Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн шалгаруулалтад Дундговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс 19 төсөл ирснээс шаардлага хангаагүй 5 төслийг буцаажээ.
Тус сангаас хөнгөлөлттэй зээл хүссэн төсөл боолон холбогдох материалыг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 10 хүртэл хугацаанд цахимаар хүлээн авчээ.
Энэ жилийн хувьд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хүнсний үйлдвэр, газар тариалан, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн салбарт импортыг орлох, экспортод чиглэсэн, баяжуулсан болон органик болон инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд ээлтэй, хүлэмжийн хийг багасгах зориулалттай үйлдвэрлэл зэрэг чиглэлээр олгохоор болсон.
Төслийн шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу зохион байгуулах ба ЖДҮХС-гаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар үнэлэх ажээ.