Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СУРВАЛЖИЛГА: Хэнтий аймгийн Бэрх хотод төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр барьсан хөлбөмбөгийн талбай стандартын бус байна


Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Бэрх хотын дунд сургуулийн хөлбөмбөгийн талбай стандартын бус тавигдсан, хүүхдийн эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэх мэт шүүмжлэлийг дагуулсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хөлбөмбөгийн талбай бүхий уг спорт цогцолборын стандарт ямар байгаа талаар сурвалжлахаар Хэнтий аймгийн Бэрх хотыг зорилоо. 
Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн хойд зүгт засмал замаар 70 гаруй км явж, Бэрх хотод очно. Засмал зам нь тавигдаад удаагүй учраас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй ажээ. Социализмын үед баригдсан дөрвөн давхар тоосгон барилгууд, цонх нь хагарсан эзэнгүй хэсэг орон сууц нүдэнд тодхон харагдана. Үүр цайсны дараах нарны улаан туяа гялалзаж нүүрэнд мишээл тодруулдагтай адил хуучны хар зураг мэт орон сууцнуудын дундаас шинэхэн баригдсан "Berkh international school" торойно.
зураг 
Бэрх хот Кембрижийн хөтөлбөртэй шинэ сургуультай болсон учир олон улсын стандартын спорт цогцолбортой болсон нь энэ аж.
зураг 
Шинэ баригдсан сургуульд одоогоор 210 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд Бэрх хотын дунд сургуульд нийт 1,000 гаруй хүүхэд суралцдаг. Тэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох шаардлагатай хэмээн сургуулийн ажилтан ярьсан юм. 
Бэрх хотод анх удаа спорт цогцолбор баригдаж байгаа бөгөөд хүүхдүүд чөлөөт цагаа шороон дээр тоглож, хувцас, зүс царайгаа халтар болтол бужигнадаг үе аль хэдийн өнгөрсөн байна.
"Анх удаа хөлбөмбөгийн талбайтай болж байгаа учраас тоглоход гоё байгаа, заримдаа гүйхэд халтирч унадаг. Том болохоор гүйхэд урамтай. Гэхдээ заримдаа унах үед зүлгэн дээр нь гараа шалбалчихдаг. Бусдаар найзуудтайгаа тоглоод сайхан байгаа" хэмээн Бэрх хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ярьж байв. 
зураг 
Хөлбөмбөгийн талбайн зүүн хаалгаар ороход сагсан бөмбөг, хөлбөмбөг, теннис, гүйлтийн 243х102 метр квадрат талбайтай томоохон цогцолбор баригдсан байв. Өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад орсон аж. Тэр цагаас хойш ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулаагүй. Харин баяр наадмаар бөхөө барилдуулсан хэмээн Бэрх хотын иргэн ярьж байлаа. 
Ашиглалтад ороод ердөө нэг жилийн нүүр үзэж байгаа гэхэд гүйлтийн зам нь хагарч цуурсан, сагсан бөмбөгийн талбайн будаг халцарсан байв. Хөлбөмбөгийн талбайн нэг талын хаалга унасан байх бөгөөд жаахан хүүхдүүд түүн дээр тоглож байв. Хатуу бетон дээр ямар нэгэн зөөлөвчгүй дэвссэн 3-5 сантиметрийн өндөртэй талбайн зүлэг, цагаан шугамыг дагуулан толгойг нь ил гарган хадсан хадааснууд нүдэнд шууд тусна. 
зураг 
зураг 
зураг 
Бэрх хотын хөлбөмбөгийн талбай стандартын хэмжээтэй боловч зүлэг нь олон улсын жишгээр тавигдаагүй юм. Анх гэрээ хэлэлцээр дээрээ "Ажлыг архитектур төлөвлөлт, инженерийн болон техник технологийн шийдлийн дагуу шинжлэх ухаан, техникийн дэвшилтэй уялдуулан өөрийн орны нөхцөлд тохируулан Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээт хугацаанд гүйцэтгэнэ" хэмээн байгуулжээ. Гэвч Монгол Улсад мөрдөгддөг норм дүрмийг мөрдөж хийгээгүй байна. 
