Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэл



Охидын хамтлагийнхны гаргасан шинэ уран бүтээлийн нэр олны шүүмжлэлд өртөв. Тодруулбал, “Foux” гэх хамтлаг “Haraal medne” нэртэй уран бүтээлээ цахим сүлжээнд цацсан юм. 
Тэр даруй дууны нэрийг шүүмжилсэн хүмүүс шаагилдаж, эх хэлний дархлааны асуудлыг хөндөж эхэлсэн. Харин залуучууд “Шинэ үеийн хэв маяг, энэ төрлийн уран бүтээлд монгол нэр, монгол үг ашиглах нь уйтгартай, хоцрогдсон. Асуудлыг хэт хүндрүүлэх хэрэггүй” гэх зэргээр уран бүтээлчийг өмгөөлж гарав. “Foux” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Haraal medne” дуу нь хайр дурлалын сэдэвтэй бөгөөд нэр нь “Хараад л мэднэ” гэх утгыг илэрхийлж буй. Харин “Haraal medne” гэсэн нэрийг утгачилж, үгчилж уншвал элдэв ёс бус хараал аль эсвэл хараал жатга мэднэ гэж байгаатай утга дүйнэ.
Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэл 
Монгол хэлийг “эвдэх” мода 
Тухайн хамтлагийнхан болон тус продакшн үнэхээр монгол хэлний мэдлэг хомсоосоо болоод “Хараад л” гэх үгийг “хараал” гэж бичсэн үү нь гэдэг хөндөх учиртай хамгийн гол гогцоо. 
Хэрэв мэдээгүйн улмаас алдаж, андуурч бичсэн бол тэр даруй залруулж, дууны нэрийг засах байсан байх. Харин өнөө хэр нь тухайн дуу “Youtube”-д “Haraal medne” гэх нэртэйгээ байршиж буй. Түүнчлэн дуугаа цацахтай зэрэг хамтлагийн гишүүний зургийн хажууд “Haraal medne” гэх үгээ тодоор бичсэн зурагт хуудсыг ч нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Энэ нь иргэдийн анхаарлын төвд орж, шүүмжлэлийн бай болоход хамгийн гол түлхэц болсон. Тэгэхээр тэднийг тухайн үгийг зориуд ийн бичсэн гэж таамаглаж болохуйц. Үүнийгээ хүмүүсийн анхаарлыг татах, маркетингийн нэг арга ч гэж үзэж байж болох юм. Энэ зорилгодоо ч хүрсэн байх. Тухайн дуу нь ердөө гурван долоо хоногийн дотор “Youtube”-д нэг сая орчим хандалт авчээ. Гэхдээ үүний балгаар эх хэлээ элэглэх мода дэлгэрэх эрсдэл бий болов. 
Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэл
Тодруулбал, хэдэн долоо хоногийн өмнө охидын “The Wasabies” хамтлаг “YAHKADAGAN” гэх дуугаа хүмүүст хүргэлээ. Ингэхдээ яг дээрхийн адил дууны нэрийг, хамтлагийн гишүүдийн зургийн хамт нийтэлж, хүмүүсийн анхаарлыг татав. Тэд “Яах гээд байгаа юм бэ” гэх үгийг ийн бичсэн бөгөөд үүнийг нь хүмүүс мөн л “өлгөж аваад”, шүүмжилж гарлаа. Ийнхүү уран бүтээлчид болон тухайн уран бүтээл олны хараанд өртөж чадсан юм. Эдгээр охидын хамтлаг эх хэлээрээ “тохуурхсан” анхны уран бүтээлчид биш. Бас сүүлийнх ч биш байх. Жил гаруйн өмнө Артист AM-C “Tee yaahiin” гэх нэртэй уран бүтээлээ гаргаж байв. Үүнээс өмнө ч дууны нэр, утгыг зориуд гажуудуулж, хүмүүсийн анхаарлыг татахыг оролдож байсан жишээ олон бий. Мөн цаашид ийм аргаар олонд танигдаж, гаргасан бүтээлээ хүмүүст хүргэх сэдэлтэй хүн олшрох нь лавтай. Түүнчлэн үнэхээр мэдээгүйн улмаас эсвэл хэт гоёчлох гэсэндээ дууны үг, агуулгыг гажуудуулах тохиолдол ч элбэг.  
Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэл
Эх хэлэндээ хэнэггүй хандаж үл болно
Үүнээс гадна нөлөөллийн гэх элдэв аяныг зохион байгуулагчид ч эх хэлэндээ элэггүй, хэнэггүй хандах болсон нь хэлний дархлаанд сэв суулгах эрсдэлтэй байна. Хамгийн сүүлийн нэг жишээг сийрүүлье. Өнгөрөгч долоо хоногт “Монос хүнс” ХХК “Хэнэгтэй монгол эр” гэх нөлөөллийн аян зохион байгуулав. Тус аяны агуулга, хүмүүст хүргэх маркетинг зэргийг нь сайшааж болохоор. Харамсалтай нь нөлөөллийн аянаа нэрлэхдээ тун тусгүй алдаа гаргасан байв. Аян зохион байгуулагчид “Хэнэгтэй” гэх үгийг “Хэнэггүй” гэдгийн эсрэг утгаар илэрхийлэх гэж оролдсон байгаа юм. Гэвч энэ нь тун оновчгүй оролдлого. ХЭНЭГ гэх тэмдэг нэр дээр “ТЭЙ” гэх нөхцөл залгаснаар ХЭНЭГГҮЙ гэх үгийн эсрэг утга илэрхийлэх боломжгүй юм. Энэ нь хээгүй монгол эр гэдгийг хээтэй монгол эр хэмээн эсрэгцүүлж буйтай л ижилхэн. Хар цагаан, өдөр шөнө гэж эсрэгцүүлэхээс биш харгүй, шөнөгүй гэж эсрэгцүүлдэггүйтэй утга дүйнэ.
