Тэд Хөвсгөл аймагт ажилласан бөгөөд зарим сумдын ЕБС-ийн нөхцөл байдалтай танилцлаа.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ЕБС-д 521 хүүхэд хоёр ээлжээр суралцдаг.
Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.
Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасныг Комисс сайшааж байна. Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэлээ.