Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголд тулгарч буй сорилтууд ба боломжууд


Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд стратегийн хувьд чухал байрлалд оршдог орон юм. Арвин баялаг нөөцтэй, өргөн уудам газар нутагтай, 1991 оноос хойш ардчилал хөгжиж буй Монгол Улс нь “COVID-19” цар тахлын дараа дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил олон сорилттой тулгарч байна. Тус улс нь дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин дахь Оросын түрэмгийллээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл зэрэг гаднаас ирж буй нөлөөллөөс гадна, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд тэгш бус байдал, засаглал зэрэг дотооддоо тулгамдаж буй олон асуудлыг даван туулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан, Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд хатагтай Х.Булгантуяа, Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Дэниел Кавчински, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн (MIASU) судлаач доктор Элизабет Фокс нартай хийсэн Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-ийн профессор Керри Брауны энэхүү ярилцлагад Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудын талаар онцлон ярилцжээ.
“Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон урьдчилан тооцож болшгүй үйл явдлын далайц, давтамж нэмэгдсэн нь бидний өмнө тулгарч буй сорилтуудыг улам нэмэгдүүлж байгаагаас гадна, геополитикийн нөхцөл байдал манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна" гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” шинэ бодлогын талаар ярихдаа, 2050 он гэхэд Монгол улсыг Азийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор худалдаа, цахимжуулалт, эрчим хүч, эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн олон чиглэлээр тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг зорьж байгаагаа хэлэв.
Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах нь “Алсын хараа-2050” бодлогын нэг чухал хэсэг юм. “Эрдэс баялгийн экспортын 90 гаруй хувь нь хэдхэн хилийн боомтоор дамжин экспортлогдож байгаа тул бид автозамын, төмөр замын болон агаарын хилийн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. 2030 он гэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж нийт экспортын хэмжээг 20 тэрбум ам.доллар болгохыг зорьж байна” гэж хатагтай Х.Булгантуяа онцоллоо.
Хөрш Хятад улсын тухайд өмнө нь тээврийн дэд бүтэц сул байснаас хүндрэл бэрхшээл үүсэж байсан тус улстай Монголын Засгийн газар түүхий эдийн худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хөрш орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа талаараа дурдлаа. “Хоёр улсын стратегийн түншлэл нь Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангана” гэж Боомтын асуудал эрхэлсэн сайд хэлэв.
Бид эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд тээвэр, дэд бүтцийн боломжуудыг улам сайн ашиглан эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Энэхүү ярилцлагын үеэр Лондон дахь “Эзэн хааны коллеж”, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвөөс (MIASU) хамтран гаргасан Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтууд, хэтийн төлөвийг тодорхойлсон тайланг танилцуулсан байна. Уг тайлан нь Монголын талаар Их Британи, Европ төдийгүй бусад бүс нутгийн улс орнуудад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажээ.
Доктор Фокс Монгол Улс нь бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг, ардчилсан улсын статустай, 3.4 сая хүн амтай хэмээн яриад, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, агаарын бохирдол, авлига зэрэг асуудлууд нь нэмэлт сорилтууд болж байна гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан авлигын талаар ярихдаа, “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 110 дугаарт эрэмбэлэгдсэн, энэ тоог хоёр оронтой тоонд маш хурдан оруулах хэрэгтэй. Энэ бол манай Засгийн газрын зорилт” хэмээн тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс нь Их Британитай хийж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг дахин нотлоод "Манай засгийн газар хоёр орны ашиг сонирхол, үнэт зүйлд нийцүүлэн Их Британитай харилцаагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байгаа. Тиймээс манай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөжин тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.
“Монголчууд биднийг гурав дахь хөрш хэмээн нэрлэж байгаад бид их бахархаж байна. Зөв түншлэлээр Монгол Улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Даниел Кавчински хэллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