Маяг ихтийн уршиг их
Эх хэлний аман болон бичгийн хэлний ёс горим, хэм хэмжээ хэрхэн эвдэрч буйг эдгээрээс харж болохоор байна. Хоёр найз хоорондоо “So sa yu bn, naa chin, tsaa chn, yaajaan, yugjaan, bichas, chichas” гэх зэргээр харилцах нэг хэрэг. Энэ нь сайшаах зүйл биш ч нийгэмд, улс орны ирээдүй, нийтийн чиг хандлагад нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага. Нийгмийг түүчээлэх, соён гэгээрүүлэх үүрэг бүхий соёл урлагийн салбарынхан ийн эх хэлийг элэглэж, элдэвлэх нь асар хоруу чанартай. Тэднийг сонсдог, үздэг, шүтдэг залуус эх хэлээ төгс эзэмших нь хоцрогдсон хандлага гэж үзэх эрсдэлтэй бөгөөд харь үсгээр, дэлхийн хаана ч байхгүй “цоо шинэ” хэлээр харилцах нь орчин үеийн ондоошил мэт ойлгох болно. 
Түүнчлэн нийтийг хамарсан нөлөөллийн аян зохион байгуулж, хүмүүст хүргэхдээ эх хэлэндээ хэнэггүй хандах нь ч уршиг ихтэй.
Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэлБоловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтох
Монгол хэлэнд хамуу мэт халдварлан тархаж, хачиг мэт шимэн шигдэж байгаа үгийн сан дахь нэгэн бүлэг үгс бол этгээд үг юм. Одоогийн хотожсон охид хөвгүүдийн аманд олон  хэлний холимцог болсон эрлийз, хурлийз үг яриа уяатай явдаг болов. Улмаар эх хэл минь эвдэрч, этгээжиж, эрлийзэж, эзэнгүй мал мэт болж байна. Эзэнгүй хэл гэж хэрэв байвал тийм хэлийг мөхсөн хэл гэнэ. Эзэн нь байвч эх хэлээ доодолдог сэтгэхүйтэй, үндэстнийхээ хэлийг хамгаалж байх үүрэгтэй төр нь хойд эхийн сэтгэлээр хандаад байвал хэдийгээр амьд хэл боловч “мөхсөн” мэт, хэрэглээтэй хэл ававч хэлгий, хэлтгий заяатай байх авай. 
Монгол хэл мэддэггүй монгол
Нэг, хоёр уран бүтээлч уран бүтээлийнхээ нэрийг болон доторх агуулгаа буруу, хазгай бичлээ эсвэл ганц нэг нөлөөллийн аян эх хэлэнд элэггүй хандлаа гээд хэлний дархлаа суларч, мөхөх аюулд хүрнэ гэж дүгнэх нь өрөөсгөл.
Гэхдээ монгол хэлийг хоёрдогч хэл мэт үздэг, ойшоодоггүй, алдаа мадаггүй бичих нь хоцрогдсон, хуучирсан хэв маяг мэт ойлгодог бүхэл бүтэн үе түрэн гарч байгаа нь хамгийн халтай юм. Бүтээлийнхээ нэрийг бүрэн, зөв бичихгүй байгаа нь ерөөсөө л үе солигдож, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр монгол хэлийг ёс горимоор ашиглах хандлага ч хувирч буйн илрэл. Энэ бол монгол хүүхэд англиар хэлд орж, монгол багачууд гадаад хэлний сургалттай сургууль,  цэцэрлэгт хүмүүжиж, монгол залуус харь хэлээр үзэл бодлоо солилцох болсны балаг. Бид 10 илүү жил гаднын хэл, соёлыг шүтэж, гадаад хэл сурахыг, сургахыг эрмэлзэж ирэв. Үүний гавьяагаар эх хэлний хичээлийг ёс төдий заадаг хэдэн арван сургууль, цэцэрлэг хичээллэж, төрөлх хэлээрээ сэтгэж, харилцаж чаддаггүй мянга, мянган монгол иргэн торнилоо. Монгол Улс дэлхийн нэг “эд эсийн” хувьд өөр бусад улс оронтой харилцаж, иргэд гадаад хэлийг судалж, суралцах нь зүйн хэрэг ч цөөн хүн амтай улсад үндэсний ялгамжийг хадгалж үлдэх нь түүнээс дутахааргүй чухал ач холбогдолтой. Тэр дундаа хэл бол үндэстний дархлаа хийгээд хэлний дархлааг бэхжүүлэх хүч нь тухайн хэлээр харилцаж, ярилцаж, ойлголцож буй хүмүүс юм. 
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор профессор Ц.Өнөрбаян Даяаршиж болох ч дангааршиж үлдэх нь эх хэл
Аль нэг үндэстний хэлний дархлаа нь хэл дээр тулгуурласан сэтгэлгээгээр тогтворждог. Монголчууд цөөхүүлээ. Тиймээс монгол хүүхдүүд монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Хүн ам хэчнээн өссөн ч эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэл чаддаг хүн цөөрчихвөл монгол үндэсний дархлаа алдагдах эрсдэл бий болно. 
 
Бүх зүйл даяаршиж болох ч бидний эх хэл дангааршиж үлдэх ёстой. Тэгж гэмээнэ эх орон, үндэстэн бат орших учиртай. Эх хэлээ элэглэх, элдэвлэх, эвдэх эрх танд, надад, бидэнд үгүй.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