Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийн дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхийажлын баг байгуулсан. Тус ажлын багт дэд сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчид багтсан юм. Архангай аймагт Засаг даргын орлогч В.Мөнхбатаар ахлуулсан төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн дэд ажлын багийг байгуулж, төлөвлөгөөний санал нэгтгэх хуралдааныг зохион байгууллаа. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 419 дүгээр тогтоолоор аймаг бүр өөрийн хүн амын 10 хувьтай тэнцэх иргэдийг Улаанбаатар хотоос татан авахыг үүрэг болгосон.
Тус шийдвэрийн дагуу Архангай аймаг 2023-2024 онд 9600 хүнийг Улаанбаатар хотоос татан авахаар ажиллаж байна. Шилжин суурьших иргэдийг ажлын байр, нийгмийн баталгаагаар хангах, өрсөлдөхүйц цалин хангамж амлах, сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууц, өрхийн хэрэглээний газар олгох, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэр бий болгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгаа тэлэх зэрэг томоохон асуудлын хүрээнд ажлын багийн гишүүд саналаа илэрхийллээ. Улс, аймгаас дэвшүүлсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах, түүнд нийцүүлж,иргэдийг татан авах талаар ажлын багийн гишүүд дөрвөн бүлэгт хуваагдан ажиллаж байна.