БОАЖ-ын сайдын 2023 оны Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт жилийн эцсээр 89.7 хувьтай гарчээ. Гэрээнд тусгасан 6 зорилт, 37 арга хэмжээнээс онцлон мэдээллийг хүргэж байна. Аймаг өнгөрсөн2023 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөөг батлан ажилласан.
Үүний дагуу аймгийн Экологийн цагдаагийн албатай хамтран өнгөрсөн зун нэг сарын хугацаанд “Хяналт” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, 65 удаагийн эргүүл шалгалтыг хийсэн байна. Эргүүл хяналт шалгалтаар түүх хугацаа болоогүй байхад зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэсэн 65 зөрчлийг илрүүлж, 54 иргэнд 16200.0 мянган төгрөгийн торгууль, 9.458.8 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 5381 кг хуш модны самар /боргоцой/, 300 кг цайруулсан самрыг түр хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.
Мөн зохих зөвшөөрөлгүйгээр нийт 92 ширхэг загас, 19 тооны тарвага агнасан, тээвэрлэсэн 18 иргэнд холбогдох зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан 18 иргэнд 3750.0 мянган төгрөгийн торгууль, 14096.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зөвшөөрөлгүй бэлтгэсэн 19 тооны тарваганы махыг аймгийн ЗӨСТ-д хүлээлгэн өгчээ. Харин 92 ширхэг загасыг аймаг, сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд тус тус шилжүүлэн ажиллажээ. Төлөвлөгөөт шалгалтаар нийт 28 аж ахуйн нэгж байгууллагад шалгалтыг хийж, нийт 45 зөрчил дутагдлыг илрүүлж, улсын байцаагчийн 38 заалт бүхий 9 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн, Үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай гарчээ.
Шалгалтын явцад зөвшөөрөлгүй ус ашигласан нэг иргэний үйл ажиллагааг зогсоож, зөрчил гаргасан аялал жуулчлалын 5 аж ахуйн нэгжид 7650.0 мянган төгрөгийн торгууль, 13.6 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж тус тус барагдуулсан байна.