Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв?



Миннесота мужийн Миннеаполис хотын өнгөт арьстны үхэл АНУ-ыг иргэний дайны босгон дээр авчрах шахав. Нэг мужаас эхэлсэн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал орон даяар тархлаа. Хүмүүс дэлгүүр дээрэмдэн, цагдаагийн хэсгүүдийг шатааж, төрийн албан хаагчдад заналхийлж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсаар л. Хаа сайгүй онц байдал зарлаж, хөл хорих цаг тогтоожээ. Үхэл нь олон өдөр үргэлжилж буй үймээний шалтгаан болсон Флойд гэж хэн байв? BBC, NBC болон life.ru эх сурвалжуудын мэдээлснээр багцлан хүргэж байна. 
Шоронгоос шоронд
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Жорж Флойд бодибилдингийн тамирчин шиг бие хаатай, 46 настай эр байжээ. Тэрбээр таван удаа “аавын хаалга” татсан гэнэ. Суллагдаж гараад эрх чөлөөтэй хэсэг яваад л эргээд торны цаана суудаг байсан гэх. Флойд анх 20 настайдаа хулгайн хэргээр шоронгийн хаалга татжээ. Харин хамгийн сүүлд дээрмийн хэргээр “суугаад” гарсан байна. 
Суллагдаж гарсныхаа дараа хотын нэгэн паркад хамгаалагчаар ажиллаж байсан аж. Өнөөх гайт өдөр Миннеаполис хотын дэлгүрт цагдаагийнхан зүгээр ч нэг ирээгүй гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр, Жорж Флойд “хуурамч баримт бичгээр”/хуурамч мөнгөн дэвсгэрт эсвэл банкны чек/ төлбөрөө хийхийг завдсан гэнэ. Тухайн үед Флойд эрүүл хэвийн байгаагүй, хар тамхи татсан байж болзошгүй байсан бөгөөд машинаасаа буухыг шаардахад шаардлага биелүүлээгүй гэж цагдаа нар мэдүүлжээ. 
Тэдний энэ мэдүүлэг батлагдаж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Жорж Флойд амиа алдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн дүгнэлт гарсан байна. 
Аминд хүрсэн баривчилгаа 
Флойдыг баривчлах үеэр 44 настай цагдаагийн ахмад Дерек Шовин машиных нь хажууд газар хэвтүүлэн, хүзүүн дээр нь өвдөглөжээ. Флойд амьсгалж чадахгүй байна гэсэн ч цагдаа түүнээс холдоогүй байна. Флойд “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн давтан хэлсэн бөгөөд энэ өгүүлбэр өдгөө эсэргүүцлийн билэг тэмдэг болжээ. Цагдаа түүний дээрээс хөлөө авахад нэгэнт оройтсон байж. Энэ үед гэрчүүдийн хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэг үймээний шалтгаан болов. Өнгөт арьст америкчууд цагдаагийнхны энэ үйлдлийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг” хэмээн үзсэн юм. 
Ер нь ч Америкийн цагдаагийнхны ашигладаг аргыг хүмүүнлэг, зөөлөн гэхэд хэцүү. Цагдаагийн шаардлага биелүүлэхгүй бол цагдаа нар хүч хэрэглэх эрхтэй. Түүнчлэн баривчилгааны үеэр хэр их хүч хэрэглэсэн гэдэгт хяналт тавих нь бага. 2014 онд АНУ-д Флойдынхтой ижил хэрэг гарч байв. Нью-Йорк мужийн Томпкинсвиллд 43 настай өнгөт арьстан Эрик Гарнер амиа алдсан юм. Тэрбээр тамхи ширхэглэн зардаг байсан бөгөөд цагдаагийнхан түүнийг баривчлах үед гав зүүлгэхийг эсэргүүцжээ. Улмаар цагдаагийн ажилтан түүний хоолойг боож, Гарнер “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн хашгирсан ч цагдаа үйлдлээ зогсоосонгүй, Гарнер нас барсан байна. 
Хөл хорионоос залхсан иргэдэд шалтаг хэрэгтэй байсан уу? 
Энэ асуултанд “тийм” гээд хариулчих, эсвэл “үгүй” гээд үгүйсгэчих ч боломжгүй. Угаас өнгөт арьстнууд өөрсдийнх нь эрхтэй холбоотой аливаа асуудал дээр “маш эмзэг”. Хэдхэн жилийн өмнө Америкийн Фергюсонд өнгөт арьст хүү цагдаагийнхны гарт амиа алдсан нь АНУ даяар үймээн үүсгэж байв. 
Гэтэл үүнээс ердөө гурван жилийн дараа 2017 онд цагаан арьст эмэгтэй өнгөт арьст цагдаагийн гарт амиа алдахад энэ хэрийн эсэргүүцэл үймээн гарсангүй. Миннеаполис энэ төрлийн хэргийн даллагатай гэмээр, цагаан арьст эмэгтэйг хөнөөсөн хэрэг мөн л энэ хотод гарч байв. Мэдээж иргэд эмэгтэй амиа алдсан талаар мэдээ сонсоод өнгөрөөгүй, эсэргүүцлийн жагсаал хэдэнтээ өрнөж байлаа. Гэлээ гээд дээрэм тонуул, галдан шатаасан хэрэг гарч байсангүй. 
Цар тахал дэлхий даяар тархсан энэ үед  халдвар болон нас баралтын тоогоор өндөр үзүүлэлттэй байгаа АНУ-д хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнээс үүдэлтэй иргэдийн “тэсрэлт” гарах нь цаг хугацааны асуудал гэж нэгэн зохиолч өгүүлж байв.
Дөрөвдүгээр сард гарсан мэдээллээр, АНУ-д эмх замбараагүй байдалд бэлтгэх хандлага ажиглагдах болсон байна. Тухайн үед Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр АНУ-д гуравдугаар сард галт зэвсгийн борлуулалт 33 хувиар өсчээ. Өмнөх жилийнхтэй харьцуулахад америкчууд буу худалдан авах нь 91,1 хувиар өссөн бол "гэр орон руу тань дайрах үед өмч хөрөнгөө хэрхэн хамгаалах" талаар өгүүлэх "COVID-19 цар тахлыг даван гарах гарын авлага" нэртэй Кэт Эллис зохиогчийн ном борлуулалтаараа тэргүүлж байсан талаар ВВС мэдээлж байлаа.  
"Бүх нийтийн хорио цээр эмх замбараагүй байдал үүсгэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Танайд хоол байгаа байх гэж бодсон хүмүүс танай руу ирнэ. Эхлээд гуйна, дараа нь шаардана. Зөвхөн танаас ч биш бизнесийн байгууллагуудаас ч шаардана. Дараа нь хулгай, хүчирхийлэл гарч, хүмүүс гэр, байгууллагаа хамгаалах гэж зэвсэг барина" хэмээн Америкийн сэтгүүлч, зохиолч Дейзи Лютер бичжээ. 
Үймээн гарав. Иргэд амьдардаг байр, ажлын байраа хамгаалах гэж зэвсэг барин зогсов. Шалтгаан нь гэхдээ Дейзи Лютерийн таамагласан шиг хоол хүнс байсангүй. 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