"БЭРХ СУМЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ НЬ ХҮҮХЭД ДАРЖ АЛСАН ЧИНГЭЛТЭЙН ТАЛБАЙ ШИГ СТАНДАРТ БУС"
Монгол Улсад мөрдөгдөж буй олон улсын стандартын талбайн зүлгийн зургийг доор үзүүлэв. 
зураг 
Олон улсын стандартын зүлэг
Тус хотын хөлбөмбөгийн талбайн стандартын талаар "Хүүхэд хөлбөмбөгийн талбай дээр тоглох үедээ унавал бэртэх магадлал их. Хатуу бетон дээр зориулалтын бус зүлэг дэвссэн байна. Манай холбоо олон улсад мөрдөгддөг бүх дүрэм журмыг баталж өгсөн. Гэвч тэр дүрмийг хэн ч мөрдөж хийхгүй байна. Бэрх сумын хөлбөмбөгийн талбай нь хүүхэд дарж алсан Чингэлтэйн талбай шиг стандарт бус" хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооны Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан тайлбарлав. 
"ТУХАЙН ҮЕД АЖЛЫНХАА ТӨСӨВТ ТААРУУЛААД ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ БУДГААР ХУЧИХ БАЙСАН"
зураг 
Анх зураг төсөл гаргахад ямар стандартыг баталж өгсөн, яагаад стандартын бус талбай баригдсан талаар тухайн үеийн Хэнтий аймгийн ерөнхий архитектур, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гантөгсөөс тодрууллаа.
Тэрбээр “Анх 150 сая төгрөгийн газар шорооны ажил хийж байсан. Удахгүй улсын төсвөөс хөрөнгийг нэмэгдүүлж, дахин тендер зарлаж “Си Эйч Би Жи констракшн” ХХК ажлыг гүйцэтгэсэн. Ажил хийгдэх явцын дунд манайх хяналт тавьж байсан. Тендерээр өгөгдсөн өгөгдлийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзээд ажлыг хүлээж авсан. Тендер шалгаруулалтаар ажлын тоо хэмжээг заадаг. Тэгэхээр гэрээнд заагдсаны дагуу ажлаа хийж дуусгасан гээд комисс ажлыг хүлээж авсан. Явцын дунд олон улсын стандартын дагуу болж өөрчлөгдсөн.
Тухайн үед ажлынхаа төсөвт тааруулаад хөлбөмбөгийн талбайг будгаар хучих байсан. Түүнийг гүйцэтгэгч тал санал гаргаад зүлэг болгож өөрчилсөн. Анхнаасаа зүлэг биш бетон талбай шүү дээ. Түүн дээр спортын зориулалттай будаг гэж бий.
Тэгээд ямар ч л байсан хиймэл зүлэг байх ёстой гэж үзсэн. Хяналтын төсөв нь 1.5 тэрбумаар гарсан санагдаж байна. Анх өгөгдлөө ч олон улсын стандартын дагуу өгөөгүй байх. Өгөгдлийг худалдан авах үйл ажиллагааны газраас өгдөг. Орон нутгийн өмчийн газар худалдан авах үйл ажиллагаа зарладаг. Тендер зарлагдаад компани шалгараад орон нутгийн өмчийн газар материалаа явуулдаг. Олон улсын стандарттай болъё гээд хөрөнгө нэмэгдүүлсэн. Үүнийг сургуульд хүлээлгэж өгөөгүй.
Бас нэг асуудал үүссэн. Бэрх тосгон үерийн усны төвлөрөл дунд байдаг. Хөлбөмбөгийн талбай дээр хоёр удаа гэнэт үеэр буусан. Тиймээс дахин ажил хийгдсэн" гэв.
