Сүхбаатар аймгийн удирдлагууд Баруун-Урт орчимд төрийн алба хаагчид голдуу хүмүүст хууль бус газар олгосон тухай хэвлэл мэдээллээр байнга л дурдаж байдаг. Энэ мэтээр үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл хаа сайгүй өрнөж, аймгийн удирдлагууд ч няцаах оролдлого хийж байсан удаатай.
Тэгвэл энэхүү асуудал нь аймгийн төвөөс алсарч сумдууд руу ороод байгааг орон нутгаас бидэнд мэдээлэв. Сумдууд руу ороод зогсохгүй хил давж эрх нь олгогдож байгаа тухай мэдээлэл бий. Ингэхдээ хууль зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газруудаа бусдад өгөхөөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн аж. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 03-ны өдөр Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Бичигт боомтын ойролцоох 720 га газрыг дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан гэнэ. Ингэхдээ уг тогтоолоор тодорхой хуулийн заалтыг зөрчсөн аж. Иргэдийн өгсөн мэдээллээс үзэхэд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун нар нь харилцан тохиролцоонд хүрсэн байх магадлалтайг дуулгажээ.
Тус сумын нутагт гадныханд өгөхөөр “товлоод” байгаа гэх газрыг чамгүй хэдэн төгрөгөөр борлуулах яриа хэлцэл өрнөсөн байж болзошгүй тухай нутгийн иргэд ярьж байна. Харин энэхүү батлагдаагүй шуугианы дараа аравдугаар сарын 20-ны өдөр хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тус газруудын төлөвлөлтийг "Ланд овнер" компанийн төлөөлөл Д.Энх-Амгалан гэдэг нөхөр хэлэлцүүлсэн гэдгийг тэд хэллээ. Хамгийн гол нь бүхэл бүтэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хувийн компанийн төлөөллөөр төлөвлөгөө боловсруулуулж, түүнийг хэлэлцэн суугааг юу гэж ойлгох вэ. Энэ өнөөх л авлига наймааны байж болзошгүй хардлагыг дагуулж байна. Үүнээс гадна Төрийн алба нь ийнхүү "Ланд овнер" гэх хувийн компанийн атганд орсон уу гэх асуулт ч урган гарч байна. Хаанахын ямар хууль дүрэм гэхээрээ орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагын хуралд хувийн компани ийм том эрх эдэлж байна вэ. Төрийн аливаа нэг ажлыг хийх гэж байгаа гүйцэтгэгч компани бол мэргэжлийн байгууллагын үүднээс төлөвлөгөө танилцуулаад хэлэлцүүлж болох байх. Хэрвээ Эрдэнэцагаан сумын нутагт газар эзэмшиж, улмаар цааш зарах гэж байгаа бол болохгүй асуудал байж таарна.
Тиймдээ ч иргэд олон нийт “Тэд эхлээд газрынхаа асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулчихаад авах хүмүүс буюу хятадуудтай тохиролцоонд хүрсэн байх магадлалтай. Харин үүнийхээ дараа уг асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулчихсан” гэж үзжээ. Энэхүү мэдээллийг Сүхбаатар аймгаас иргэн Б өгсөн бөгөөд өөрийнхөө цахим орчноор олны хүртээл болгосон. Түүний хувьд “Надад хардах үндэслэл байна. Одоо ганцхан Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун захирамж гаргах л үлдэж байна. Хэрвээ Г.Эрдэнэчулуун дарга тэрхүү газрыг дуудлага худалдаанд оруулах захирамж гаргавал би өөрийн биеэр Авлигатай тэмцэх газарт хандана гэдгээ эртхэн хэлчихье. Хятадуудыг дэндүү дураар нь тавьж байна. Луйврыг ингэж хийдэг болсон юм уу. Аймгийн удирдлагууд минь ээ. Сонгуулийн мөнгөө босгох гээд байгаа юм уу” хэмээн жиргэжээ.
Өдгөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд 33 лиценз олгогдсон байна. Нөгөө талаар тус сумын нутагт өвс хадлангаа бэлдэх гэж хятадууд орж ирдэг, нефть, нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн хөлд бэлчээр сүйдэж байгаа гэх мэт асуудал дуусахгүй. Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петро Чайна Дачин Тамсаг” компани, Хөөтийн нүүрсний уурхайн тээвэр нь Эрдэнэцагаан сумын I болон VII багийн нутгийг дамжин Бичигтийн боомтоор хятад руу гардаг. Үүнийг дурдахын шалтгаан гэвэл олон жилийн өмнөөс уул уурхайн хөлд дарагдаж эхэлсэн сум өнөөдөр гадныханд газар нутгаа өгөх тухай мэдээлэл ирүүлсэн учраас хөндсөн хэрэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН