УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нийгэмд болоод буй зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Та нар юу хийж байгаа юм бэ? Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм.
Батлан хамгаалахын сайд нь "тэр цэрэг ямар байсныг би мэднэ" гэх юм. Сайдын мэддэг нэг ч цэрэг байхгүй шүү. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй юм байгаа биз дээ. Сайддаа арга хэмжээ авахгүй юм уу?
Төсвийг нохой амаар нь нийлүүлээд л хаялаа. Төсвийн хууль бол Монголыг дампууруулах хууль. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барих гэж байгаа нь ахиад л зардал өсгөж байна.
Монголбанкны мөнгөний бодлого Төсвийн бодлоготой чинь уялдаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн. Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө баахан авч идчихээд түүний үлдэгдлийг өсгөхгүй байгаа. Зөвхөн ханшийн уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурхны үг гэж ойлгоод байгаа юм уу. Улсыг дампууруулж байна. Танай бүлэг авч хэлэлцээч ээ.
Хотын дарга болсон Х.Нямбаатар шударга ёс тогтоож өгнө гэсэн нөхөр одоо түгжрэл янзлах гээд явж байна. Би бас Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Овоо юм хийх байх гэсэн хаячхаад алга боллоо. Захиргааны хуулиар юм шийдэх гээд байна. Танай бүлэг энэ дээр хуралдаач ээ.
Г.Занданшатар дарга аа 100 мянган хүний санал яасан бэ?
Түгжрэл, гэр хорооллыг дахин шинэчлэх асуудлыг шийдэх гэж байгаа нь зөв ч торгоно, хорино гэсэн арга зам нь буруу байна. Зах зээлийн эдийн засгийн арга механизмаар шийдэх хэрэгтэй. Ардын намын бүлгээс би гуйж байна. Нэгнийхээ тойрог дээр очоод нөгөөдхөө муулаад л ажиллаад байх юм" гэв.