Б.Гантөгсийн ярьснаар ямар стандарт баталж өгсөн талаар Орон нутгийн өмчийн газраас тодруулахаар Засаг даргын тамгын газрын гурван давхарт очив. Орон нутгийн өмчийн газраас асуухад "Хамгийн анхны хяналтыг Б.Гантөгс хийсэн. Шуудхан хэлэхэд өөрөөсөө бултуулсан байна. Зураг макет гэх мэтийг Б.Гантөгс баталж байсан. Тухайн барилга яг стандартын байна уу гэдгийг шийддэг, аймгийн ерөнхий архитектураар ажиллаж байсан. Манайх бол юм өөрчлөх эрхгүй байгууллага юм. Чамд нарийн юмыг хэлж өгөх ёстой хүн бол Б.Гантөгс шүү" хэмээн хариулав. 
Тэгэхээр өөрийгөө зөвхөн хяналт тавих эрхтэй гэж хэлсэн Б.Гантөгс мэргэжилтэн хөлбөмбөгийн талбайн стандартыг баталж өгсөн гэж ойлгохоор байна. Бэрх хот руу явахын өмнө Б.Гантөгстэй эргэн холбогдож, ямар стандарт баталж өгсөн бэ хэмээн асуухад "Би дөрвөн цагийн үед архиваас материалаа хараад илүү тодорхой хэлж өгье" хэмээн ярилаа. 
Түүнийг мэдээллээ шалгах зуур нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахаар Бэрх хотын захирагчтай уулзахаар явав. 
"ЧАНАРЫН ХУВЬД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧВОЛ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮМЖЛЭХЭЭР ЗҮЙЛ ЗӨНДӨӨ БАЙНА"
зураг 
Бэрх хотын захирагч бөгөөд Засаг дарга Ч.Энхжавхлан "2022 онд олон улсын стандарттай Кембрижийн хөтөлбөртэй сургууль бий болсон. Хүүхдүүдэд тоглох талбайг нь бий болгож өгье гээд 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлууд хийгдсэн. Хөлбөмбөгийн талбайн стандартын тал дээр асуудал яригдаж байгаа гэсэн. Ажил гүйцэтгэсэн компани бол тэр үед цар тахалтай холбоотой материалын зардал нэмэгдсэн, яг стандартын дагуу хийвэл өндөр үнэ өртөг гарахаар байсан учраас зураг төсөл дээр тавигдсан стандартын дагуу гэх зүйлийг ярьсан.
Чанарын хувьд газар дээр нь очвол гүйцэтгэлтэй холбоотой шүүмжлэхээр зүйл зөндөө байна. Хэрэв тэр стандартын бус талбай дээр хүүхэд унаж бэртвэл аюултай. Ялангуяа манай Хэнтий аймаг 2023 оныг хүүхэд хамгаалал, хөгжлийн жил хэмээн зарласан. Ийм учраас стандартын бус талбай дээр хүүхэд тоглуулж тэмцээн уралдаан зохион байгуулахад анхаарах хэрэгтэй" хэмээн тайлбарлав. 
"ЭНЭ АЖИЛ ДЭЭР АШИГ ХАРЖ ХИЙГЭЭГҮЙ. СЭТГЭЛ ГАРГАЖ ХИЙСЭН"
зураг 
Баталж өгсөн зураг
Спорт цогцолборт улсын төсвөөс нийт 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн. Албаны хүмүүсийн ярьж буйгаар гүйцэтгэгч компани баталж өгсөн стандартын дагуу ажлаа гүйцэтгэсэн хэмээн тайлбар өгдөг гэв. “Си Эйч Би Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинбаяраас хөлбөмбөгийн талбай яагаад стандартын бус тавигдсан талаар тодруулав. 
