2024.02.19/ танилцууллаа. Тус дэлгэрэнгүй мэдээллээс инфляцын өсөлт, экспорт, импортын мэдээлэл, төлбөрийн тэнцэл болон мөнгөний нийлүүлэлт, валютын төгрөгтэй харьцах ханш, ДНБ-ий үзүүлэлт, ажиллах хүч ба өрхийн орлого, эрүүл мэнд, халамж үйлчилгээ, гэмт хэргийн мэдээллийг онцлон инфографикаар хүргэж байна.
Инфляц: 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өсчээ.
Инфляц өсөхөд голлон нөлөөлсөн дараах 10 бараа, бүтээгдэхүүн нь нийт инфляцын 34.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 12.4-34.8 хувийн өсөлттэй гарсан байна.
Гадаад худалдаа: Монгол Улс 2024 оны нэгдүгээр сард нийт 115 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлтийн хэмжээ 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс 1.3 тэрбум ам.доллар нь экспорт, 936 сая ам.долларын импорт хийж, гадаад худалдааны тэнцэл 389 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 245 сая ам.доллароор буюу 22.7 хувиар өссөн бол импорт 247 сая ам.доллароор буюу 35.8 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 2.1 сая ам.доллароор буурчээ.
Экспортын 91 хувийг БНХАУ, 6 хувийг Швейцар улс руу хийсэн нь нийт экспортын 97 хувийг эзэлж байгаа юм.
Импортын 39 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, 13 хувийг Япон, 3 хувийг АНУ, 2 хувийг ХБНГУ эзэлж байгаа нь нийт импортын 86 хувийг бүрдүүлж байна.
Мөнгөний нийлүүлэлт: 2024 оны нэгдүгээр сарын эцэст 37.5 ихнаяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 ихнаяд төгрөгөөр буюу 26.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцаа 2 ихнаяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 ихнаяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламж 17.1 ихнаяд төгрөг байгаагийн 84.3 хувийг иргэдийн хадгаламж, 15.2 хувийг ААНБ-ын хадгаламж эзэлж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны нэгдүгээр сарын эцэст 27.7 ихнаяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 ихнаяд буюу 23 хувиар өссөн байна.
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.1 ихнаяд төгрөг буюу 34 хувиар, хувийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 1.1 ихнаяд төгрөг буюу 10.7 хувиар өссөн нь нөлөөлжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэдийнх, 40.2 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 24.5 ихнаяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.2 ихнаяд төгрөгөөр өссөн байна.
Ханш: Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59.84 төгрөгөөр, юаньтай харьцах сарын дундаж ханш 34.27 төгрөгөөр чангарчээ. Рубльтай харьцах дундаж ханш өмнөх сараас 0.55 төгрөгөөр суларсан байна. Еврогийн хувьд өмнөх оны мөн үеэс 19.78 төгрөгөөр чангарчээ.
ДНБ /IV улирлын байдлаар/: Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 ихнаяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15 ихнаяд төгрөг буюу 27.9 хувиар өссөн байна.
Нийгэм: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны IV улирлын байдлаар 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар, өмнөх улирлаас 18 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. Ажиллагчид 2023 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар өсч 1.2 сая хүн болсон бол ажилгүй хүн 15.8 мянгаар буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянгаар нэмэгдсэн байна.
Эрүүл мэнд: 2024 оны нэгдүгээр сард 4.6 мянган эх амаржиж, өмнөх оны мөн үеэс 892-оор буурсан байна. Амьд төрсөн хүүхдийн тоо 4,654 болж өмнөх оны мөн үеэс 894-өөр буурчээ.
Нийгмийн халамж: 2024 оны нэгдүгээр сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагчид 2.2 сая болж өмнөх оны мөн үеэс 633.2 мянгаар нэмэгджээ.
Гэмт хэрэг: 2024 оны нэгдүгээр сард 4378 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 478-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 59.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 7.8 тэрбум төгрөг байв.
Эх сурвалж: BOLOD.MN