Монгол түмэн та бүгдийн амар мэндийг айлтган, айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй Усан туулай жилд дээдсийн бошго ерөөлийн дагуу Монголын Бурханы шашны тэргүүн, дээрхийн гэгээн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчүг дээдэс МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуган дахь арслант сэнтийдээ заларч сүсгийн сэтгэлийг машид арвидуулав. Богд гэгээн маань судар тарнийн ёсны хослон баригч дээдэс багш нараас номын рашааныг үлэмж ихээр хүртсэн чухал баярт үйл явдлууд тохиолоо.
Түүнчлэн МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс айлтгал өргөсний дагуу Брайвүн Лосалин дацангийн Хансүр, Ганжуурва Догдан ринбүчи Дагвалувсандамбийжалцан дээдэс МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн “Бат цагаан” дуганд Бурхан багшийн айлдвар сургаалын эмхэтгэл “Ганжуур” судрын “Эш лүн" хүртээж лам хувраг, сүсэгтэн олонд номын хурыг буулгалаа. “Ганжуур” судрын “Эш лүн” хүртээх номын айлдвар олон жил үргэлжлэх юм. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн Намжил дацан, жүддод дацангийн хансүр Жадо ринбүчи Данзанжунай дээдэст “Цогт цагийн хүрд”-ний авшиг айлтгасныг таалан амлалт болгоолоо хайрласан зэрэг олон сайхан номын үйл тохиосон жил байлаа.
Айлчлан ирж буй жилдээ лам хуврагуудын мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, ахуй нөхцөлийг шинэ шатанд гаргах, сүсэгтэн олонд номын цэнгэлийг илүү хүртээх, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажилгааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг олон сайн үйлийг дэлгэрүүлэхийн төлөө лам хувраг бид бүгд хичээн шамдах болно.
Ингээд миний бие МБШТөв-Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон Луу жилдээ тавтай сайхан шинэлэхийг айлтгахын сацуу шашин соёл, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж, эв эе, ёс суртахууныг эрхэмлэн сахихыг уриалж байна. Монгол түмэн та бүгд минь, эрүүл энх байж, амар амгалангаар жаргахын өлзийт ерөөлийг багш гурван эрдэнэ, номын сахиусанд алга хамтатган айлтгая.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ-ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ЗО ДАХЬ ХАМБА НОМУН ХАН, ГЭВШ ЛХААРАМБА ДУЛАМРАГЧААГИЙН ЖАВЗАНДОРЖ