Тэрбээр "Спорт цогцолборын ажил бага төсөвтэй байсан. Ажлын зураг төсөв дээрээ хиймэл зүлэг гэж байхгүй. Хөлбөмбөгийн талбай нь будаг байсан. Манайх орон нутгийн компани учир нэр нүүрээ бодоод будаг байсныг нь зүлэг болгосон. Будаг зүлэг хоёр үнийн хувьд асар зөрүүтэй. Хөлбөмбөгийн олон улсын стандартын зүлэг дэвсэн гэвэл төсөв мөнгө нь хаана ч хүрэхгүй. Мөн газар шороо хашаа гэх мэт олон ажил байсан. Хөл бөмбөгийн талбайг тойрсон хашаа нь зураг төсөв дээрээ 1.3 метр байсныг дөрвөн метр болгож хийсэн. Энэ ажил дээр ашиг харж хийгээгүй. Сэтгэл гаргаж хийсэн. Төсөв мөнгө бага гээд шалтаг хэлж болох байсан. Миний хувьд их сэтгэл гаргаад хийсэн ажил маань гэж хардаг. Гаднаас харж байгаа хүн юу гэж хардгийг сайн мэдэхгүй" хэмээн ярилаа. 
"ТУХАЙН ҮЕД ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БАТАЛЖ ӨГӨӨГҮЙ"
зураг 
Баталж өгсөн зураг
Бэрх хотоос буцахдаа аймгийн төвөөр орж Б.Гантөгсөөс ямар стандарт баталж өгснийг асуухад "Тухайн үед олон улсын стандарт баталж өгөөгүй. Хэрэв олон улсын стандарт гэсэн бол төсөв мөнгө нь нэмэгдэх байсан" хэмээн хариулав.
Энэ бүхнээс ажиглахад анхнаасаа хөлбөмбөгийн талбайн стандартын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ажил эхлүүлсэнтэй холбоотой юм. Анхны зураг төсөл дээрээ хөл бөмбөгийн талбайн зүлэг гэж заагаагүй. 100 гаруй метр хөлбөмбөгийн талбайг будгаар будах гэж байсныг эх сурвалжууд ярьж байлаа.
Мөн Бэрх хотын иргэн "Хөлбөмбөгийн талбай байгаа энэ газарт үер орж ирдэг. Өмнө нь хэд хэдэн удаа борооны ус үерлэсэн нь ажилд нэлээд саад болж байсан. Бэрхийн шинэ сургууль баригдахаас өмнө энэ газарт намаг байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг. Үерлэж магадгүй гээд жижигхэн далан босгосон. Гэхдээ түүнийг даваад л ороод ирнэ. Сагсан бөмбөгийн талбай цуурч байгаа нь намаг байсантай холбоотой байж магадгүй" хэмээн ярив.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.2-т төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангана хэмээн заасан байдаг.
Бэрхийн талбай гэлтгүй стандартын бус талбайд хүүхдүүд тоглох үедээ унаж бэртэх магадлал бий. Одоохондоо стандартын бус талбай дээрээ тэмцээн уралдаан зохион байгуулаагүй ч цаашид ямар нэгэн зүйл зохиох нь ойлгомжтой. Хатуу бетон шиг талбай дээр унах, ил гарсан хадаасанд биеэ урвал эцсийн дүндээ хүүхэд л хохироод үлдэнэ.
Иргэд харахад гоё сайхан зүйл хийх биш. Олон улсын стандартын дагуу гэх үгийг гэрээн дээрээ оруулсан бол яг хийх ёстой. Олон улсад ямар стандарт байгаа, ямар материал орох гэх мэт бүх зүйлийг төрийн байгууллага тооцож үзэж хэрэгтэй. 
Төсөв мөнгө нь хүрэлцээгүй, материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаан тоочоод чанаргүй, үер буудаг газарт бүтээн байгуулалт заавал хийх ёстой гэсэн үг биш. Бүтээн байгуулалт хийж байгаа бол мэргэжлийн баг олон улсын стандартын дагуу хүүхдийн эрүүл аюулгүй байдалд халдахгүй зүйлийг хийх нь зөв юм. 

https://ikon.mn/n/2suh
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